Бидний амьдралын эргэн тойронд ТЭГШ байдлыг бууруулдаг олон хүчин зүйл байдаг. Эдгээрээс хамгийн их нөлөөтэй нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шинж төрх, ялгаа, гүйцэтгэх үүргийн тухай нийгэмд тогтсон “бичигдээгүй стандарт” юм.
Тухайлбал, эмэгтэй хүн “хүүхэд төрүүлнэ” гэдэг нь хүйсийн буюу биологийн өгөгдөл, харин хүүхдээ төрүүлсэн учраас “хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх, гэрээ цэвэрлэх, гэртээ суух үүргийг дангаараа хариуцах ёстой” гэдэг нь нийгмээс хүлээлгэж байгаа зохиомол хариуцлага буюу жендэрийн хэвшмэл ойлголт юм.
Эмэгтэйчүүдийн хувьд:
-Хүүхдээ асарч, гэрээ цэвэрлэх нь зөвхөн эмэгтэй хүний ажил;
-Цэвэрч нямбай, эмх цэгцтэй байх ёстой
-Төлөв даруу, эелдэг, хүлцэнгүй байх ёстой
-Оёх урлах үйл, цаашлаад үйлчилгээний салбар эмэгтэйчүүдэд хамаатай гэх мэт…
Эрэгтэйчүүдийн хувьд:
-Хүчтэй, зоригтой байх ёстой
-Эр хүн уйлдаггүй, мэдрэмжээ нуух ёстой
-Мөнгө олж, гэр бүлээ тэжээх, ар гэрээ авч явах ёстой
-Инженер, техник, технологийн мэргэжил зөвхөн эрэгтэйчүүдэд хамаатай гэх зэргээр илэрдэг байна.
Эдгээр жендэрийн хэвшмэл ойлголт нь урт хугацаандаа нийгмийн шинжтэй олон асуудлын суурь шалтгаан болж байгаа юм. Тодруулбал, Эмэгтэйчүүдийг зөвхөн ахуйн хөдөлмөрийн хүрээнд авч үздэг ажил, үүргийн хуваарь нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хумьж байна.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байснаар хүүхэд, эмэгтэйчүүдийн шинжтэй асуудлууд шийдвэрлэгдэхгүй байна.
Одоогийн парламентийн 17 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Эмэгтэй гишүүд хурлын ирц, хууль, тогтоол санаачилсан байдал, хэдэн ажлын хэсэгт орж ажилласан, ажлаа хэр зэрэг сайн хийдэг зэргээр харьцуулан харвал ажлынхаа гүйцэтгэлийн тоогоор эрэгтэй гишүүдээс хамаагүй илүү байдаг байна. Хүсвэл та холбоосоор орж ажлын ирц, тайлантай танилцаарай.
Дэлхийн банкны олон улсын судалгаанаас харахад парламент дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх тусам авилгын түвшин буурч байгаа ерөнхий дүр зураг ажиглагддаг. Мөн зан үйлийн олон судалгаа эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү итгэл даах чадвартай, шударга бөгөөд олон нийтийн сайн сайхны төлөө гэх хандлагатай байдаг гэж тайлбарладаг.
Эмэгтэйчүүдэд тулгарч байгаа нийтлэг асуудлыг эмэгтэй хүний нүдээр харж шийдэхэд эмэгтэйчүүдийн төлөөлөл зайлшгүй байх ёстой гэдэг үндсэн суурь жендерийн үзэл бий. Үүний тод илрэл нь парламентэд ч ажиглагдаж буй юм. 2023 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эмэгтэй гишүүдийн бүлэг санаачлан батлуулсан. Тус хуульд хэд, хэдэн чухал заалтууд багтсан юм. Жишээлбэл, Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хууль тогтоомжийн хэрэгжилт анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ, Салбар бүр хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх төсвийг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлнэ гэх мэтээр үр дүнтэй заалтууд олон багтжээ.
Олон улсад хийгдсэн хэд хэдэн судалгаагаар эмэгтэй улстөрчид гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тулгамдсан асуудлуудад эрэгтэй улс төрчдөөс илүү ач холбогдол өгдөг нь батлагдсан байна. Жишээлбэл, судлаач Томас АНУ-ын мужуудын хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдгээрийн баталж буй хуулиудын чиглэл хоорондын хамаарлыг судалж үзсэн байна. Олон эмэгтэй гишүүдтэй хууль тогтоогч байгууллагууд нь эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудалтай холбогдох хуулиудыг батлах өндөр магадлалтай байдгийг тогтоожээ.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байх нь хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал шийдэгдэхгүй орхигдох суурь шалтгаан болох магадлалтай юм. Одоогийн парламентийн 17 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буй хэдий ч нийгмийн шинжтэй суурь асуудлыг шийдвэрлэх санаачилга, хуулийн төсөл нь эрэгтэйчүүдийн дэмжлэг дутмагаас унаж байгаа юм. Үүний тод илрэл нь Үдийн хоолны төсөв юм. Хүүхэдтэй хүн бүрийн эмзэглэдэг зүйл бол сургуулийн орчинд идэж буй үдийн хоол юм. 2021 онд эмэгтэй гишүүдийн санаачилгаар хүүхдийн үдийн хоолны төсвийг 900-аас 1500 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн үргэлжлүүлэн П.Анужин гишүүнээс эхлэн нэр бүхий гишүүд 3000 төгрөг болгох санал, санаачилгыг удаа дараа гаргасан боловч хангалттай дэмжлэг аваагүй юм.
Энэ мэт эмэгтэй гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх хууль, тогтоомж санаачилдаг хэдий ч парламентийн 83%-ийг бүрдүүлдэг эрчүүдийн дэмжлэггүйгээс унадаг нь бодит үнэн юм. Тиймээс парламентэд эмэгтэй гишүүдийг тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.