Z-MAN Улс төрийн хураангуй…
Шилэн хэмээх Цогоо Соёлын сайд Чинбатын Номингийн бусармаг үйл ажиллагаануудын тухай нэн дэлгэрэнгүй нийгэмд шидсээр. Өөрийн эзэмшил зочид буудал руугаа төрөөс өчнөөн төчнөөн мөнгө шилжүүлж, эрх мэдэлдээ дулдуйдсан зөрчлүүд нь нийгэмд хэлэлцэгдэн шүүмжлэгдэж байна. Харин Ч.Номин гэлмэггүй алсхаар шив дээ. Ер нь, энэ эмэгтэйг дагасан таагүй тайлбарууд олон болж. Эцэг нь л гэхэд машинаараа хүн хөөж дайрах гээд бишгүй хэл ам таталж байсан. Анх сайд болоод тангаргаа өргөхдөө л эмхгүй сууж, хэвгүй болохоо илэрхийлж байв. Сайд болохоор дэвшигсэд Ерөнхийлөгчид бараалхахад, Х.Баттулга Ч.Номинд илтэд саймшран “Аав ээждээ мэнд хүргээрэй” хэмээж байснаас эхлээд л энэ бүсгүй МАН-ын дарга, тавдугаар Ерөнхийлөгч хоёрын дунд “өргөгдөн” улс төрд бяр хүчээ гайхуулсаар ирэв. Дэмжигдэж чаддаг юм байж, өргөгдөж татуулдаг юм байж, тэр хэрээрээ, хамгийн гол нь зөв байх ёстой юм. Гэвч Ч. Номинд энэ эрхэмлэл алга. Сонгинохайрханаас ганц эмэгтэй нэр дэвшмээр байна гэж захиалгаа өгч, мөнгөө төлснөөр хүслээ гүйцээсэн гэх.
Шилэн дансны гүйлгээнээс зөвхөн гадаад явах тийзэд зарцуулсан мөнгө хэдэн зуун сая төгрөг. Гацуурт компаниас биш татвар төлөгчдийн халааснаас тэр мөнгө гарч байгаа учраас дургүйцэн бичиж байгаа юм. Юманд чинь хэм хэмжээ, хязгаар зах гэж юм байдаг даа. Хариуцсан салбарын нь доторх бүтэц болох Кино урлагийг дэмжих сангийн ёс зүй унасан, үйл ажиллагааны нь мэргэжлийн бусыг Монголын ард түмэн саяхан хангалттай хэлэлцсэнийг нийтээрээ мэдэж байгаа. Эдгээр жишээ байдлаас л үзэхэд Соёлын сайд хатагтай Ч. Номинд онцгой даруулга хэрэгтэй болсон нь илт. Ч. Номин эл байдлаараа Л. Оюун-Эрдэнэ нарын дарга нарынхаа итгэл хайр руу өшиглөж байна гэж үзэх бүрэн үндэстэй юм.
Өр рүү өшиглөнө гэснээс Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатар бас өр рүүгээ өшиглүүлээд байгаа харагдах. Нара М. Нарантуяа хэмээх бүсгүй яах аргагүй л Б.Батбаатарын толгойлсон намын өнгөөр, түүний гишүүний хувиар, мөн намаас дэвшүүлсэний ачаар гишүүн болоотох шиг болсон. Өдгөө энэ эмэгтэй, ишиг эврээ ургахаар эхээ мөргөхийн үлгэрийг үзүүлж Б.Батбаатарыгаа мөргөж байгааг олон нийт таатай хүлээж авахгүй байгаа нь хэнд боловч тодорхой. Иргэний зориг, ногоон нам гэдэг сонгогчдын 5 хувийн саналыг авсаар ирсэн намын нэрээр малгайгаа чимээд, энэ малгайн дороос төрийн эрх барих дээд байгууллагад гишүүн болсны хувиар харин ч жудагтай байж хууль тогтоох үүргээ гүйцэтгэмээр. Гэвч орж ирсэн цагаасаа л хэл ам татлаастай. Зөгийчнөөс УИХ-ын гишүүн болсон энэ эмэгтэйн байр суурь, сонголтыг нягталбал сонин сонин зүйлс ажиглагдана. Хүний гэр бүлийг шүүж үл болно. Гэхдээ хадам ээж нь өөрөөс нь дүү байх бэрүүд тийм ч олон биш биз. М. Нарантуяа гишүүний зөвлөх нь УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Ш. Адьшаагийн зөвлөх хийж байсан Б.Үржинханд, туслах нь мөн УИХ-ын гишүүн асан, МАН-ын гишүүн өдгөө “их айлд” буй Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан Э. Ариунзаяа. Өөрөө ИЗНН-аас орж ирсэн. Үзэл баримтлал, баруун зүүн чигийн үзэл баримтлал хамаарахгүй сонин юм аа гэх хүмүүс олон байна. Ийм нэг зохисгүй үйлдэл бүхий гишүүд Л. Оюун-Эрдэнэ, Б.Батбаатар нарын намын дарга нартаа, цаашлаад улс төр, нийгмийн амьдралд сайн үлгэр үзүүлэхгүй байгаа нь харамсалтай.
Гэхдээ энд хүйсийн асуудал ер хамаагүй, хувь хүний төлөвшил, хэм хэмжээ явж байгаа гэдгийг анхааруулья. Бас өөр нэг гишүүн байна. МАН-ын БЭТ хэмээгдэх Хяналтын сайд Э. Одбаяр гэж хүн байх. Хяналт гэдэг бол зүй зохисын хэм хэмжээ байх ёстой болов уу. Энэ гэтэл мөн л төсөв үрэн олон олон хүн дагуулаад, орон нутгийн сонгуулийн өмнөтэй Вьетнамаар явж ирсэнээ буруутгал эрэх хэрэггүй гэх ухааны байдлаар ярьж зогсоно билээ. Туршлага судалж яваа энэ хүн зөвхөн аялал жуулчлалын зорилгоор байгуулсан Фукуок арал дээр ямар ч ажлаа судалж явахав дээ. Ерөөсөө ингээд л, сайдууд, гишүүд нийгмийнхээ үнэлэмжийг нулимаад байхаар хэн төрөө хүндэтгэх болж байна. УИХ-ын гишүүн, сайд Ч. Номин, М.Нарантуяа, Э.Одбаяр нар учиртайхан л баймаар байна даа.