Z-MAN Улс төрийн хураангуй…
Ерөнхий сайд шүүхийнхэнтэйгээ дахиад үзээд эхэлжээ
Хойд айлын Ерөнхийлөгч, өмнөд айлын дэд дарга хоёр манай улсад хоёр гуравхан хоногийн зайтай айлчлаад буцлаа. Юутай ч манай хөршүүдийн харилцаа шинэ түвшинд тавигдаж байна. Хөршүүд хоёул манай эрчим хүчинд анхаарч, дэмжих , хамтрах арга замын талаар ярилцлаа. Энэ бол Монголын бодит эрх ашиг, анхаарал эрчим хүчний салбар болсныг маргаангүй илтгэнэ. Гэтэл Эрчим хүчний сайд Засгийн газрын хуралдаа хождож очоод, Ерөнхий сайдаас нэлээд зэм хүртэж. Л.Оюун-Эрдэнэ түүнд зайгаа тавьж болохыг сануулаад, 126 хүн сайд болохоор хүлээгдэж байгааг дуулгаж. Төрийн түшээ олон болсон. Харин түмний түшээ хэд байгааг мэдэхэд түвэгтэй. Ерөнхий сайд ийн уурсаад, улмаар 14 том төслийг гацааж байгаа хүмүүсээр шүүхийнхнийг нэрлэж, өөрийг нь сонгуулиар зайлж одно гэж бодсон уу, горьдов оо, зайлахгүй шүү гэсэн талаар нэр бүхий сонинд мэдээлсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайд, Хууль зүйн сайд О.Алтангэрэлд төслүүдийг гацаагч хонгилын шүүгчдийг олж, олон нийтэд зарла хэмээн лүндэнджээ. Ширүүн байсан бололтой. Тэгээд сонгуулийн үеэр хүн барьж, дүнд нөлөөлөх гэж оролдсон шүү гэсэн байна. Ц.Гарамжавыг барьсныг хэлж байх шиг. Энэ хүний хамаарал бүхий компаниуд одоог хүртэл эрх чөлөө үзээгүй, хуулийн хориг саадтай байгааг хэвлэлүүд мэдээлсээр байгаа. Ерөнхий сайдын үгээс үзвэл, сонгуулийн үед хүн барьж хорьсон асуудал түүнд хамаагүйгээр ойлгогдож байна. Л.Оюун-Эрдэнийг буулгахаар Шүүхийн ерөнхий зөвлөл хүртэл ажиллаж байсан мэдээ байдаг. Л.Оюун-Эрдэнэ шүүхтэй “үзсээр” байгаа хүн. Шүүх засаглалд нөлөөлөх гэж, хөндлөнгөөс хараат бусад халдлаа гэж мэтгэх, зарчим ярьдгийг буруутгах аргагүй. Ерөнхий сайд дахин шүүхийнхэнтэйгээ үзээд эхэлжээ.
“У. Хүрэлсүх: О юу, А юу!”
Нэр бүхий сайтад, “Хоёрдугаар гол дүр хэн бэ” гэдэг нийтлэл гарч. Эдүгээн нэг, хоёр, гуравдугаар дарга нартай холбоотой мэдээлэл. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёул У.Хүрэлсүхээр бойжуулагдсан улстөрчид болохыг онцолж. Энэ нь ч үнэн, гэхдээ Д.Амарбаясгалан нь илүүтэй намын удирдагчдын залгамж дээр, Л.Оюун-Эрдэнэ бол цэвэр одоогийн Ерөнхийлөгчийн өнгө нүүрэнд боссон хүн. Нийтлэлээс үзвэл, цаашид Ерөнхийлөгч Д.Амарбаясгалантайгаа хамжих, энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тохирно гэсэн иш санаа агуулагдаж. Харин Л.Оюун-Эрдэнийг Х.Баттулгатай шадарласаар ирсэн, эдүгээ ч хамжин явж байгаад У. Хүрэлсүх таагүй хандан буйгаар бичиж. Мөн тэгээд, өдгөө гурван том нам “эзэгнэн” Засаг барьж байгаад Ерөнхийлөгч төдийлөн таашалтай бус байгаа тухай ойлгогдохоор үзүүр өнцөгтэй ажээ, мөнөөх нийтлэлд өгүүлснээр. Бүүр цаад зорилгыг нь үзвэл, О. А гэдэг хоёр хүний хэнийг нь өөрийнхөө итгэлт хүнээр, дараа дараачийн улс төрийн нүүдэлдээ хамжигч байлгаж, “өөд нь” татах вэ гэдэг замын уулзвар дээр, бэлчир дээр ирсэн байхыг өгүүлсэн агуулга тодорхой уншигдаж байна.
Х.Нямбаатар Женкогийн балгийг өдөр бүр ярина гэсэн, Ж.Ганбаатарынхаа балгийг бас их ярих хэрэгтэй дээ
Хотын дарга Х.Нямбаатар “шизотой баахан лайчвин бацаан” гэдэг нэрийг АН-аас НИТХ-ын сонгуульд дэвшигчдэд оноолоо. Өнөөдүүл нь уурлаж бухимдан, нийтэд нь хоморголон доромжиллоо, хилс гүтгэлээ, шүүхдэнэ барина гээд л “пижигнээд” байх шиг. Х.Нямбаатарын үгэнд бас их худал юм алга. АН тулхтай намын төрхөө нэр дэвшигчдээрээ жижгэрүүлж байгаа нь нууц биш. УИХ-д ийм л байдал үзүүлсэн. Гэхдээ МАН-ын нэр дэвшигчид өнгөтэй байхгүй байгаа нь бас үнэн. Харлаж гүйцсэн, нэр цөвтөж гүйцсэн улсаа л дэвшүүлцгээж байгаа нь худлаа биш. Нидэр дээрээ хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч л болж байгаа юм. Баянголын МАН-ын дарга Ж.Ганбаатар гэж хүнийг дүүргийн нь С.Сүхбаатар гэдэг хүн маш бодитой шүүмжлээд байна. Аль өнгөтэй өөдтэй бүхэнд өөрийхнөө тавьсан, тэгээд нэр дэвшигчдээс тус бүрээс 100 сая төгрөг нэхэж байгаа гэж хэлсэн. Уул уурхайн сайд явсан Ж.Ганбаатар гэдэг энэ хүн үнэндээ Монголын улс төрд “хог” боллоо. Аль л болж бүтэхгүй, олиггүй зүйлс энэ хүний үйлдлээр дуулдах болж. Х.Нямбаатар Женкогийн балгийг өдөр бүр ярина гэсэн. Ж.Ганбаатарынхаа балгийг бас хамтад нь ярих хэрэгтэй дээ.
Эрдэнэт үйлдвэр өөрөө төсөл хөтөлбөрөө санхүүжүүлж чадахгүйд хүрэв үү!
Эрдэнэт үйлдвэр “Голомт” тэргүүтэй гурван ч банкнаас 150 сая ам.долларын зээл авах болж. Сангийн яам зөвшөөрч. Зээл аваад дараад байгааг ч илэрхийлж. Энэ үйлдвэр 2019 оноос хойш хэдэнтээ онцгой байдлын нөхцлийг сунгав, одоо чухам ямар удирдлага, засаглалаар яваа нь төдийлөн ойлгомжгүй болсон. Эрдэнэс Монголын харьяанд байгаа нь үнэн. Тээр жил улсынхаа иргэдийн тог цахилгааны мөнгө зардлыг их наядаар барагдуулснаа ч хэрхэн яаж балансалсан нь тодорхой биш. Саяхан гэхэд л мөнгө цаасны ацагтай, өр зээлд орсон тухай мэдээлэгдсэн . Одоо тэгээд төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд зээл авч байгаа мэдээтэй. монголчууд одоо энэ үйлдвэртээ нэг сорил тавих болсоон. Сахал Д.Эрдэнэбилэгээс авснаа ялалтад тооцон, улс төрийн ялалтууд байгуулсан ч энэ үйлдвэр одоо маш амаргүй байгааг Г. Ёндон гэдэг захирлын нь нийтэд ил хэлэхгүй ч, үйлдвэр дээрээ ярьж бухимддаг олон жишээ, үзүүлэлтээс харж болох талтайг нийгэм гадарлах боллоо. Юутай Эрдэнэт үйлдвэр 150 сая ам.долараар төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэхээр авч байгаа юм байна. Энэ юуны дохио вэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хамгийн их мэдэх хүн дээ.