Улс төрийн хураангуй…..
Их хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нэг үнэн юм хэллээ. Банкуудын таргалсан, ахмадуудын турсан хоёр яг тэнцэнэ гэлээ. Үүн шиг үнэн юм байхгүй. Монголын банкуудын таргалсан, Монголын иргэдийн эдийн засгийн турсан хоёр яг тэнцэнэ гэж хэлсэн бол бүр төгөлдөр үнэн болох байлаа. Гэхдээ ингэж хэлж чадаж байгаад нь талархах хэрэгтэй. Уг нь, дэлхийд банк эрхлэгчид зөвхөн түүнийгээ л хийдэг номтой. Гэвч Монголын банкуудын эзэд хийхгүй юм байхгүй. Банк эзэгнэнэ, бар ажиллуулна, ариун цэврийн хэрэглэл зарна, гахай тахиа шарна, банк бус ажиллуулна, ломбардаар хүүлнэ, машин зарна, утас ээрнэ, юм оёно, төмөр зам барина, уурхай орд эзэгнэнэ, барилга барина, үхэр махлана, гэрэл зураг авна, юм хэвлэнэ. Үнэндээ л хийхгүй юм байхгүй. Ийм банкны эзэдтэй улс орон гэж ер нь байдаг юм болов уу. Л. Энх-Амгалан хэлсэн, хүүлж болох бүх юмаар хүүлж зооллоо шүү дээ гэсэн. Одоо болоо юм биш үү гэсэн. Үнэхээр болоо юм биш үү гэж мянга түм хэлмээр байгаа шүү дээ. Монголд ийм л сонин зүй тогтол яваад байгаа юм. Л.Энх-Амгалангийн энэ болоо юм биш үү гэсэнтэй утга дүйх үйл явцыг Ерөнхийлөгч У. Хүрэлсүх үргэлжлүүлж байна. Энэ нь улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс гарцаагүй юм. Улсын төсвийг Д.Амарбаясгалангийн парламент баталсан дээр бүхэлд нь хориг тавьлаа. УИХ-ын дарга хоёронтоо хийж асан, Ерөнхийлөгчийн Тамгын дарга Г. Занданшатар хариуцлагагүй төсөв баталсан, танах хэрэгтэй, үр бүтээмжтэй, зөв болгох ёстой гэлээ. Мөн түүнчлэн төсвийг батлахдаа дагуулан 41-р тогтоол гэгчийг баталсан нь өөрөө төсөв зөв бус, төсвөө засах ёстой гэсэн утгыг хадгалж гаргасан тогтоол болсон гэж хоёргүй утгаар хэллээ. Үндсэн хуулийн зөрчилд түлхэж байна гэлээ. Ингэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн барьсан төсөл, Д. Амарбаясгалангийнхаа УИХ-ын шангаар орсон нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болов. Сангийн сайд УИХ үүнийг хүлээж авбал 2,2 их наядаар төсвийн хөрөнгө оруулалтыг танана аа гээд хэлж байна. Б. Жавхлан сайд анхнаасаа Г.Тэмүүлэн, Д. Энхтүвшин нарыг төсөв шүүмжлээд байхад нь л ур ухаан гаргаад ажиллачих ёстой байсан л даа. Таалагдах гэж дүлэгнээд, гишүүн бүрт нялуун хариулт өгч, эерч суусаар эцэстээ ийм бантандаа тулж байгаа нь харамсалтай.
УИХ-ын гишүүн Д. Энхтүвшин төсвийг гурван их наядаар танах ёстой. Та бүхэн, эрх баригчид аа, Засгийн газар аа, иргэдтэй дөрвөн сарын өмнө байгуулсан хэлцэл амлалтаа ингэж зөрчиж, төсвийн зарлагыг нэмэгдүүлж болохгүй шүү дээ гэснийг ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх углуургаар нь ойлгож, хориг тавив. Одоо УИХ асуудлыг зөв болгохоос аргагүй, засахаас өөр замгүй байх. Хажуугаар УИХ-ын дарга Д. Амарбаясгаланг нүүрсний орд эзэмшдэг, энэ чиглэлийн асуудалтай холбоотой гээд хэвлэлүүд ихээхэн шүүмжилж, өөрөө өөрийгөө шалгуулахаар болоод байх шиг байна. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ төмөр замын хил холболтын асуудлаар Ардчилсан намын бүлэгт ээрэгдэж, Н. Алтанхуяг, Х. Баттулга тэргүүтний өмнө бүлтэлзэж, бас учирлаж байгаагаас харахад манай улс төрийн нөхцөл байдал мундахгүй ээдрээтэй, урагшлах зам маш амаргүй нь илт. Харин Ерөнхийлөгч У. Хүрэлсүх төсөвт хориг тавьж, гишүүдийг, Засгийн газрыг арай өөр ажиллах, илүү сийрэг байж ажилдаа тэнцэхийг бодитой сануулж байна даа хэмээн харагдах аа. Үнэндээ яг одоо бол Д. Амарбаясгалан төсвийн хоригоо, Л. Оюун-Эрдэнэ хил холболтоо яаж авч гарах вэ гэдэгт л Монголын анхаарал тогтлоо.
Z MAN