Намрын хичээл сургууль, ажил амьдрал өрнөсөн энэ өдрүүдэд хэдэн жилийн өмнөх бүр жилийн өмнө гардаг байсан цагаасаа ч эртлэн гараад хэдэн цагаар гацаанд зогсч байгаа хүмүүс элдвийг л эргэцүүлж байгаа болов уу. Үнэндээ бол төлөвлөгөөгүй хотын золионд, төлөвлөх боломжгүй амьдарч байгаагаа л илүүтэй ойлгосон байх гэж санаж байна.
Өнөөдөр Улаанбаатарын замын түгжрэлд өдрийн 2 цагаа өнгөрүүлж байвал бага хугацааг замын түгжрэлд зарцуулж байгаадаа л орох байх. Очихдоо хоёр цаг, харихдаа хоёр цаг. Хэдэн цагт нь ажиллаж, хэр хугацаанд нь гэр бүлтэйгээ байж, ямар хугацаанд амсхийх вэ. Ийм нөхцөлд бид яаж ажлаа төлөвлөж, өндөр бүтээмжтэй ажиллаж, амьдрах юм бэ!!!
Унтаад сэрэхэд л өөр болчихсон байдаг нийтийн тээвэртэй, тийм шийдвэр гаргаж суудаг нийслэлийн удирдлагуудтай. Идэр есийн хүйтэн ид байхад буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өглөө нийслэл даяараа яалаа даа. Нийтийн тээврийн чиглэл гэнэт өөрчлөгдөж, олон хүн ажил албанаасаа хоцорч, олон ч хүүхэд хөгшид даарч хөрсөн. Богино эргэлтийн 40 чиглэл гэж нэрлэсэн энэ өөрчлөлт иргэдийг бухимдуулж байлаа. Цагаа олоогүй, бас төлөвлөлт, тооцоололгүй энэ шийдвэрээ нийслэл туршилт байсан гээд цуцалж байв. Гол нь хүмүүстээ мэдээлж, танилцуулаагүй гэнэт шийдсэнд хүмүүс бухимдсан. Бас нэг гэнэтийн шийдвэр нь замын хөдөлгөөнд оролцох авто машиныг тэгш сондгойгоор явуулахаар болсон. Одоо хар. Яг ид ажлын үед замаа хааж засдаг нь бүр уламжлал болчихлоо. Энэ мэтчилэн нийслэлийн удирдлагуудын гэнэт гаргадаг шийдвэрүүд иргэдийн амьдралд яаж нөлөөлөхийг тэд тооцож чадахгүй.
Өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам 1.7 сая болчихож. Өрх бүр машинтай, зарим нь бүр хоёр түүнээс ч олон машинтай болсон. Бүр цаашилбал Улаанбаатарт бүртгэлтэй 698000 авто тээврийн хэрэгсэл байна. Үүний 650000 орчим нь өдөр тутамдаа замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа байдаг юм байна. Замын түгжрэлээ зохицуулж чадахгүй болохоороо машины дугаар олгохгүй байх шийдвэр гаргасан. Бас орон нутгийн дугаартай машиныг Улаанбаатарт татвартайгаар замын хөдөлгөөнд оролцуулахаар болов. Энэ бол түгжрэлийн эсрэг богино хугацааны шийдэл байж болох юм. Гэхдээ монгол улсын иргэн хувийн өмчтэй болж, өөрийн өмчөө чөлөөтэй эдэлж хэрэглэчихдэг, ажлаа төлөвлөж болохуйц тийм л хотод амьдрах эрхтэй. Тийм л хотод амьдармаар байна. Нийслэлийн удирдлагууд ядаж оргил ачааллын үед зам засвар хийхдээ иргэдийг хангалттай мэдээллээр хангаж, тэгэхдээ бас төлөвлөх хугацааг нь өгөх үүрэгтэй. Өнөөдөр нь маргааш зам хаана гэдэг мэдээлэл өгөх бус, хэдэн өдрийн өмнө мэдээллээ өгчихөж баймаар байна.
Бид өдийг хүртэл нийслэлийн удирдлагуудын гаргасан ямар ч “бодлогогүй” шийдвэрийг бухамдсан ч дагасаар ирсэн. Гэхдээ одоо ийм хүлцэнгүй баймааргүй байна. Шийдвэр бүрийг дагаж, “шийтгүүлж” амьдармааргүй байна. Тэгэхээр нийслэлийн гол ажлыг төлөвлөж нугалдаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуульд хотын иргэд идэвхтэй оролцож, хариуцлагатай баймаар байна. Ингэж байж бид цаашид хотдоо одоогийн байгаагаасаа илүү дээр амьдрах боломж бүрдэнэ шүү. Төлөвлөх боломжгүй хотын иргэн танд гэж захихад сонгуульдаа оролцож, иргэдээ бодсон шийдвэр гаргах зөв хүнээ олж сонгоорой доо.
Л.Буддорж