Z-MAN Улс төрийн хураангуй…
УИХ-д анх удаа нэр дэвшигчдийн хүйсийн төлөөлөл хамгийн ойр ирсэн сонгууль өнгөрсөн сонгууль байлаа. Нэр дэвшигчдийн 38,8 хувь нь эмэгтэйчүүд байж, гишүүдийн 25,4 хувь нь эмэгтэйчүүд сонгогдсноор олон улсад олон үзүүлэлт индексээрээ бид урагшилсан. Гэхдээ энэ бол санамсаргүй биш, тал талаасаа хичээн зүтгэж, хууль эрх зүйн орчноо өөрчилж бэлдсэний үр дүн байсан юм.
Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулиудад эдгээр субъектүүд хүчин зүтгэж байж, нөлөөлөн тохинуулж байж, жагсаалтад сөөлжих, нэр дэвшигчдийн гуч, 2028 оноос 40-ээс дээш хувьд хүйсийн харьцааг барих ололтыг бий болгосон юм. Байлдаж олсон эх орон гэдэг шиг.
Гэвч хуулиар зохицуулаагүй тохиолдолд манай энэ улстөрч, намын гишүүдэд сайнаа залгамжлуулаад аваад явах чадвар байхгүй гэдэг нь өнгөрөгч өдрүүдэд намууд Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлсэн байдлаас харагдаж байна. Энэ ололтоор УИХ-д орж ирсэн гишүүд ч, дарга нар нь ч Засгийн хамтрал нэрийн дор иргэдийн амьдралд хамгийн чухал нөлөөлөлтэй орон нутгийн засаг захиргааг байгуулах сонгуульд буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүйн үлгэрээр хандаж байгаа нь зарчимгүй, ёс зүйгүй, хамгийн гол нь итгэл үнэмшлийн гялбаа үзүүлэхгүй байгаа нь үлэмж харамсалтай. Намуудын нийслэлийн удирдлагууд хууль дахь хүйсийн квотын босго 20 хувьд хүргэх төдий “үлгүүлж” байгаа нь ичмээр. Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа эрх баригч хоёр том намын нэр дэвшигчдийг үзвээс, ерөөс нэр хүнд нь унасан, өнөөх л, байдаг л нэг хүмүүсээ нэрлэжээ. Улаанбаатарын утаа униар, түгжрэл гацаа, агаар хөрсний бохирдол гээд хэдэн аравнаар яригдсан зүйлтэйгээ хамт “үжирсэн” хүмүүсээ л дэвшүүлж. Маш тоогүй харагдаж байгааг яалтай вэ. Харин тэдэн дунд ХҮН манлайлал харуулж байна. Бэхэн ягаан өнгөт энэ намынхан нэр дэвшигчдийнхээ бараг талд нь эмэгтэйчүүд, ерөөс хүйс тэнцүүлэн дэвшүүлж. Нийслэлийн намын дарга Э. Золзаяа гэдэг эмэгтэйгээр орон нутгийн сонгуульд манлайлан оруулахаар төлөвлөжээ. Салбартаа про гэгдэх тэр эмэгтэй “Нийслэлд бид засаглаж чадна” хэмээн мэдэгдэж байгаа өнгө төрх ч өрнүүн болоод дэмжилтэй байна. Ингэх ёстой юм. Эхийн сэтгэл гэж уянгаллаа хэмээн шүүмжилцгээдэг. Үнэндээ Улаанбаатарт эхийн сэтгэл байтугай эцгийн сэтгэл ч үгүй явж ирсний улмаас өнөөдрийн түгжрэлт хотыг “бүтээсэн”. Э. Золзаяа нарыг ийм учраас дэмжээсэй. Иргэний зориг, ногоон нам мөн мэдрэмжтэй хандан, нийслэлийн намын даргаараа М.Амартунгалаг гэдэг эмэгтэйг сонгож, энэ хүн сонгуулийг удирдах болсон нь жендэр, хүйсийн тэгш харьцааг үнэлэгч нийгмийн дэвшилд өнгө болж байна. Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатар үүн дээр мөн мэдрэмжтэй ханджээ. Засагт хамтарсныг зарчмын байр сууриараа хаагаад өрсөлдөх ёстой. Монголын зүрх Улаанбаатар. Энэ “зүрхийг” эмчилж, илааршуулж, орчин үеийн сонгодог хот болгож байж бид иргэний аз жаргал, стандарт амьдрал ярих учиртай. Орон нутгийн сонгуулийг хамтарсан Засгийн өнгө дор том намуудын дарга нар ордон хавиар тэгсхийгээд өнгөрөөнө гэж бодож байвал гутамшиг. Орон нутгийн сонгууль бол иргэддээ хамгийн ойр шийдвэрийг гаргадаг хамгийн чухал сонгууль. Иргэдийнхээ өдөр тутмын амьдралд бодлого шийдвэр нь ирдэг энэ чухал албанд мэргэшсэн сайн хүмүүсээ дэвшүүлээгүй бол яахав намууд л суудлаа алдана. Иргэд бол өөрсдийнх нь эрүүл, амар тайван, стрессгүй амьдралын төлөө ээж шиг сэтгэлээр хандаж чадах хүмүүстээ л саналаа өгчихнө л дөө. Мэдрэмжтэй нэр дэвшүүлсэн нам ялалт байгуулна, чадаагүй нь хоосон үлдэх л болно.
Z MAN