Z-MAN Улс төрийн хураангуй…
УИХ-ын ээлжит бус чуулган богино хугацаанд нэлээд асуудлуудыг гялс шийдээд хаалаа. Одоо намрын чуулган сарын дараа нээгдтэл хэсэг таг байх бололтой. Гэхдээ саяын ээлжит бус чуулганы үеэр өөрийгөө таниулах гэсэн шинэ гишүүдээс гадна хуучин гишүүдийн хэлж байгаа үгнээс олон зүйлийг уншиж болохоор харагдав. Г. Тэмүүлэн гурав дахь Засгийн газартаа Сангийн сайдаар ажиллаж байгаа Б.Жавхланд уур төрсөн байх магадтай юм. Бас л адил гурав сонгогдлоо. Гэтэл Төсвийн байнгын хороон даргаас дээш явуулдаггүй, энэ удаа бүр байнгын хорооны даргын албан тушаалыг нь Хойд бүсэд сүүл хамсан ч, сонгогдсон, шантаажист Ц. Даваасүрэнд өгсөнд гүнээ бухимдсан байх талтай юм. Энэ нь ч аргагүй. Ганц сонгогдсон хүний өөрийн баахан сайд нарыг харахаар Г.Тэмүүлэнд эцгийн нь энэ улсад учруулсан эдийн засгийн хохирол юу ч биш санагдах талтай аа. Гэхдээ л Г.Тэмүүлэн төсвийн агуулгаар зөв юм ярьсан, яриад ч байгаа. Цаашид ч, энэ яриад байгаа зүйлийн нь үр дүн сайнаар гарах магадтай, хувь улстөрчийн нь харайлт, дэвшилд. Б.Энхбаяр мөн адил. Хуулийн сайд хальт хийхдээ, Ерөнхий сайдын хуулийн илд энэ тэр байна гээд “бүлтэрсэн”, тэр нь ч оносон. Бас ч хөөрхөн шударга имижтэй түүнд О.Алтангэрэл хэмээх “нялзрай”, тэр тусмаа Х.Баттулгын талыг баримтлагч бүлээн суудалд нь суусанд ууртай байгаа. О.Алтангэрэл сайдын албанд томилогдохдоо зусардангуйгаар Б.Энхбаярыг магтаж байна билээ. Ортой л магтаал. Худлаа биш. Б. Энхбаярт Хуулийн сайд хийх маш бяцхан цаг байсан. Ид хав ч дүүрэн байсан, гэвч намын нь удирдлагууд, Засгаа хамтруулж, ир бяр дүүрэн гишүүдээ арагш шидчихсэн. Б. Энхбаярын яриад байгаа зүйлүүд үнэхээр үнэн, зөв байгаа. Б. Энхбаярт дахиад ч сайд болох боломж бий. Г.Дамдинням “Авлига” хэмээгдэх хотхон, “Чингис хаан” банкны талаар мөн л үнэн, чанартай мэдэгдлүүд хийгээд байна. Д.Амарбаясгалан дарга нь өлгөж аваад, “Дамдиннямын гагцхүү зөв. Намрын чуулганаас чинад шалгах ажлын хэсэг байгуулна” гээд өөхшүүлж байна. Г.Дамдинням зөв л юм ярьж байна. Хоёр сонгогдсон Г. Дамдиннямд нэг сонгогдсон ХҮН-ын П.Наранбаяр сайд болсон нь баахан игзаарыг нь хүргэж байгааг тааж ядахад түвэггүй. Г. Дамдинням Ё.Отгонбаярын зөвлөх байхдаа л Боловсролын сайдыг зүүдэлж эхэлсэн толгой. Х.Ганхуяг Б.Жавхланд хамааруулан “Яахаараа “Чингисхаан” хэмээх банк улсын мөнгөөр тэтгэгдээд, өмнөх өглөгөө хийгээгүй байж, нэмж аваад байдаг байна” гээд зуу, зуун тэрбумын асуудал ярьж байна. Х.Ганхуягийн энэ үг маргах аргагүй үнэн бөгөөд зарчим л даа. Нэг тойргоос хамт сонгогдсон Ж.Ганбаатар хоёр удаа сонгогдоод л сайд хийсэн. Ж.Ганбаатар унангааалдаж сая чүү чаамай сонгогдсон. Уул уурхайн сайд байхдаа хариуцлага үүрэхээс бэргэсэн, шальгүй л сайд байсан. УИХ дахь найзууд болох Г.Дамдинням ,Г.Амартүвшин нарынхаа хамт өнгөрсөн дөрвөн жил 33 тэрбумын асуудлаараа намдаа болоод олон нийтэд балбуулсан Г. Ганхуягт сайд болох амбиц мөн л байж байгаа. Сахал хэмээгдэх Ж.Бат-Эрдэнэ хэдийнэ гурав сонгогдсон, өөрийгөө Байгаль орчны сайдад ямар ч маргаангүй томилогдох учиртайгаар гүн итгэж байтал нь ялагдсан намаас АН-ын С. Одонтуяа ганц дэвхрээд л сайд болчихлоо. Ж.Бат-Эрдэнэ мөн уур унтуутай байгаа. Ингээд МАН-аас хоёр, гурав сонгогдсон эл гишүүд УИХ-ын ээлжит бус чуулган дээр зарчмын шүүмжлэл өрнүүлэх замаар, энэ Засгийн газар, УИХ дахь сөрөг хүчин болохоо тунхаглаж байна. Эрх баригчийн үнэмлэхүй дийлэнх МАН-ын гишүүд байгаа нь бүр ч тод. Ерөнхий аудитор Д. Загджавын мэдэгдэл, эдгээр гишүүдийн ярьсан бүхэн хулгай зэлгий, шамшигдуулал, идлэг уулгын балгийг ярьж байгаа нь юугаар ч сөргөж мэтгэх боломжгүй асуудлууд, өнгөрөгч жилүүдийн удирдагчдын балаг. Эдгээр яриа хэлэлцээн, шүүмжлэлийн буухиа зогсохгүй нь ойлгомжтой.
Бүр мухарлах ёстой асуудлууд. “Авлига” гэгдэх хорооллын асуудлаар Г. Дамдиннямын нэхэмжлэлийг тодруулж байгаа Д. Амарбаясгалан спикер ч эдгээр хүмүүст цаагуураа дэмжлэг үзүүлж байгаа байдал анзаарагдана. Д. Сумъяабазар хотын дарга байхдаа, тэрхүү бусармаг гэгдээд байгаа хорооллын баригдах боломжийг хангасан баримтуудыг хэвлэл мэдээллүүд гаргаж байна. Ногоон автобусны асуудалдорооцолдоод, унахдаа Д. Амарбаясгаланг зааж, Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар “Генсек маань чиглэл өгсөн юм шүү дээ” хэмээн хэлцгээж байв. Өдгөө Д.Сумъяабазарыг “Улаанбаатар төмөр зам” нэгтгэлийн даргаар тавигдах тухай мэдээлэл гарсан. Хэрэв Д.Амарбаясгалан нар тийм бодолтой байгаа бол , мөнөөх албанд очиход ихээхэн ярвигтай байх. Ер нь ч тэгээд, Х.Нямбаатарын өмнөх хотын дарга түүний ерөнхий нэр хүнд тийм ч олигтой биш байгааг нийгэм харуулна. Д.Сумъяабазарт галын дэмжлэг үзүүлэгсэд гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар л байгаа байх. Төсвийн тодотголыг Засгийн газар хамтарсан нэрийнхээ хүчинд нүдээ аниж зүтгүүлээд их наяд, их наядаар тэлсэн гүйцэтгэлээ УИХ-аар батлуулж орхилоо.
Өнгөрөгч ээлжит бус чуулганаас үзэхэд, ирэх цагуудын, ирэх саруудын улс төрийн ээдрээтэй асуудлууд хамтарсан Засгийн газрын тэргүүн Л. Оюун-Эрдэнэ, тэр тусмаа Сангийн сайд Б.Жавхлантай хариуцлага, зарчим ярих байдлаар нэлээд өрнөх нь тодорхой байна. Харин энэ завсарт засагт хамтарсан ХҮН, АН-ынхан он жилүүдэд алба ажилгүй явсан намынхаа албатай болгоход л шамдах байх. Уг нь орон нутгийн сонгууль гээд чухал зүйл байгааг намууд төдийлөн анхаарахгүй байна уу даа. Засаг харин Эрдэнэт, Эрдэнэс таван толгой тэргүүт олон төрийн өмчит компаниудынхаа дарга нарыг томилж, үерлэн айсуй хамтарсан Засгийн албатуудаа хаана хэрхэн томилох зураглалыг нь хийлгэх байх аа.
Д. Амарбаясгалан Монгол төрийн хүний нөөцийн бодлогыг МАН-ын генсекийн өрөөнөөс сүүлийн найман жил удирдан залсан. Энэ хүн сая “Төрийн өмчит компаниудын тоог эрс цөөлөх учиртай“гэж мэдэгдэж байна. Эрх барих намын генсек байхдаа албан тушаалуудын томилгооны удирдагч байсан хүн эдүгээ эрх барих дээд байгууллагын дарга болоод эсрэг дуугарч эхэллээ. Буруу биш. Хуулийн зөвлөхөөрөө Боннынхэмээгдэх Тайванхүүгийн Алтангэрэлийг томилж. Тун зөв сонголт гэж олон нийт харж байгаа. Зарчимч эмэгтэй. Хулгайд бол туйлын халгаатай. “Алтан дорнод Монгол”-ын асуудлаар Арбитрын шүүх дээр Монголыг зуу зуу тэрбумын эрсдлээс хамгаалж, аваад гарч байсан эмэгтэй. Ийм байдлаар зөв рүү бага багаар болов алхах л учиртай. Чуулган дээр үг хэлж байгаа гишүүдийн мөн чанар ямар, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд яаж явж ирснийг нь хүмүүс мэдэж байгаа ч жижиг эрх ашигтаа нийцүүлээд ч болов нийтийн эрх ашгийн төлөө дуугарч байгаа нь сайн хэрэг юм. Олон нийт улс төрийн цаана юу өрнөөд байгааг олж мэддэг байх нь чухал.
Z man