Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан. Сүрьеэтэй тэмцэх энэ өдрийг “Дэлхий дээр жил бүр сүрьеэгээр 9 сая хүн өвддөг ба тэдний 3 сая нь эмнэлгийн тусламж авч чаддаггүй байна. Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе” гэсэн уриатайгаар тэмдэглэдэг байна.
Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар тархдаг халдварт, бүрэн эдгэрдэг өвчин юм. Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус, цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж. Харин нарны шууд тусгалд нэг цаг, ариутгалын уусмалд таван цагийн дотор устдаг байна.
Манай улсад амьсгалын замын халдварт өвчний 40 гаруй хувийг сүрьеэ эзэлж байгаа бөгөөд хүн амын нас баралтын шалтгааны зургадугаарт, тэр дотроо халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт бичигддэг. Монгол улс сүрьеэгийн тархалтаар дэлхийд 10-рт жагсаж байна. Жилд дунджаар 3000-4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж буй бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдлын 12 хувийг хүүхдийн сүрьеэгийн өвчлөл эзэлж байна. Энэ өвчний улмаас жилд 180-200 хүн нас барж, өвчлөлөөрөө улсад гуравт бичигдэж байна. Цаашлаад нийт илэрч байгаа сүрьеэ өвчний 70 орчим хувийг 15-44 насны иргэд туссан гэх судалгаа байна.
Ид хөдөлмөрийн насныхан болон эрэгтэйчүүдийн дунд сүрьеэгийн өвчлөл өндөр бүртгэгддэг. 2017-2021 онд бүртгэгдсэн сүрьеэгийн шинэ тохиолдлыг насны бүлгээр нь ангилж үзэхэд, жилд дунджаар -0-4 насанд 3.1 хувь, -5-14 насанд 7.8 хувь, -15-24 насанд 23.0 хувь, -25-34 насанд 23.8 хувь, -35-44 насанд 15.3 хувь, -45-54 насанд 13.0 хувь, -55-64 насанд 8.7 хувь, -65-дээш насанд 5.3 хувь нь бүртгэгдэж байна.
Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд ярих, амаа дарахгүй ханиах, найтаах, нус цэр, шүлсээ ил задгай хаяахад уг өвчний нян агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүмүүс энэхүү агаараар амьсгалснаар халдвар авдаг.
Уушигны сүрьеэгийн үед ямар шинж илрэх вэ?
Өвчлөлийн эхлэл ихэнх тлхиолдолд аажим явагдаж, хэдэн долоо хоног үргэлжилнэ. Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж байгаа хүнийг сүрьеэгийн сэжигтэй гэж тооцно. Дараах шинж тэмдэг илэрвэл сүрьеэгийн эмчид үзүүлэх шаардлагатай. Үүнд:
- Ханиалгана, цэр гарах, цустай цэр гарах;
- Хөлрөх;
- Халуурах, жихүүдэс хүрэх;
- Хоолонд дургүй болох турах;
- Амьсгаадах, амархан ядрах;
- Цээжээр өвдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрнэ.
Сүрьеэ өвчин нь бусдад халдвар тараах, эрхтэн систем гэмтээх, цаашлаад үхэлд ч хүргэх эрсдэлтэй юм. Сүрьеэ өвчин нь бүрэн эдгэрдэг бөгөөд сүрьеэгийн эмчилгээ нь богино хугацаанд шууд хяналттай, тасралтгүй хийгдэх ёстой юм.
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга:
- Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх хамгийн эхний үр дүнтэй арга нь БЦЖ вакцин юм. Тус вакциныг анх төрсөн, эрүүл гүйцэд нярайд 24 цагийн дотро 1 удаа тарьж дархлаажуулна.
- Өрөө тасалгааг байнга агааржуулж нар салхи оруулах, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байх нь чухал.
- Биеийн эсэргүүцлийг сайжруулж, дархлаагаа дэмжих.Үүнд: Хувь хүн өөрийн дархлаагаа сайжруулахын тулд чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, ажил амралтын дэглэм зөв тохируулж амрах, хорт зуршил хэрэглэхгүй байх юм.
Эрт илрүүлж, бүрэн эмчлэх нь сүрьеэгийн тархалтаас сэргийлэх гол арга юм.