УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон, анхан шатын шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 20 сая төгрөгөөр торгуулах шийдвэр гараад байгаа билээ. Дээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байгаа учраас одоогийн байдлаар УИХ-ын тамгын газар, Төрийн байгуулалтын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороо дараагийн асуудлыг ярих боломжгүй хүлээж байна гэгдэж байгаа бол шүүхээс шийдвэр гарсан бол хүчин төгөлдөр болох ёстой гэсэн тайлбарыг хуульчид хэлж байгаа. УИХ-ын гишүүн хүн ийм асуудалд орсон тохиолдол өмнө нь гарч байгаагүй бөгөөд шинэ кэйс гэгдэж байгаа юм. Тэгвэл бас үүнтэй адил нэгэн асуудал гарчээ. Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаар өнгөрсөн аравдугаар сард томилогдсон Л.Насанбуян мөн шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ гурван жилээр хасуулж, мөнгөн торгууль хүлээсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхлэв.
Тэрбээр төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж буруутгагдан 2018 оноос эхлэх шалгагдаж байжээ. Шүүх хурал нь арав гаруй удаа хойшлогдсны эцэст түүний буруутайг нотолж, шүүхийн шийдвэр гарсан талаар хэвлэлд мэдээлжээ. Ингэснээр ИТХ-ын даргаа ажлаа хүлээлгэн өгч, шинэ даргын асуудал яригдах болж байгаа юм.
Л.Насанбуян нь Цогт сумын Рашаант багийн Засаг дарга, 2012-2016 онд Цогт сумын ИТХ-ын дарга, 2016-2020 онд Цогт сумын Засаг дарга, 2020-2021 онд аймгийн ХХААГ-ын дарга, 2021 оноос Цогт сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байжээ.
Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараа аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад түүний нэрийг оруулж, санал хураалт явуулснаар төлөөлөгчдийн олонх нь буюу 64.2 хувиар аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон байдаг.
Шүүх дээр асуудал нь явж байсан хүмүүс төрийн өндөр албан тушаалд сонгогдож, томилогдож байгаа нь ийм гажуудлыг үүсгэж байгаа нь харамсалтай.