Z-MAN Улс төрийн хураангуй…
Баабар Д.Амарбаясгаланг хамтрал байгуулж, Н. Учралыг хувийн хэвшлийн хөрөнгө хурааж байна гэж шүүмжилж. Чилийн жишээн дээр хэлсэн байна. Баабарын хэлж байгаа ортой ч. Үндэстэй ч. Наяад оны залуу дарга нарыг үүнийг бодох л учиртай. Ойлгон эерүүлэх ч ёстой юм. Түүхэнд нэрээ үлдээх удирдагчид байя гэвэл зөв дээр л тулгуурлах нь ононо л доо. Д. Амарбаясгалан адарсан харагдана, Баабартанууд мөнгөөр итгэл үнэмшлээ худалддаг л гэж. Баабар түүнээс ямар мөнгөөр юунд худалдагдсанаа асуух хэрэгтэй болжээ.
Баабар харин эдүгээ нас дал шүргээд их аядуу болж. Ц.Нямдорж, Ц. Шаравдоржгүй улалзтал бичээд, шүүх дээр уулзана гэж болзоод байдагсан. Их ажин түжин байх болж дээ. За энэ ч, яамай. Твиттерээр үг хаялцах ч нэг хэрэг. Харин Д.Амарбаясгалан, Баабар нарт нэг шинэ мундраа удахгүй үүснэ дээ. Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Нийгмээр нэг сэвэгдээд л байна. Үндсэн хууль өөрчлөх замаар Ерөнхийлөгчийн зургаан жилээр нэг удаа сонгогддог заалтыг өөрчилж, дахин сонгогдохыг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч санаархаж байна нь гэсэн агуулга яваад удаагүй байна. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын зөрчил үүгээр бас лавсхийж байгаа нь харагдаж байна. Гэхдээ энэ дундаа байсхийгээд л Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагыг “гөвөх” юм. Дээд шүүхийн мэдэлд оруулах ч аятай юм бичүүлээд л, улс төрдөө бичиглээд л.
Энэ байгууллага жинхэнэ нотдоо нохойд барьдаг мод гэгч болоод удлаа. Дарга нар хүссэн үедээ өөрчилдөг Цэц болсон. Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтүүд У. Хүрэлсүх, Л. Оюун-Эрдэнэ нарын улс төрийн өндөрлөгт баттай тухлах ул суурь болсныг ард түмэн нэн тод мэдэж байгаа. Хамгийн сүүлд Л. Оюун-Эрдэнэ давхар дээл буюу УИХ-ын гишүүн Засгийн гишүүн мөн хавсран байх агуулгыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хийж, өөрийнхөө Ерөнхий сайд байх хугацааг уртасган хуягласан нь асар тодорхой билээ. Эрх мэдлийн орой Ерөнхий сайдын мэдэлд мөн л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр очсон, очуулж хэрэгжүүлсэн. Зургаан жилээр нэг сонгох эрх мэдлийн уяа ч У. Хүрэлсүхэд анхлан ээлжиж, эдүгээ энэ хүн сонгогдоод дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Хуучин цагсан бол өдгөө ирэх хавар Ерөнхийлөгчийн сонгуультай гээд бужигнаж байдаг манай улс төр, өнөөдөр харин, хорин долоон онд болох дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн товтой. Гэхдээ үүнийг хууль өөрчлөх замаар будлиулж дахин сонгогдохоор төлөвлөсөн гэх нь дээд эрх мэдлийн төлөөх зүүн аймгийн дарга нарын нүүр царайг бэлхнээ илчлэн тольдуулах ажгуу. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг л гэдэг. Үнэндээ Үндсэн хуулийн дээр ард түмэн бий. Зарчим бий. Ёс суртахуун, хөдөлбөргүй үнэн дээд үзэл санаа байх ёстой юм. Үндсэн хуулд өөрчлөлт оруулах Журмын тухай хууль байх ёстой юм. Гэвч энэ бүхэн хэдхэн дарга нарын эрх ашиг болж, хүссэн үедээ сэндийлэх цайз болж байгааг ард түмэн гүн ухамсарлах ёстой. Үндсэн хууль бэх бат үгүй аваас ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг үгүй болно. Баабар одоо энэ бүхнийг сануулан бичээсэй. Тунхаглаасай. Баабар шүү дээ. Баабартан гэж адлуулах эрхгүй соён гийгүүлэгч юм шүү дээ. Д. Амарбаясгалан энэ талаар Баабартай хамжаасай. Нэг заримдаа гуравтай нэгдэж хамелеон мэт байснаас үнэт зүйлийн төлөө зогсч үз л дээ. Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал , бэх батын төлөө Баабарт төл л дөө. Хэнээс ч авахгүй болтол УИХ-аас төл л дөө. Энэ чинь эх орны , Монголын язгуур эрх ашиг мөн биз дээ. Цэцийн дарга Гунгаагийн Баясгалан өөрийгөө хянах чадвартай байх ёстой. Цэцийн дарга бол тасарч унаталаа архи уухгүй, тэр нь олон нийтэд ил болчихоод байхад дараагийн эрх ашгийн төлөө хүчээр хөл дээр нь тэнцүүлдэг баймааргүй байгаа юм. Тэрнийхээ хариуд халдашгүй байгууллагыг хэн нэгэнд үйлчилж, тайлан тавьдаг болгомооргүй байгаа юм. Цэцийнхээ мөн чанар, дархлааны тусын тулд хэнд ч “тайлагнагдахааргүй” байх ёстой. Дарга болохдоо л тайлангаа авсан, үүргээ авсан гэж ойлгогдож хэзээ ч болохгүй юм.