Baabar.mn сайтад нийтлэгдсэн ярилцлагыг тоймлон хүргэж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяртай ярилцлаа.
2025 ОНД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖ 90 ХУВЬ РУУ ОРООД ИРНЭ.
– Өнөөдөр манай нийслэлд тулгамдаад байгаа агаар, орчны бохирдол, түгжрэл, цаашлаад хамгийн их яригддаг сургууль, цэцэрлэгийн хүртээмж гээд бүхий л чухал асуудал таны хариуцдаг чиг үүрэгт хамрагдах юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар төрийн хамгийн нажидтай албын нэгийг та хашиж байна гэвэл санал нэгдэх үү?
– Саяын дурдсан бүхэн Улаанбаатар хотын хамгийн том асуудлууд мөн. Үеийн үед шийдэгдэхгүй явж ирсэн учраас нажидтай ажил гэж харагдаж байж болох юм. Тулгамдсан бүх асуудлаа дэлгэж тавьж байгаад эхнээс нь шийдээд явна. Нийгмийн салбар гэхээр эрүүл мэнд, боловсролын асуудлууд ороод ирнэ. Хүртээмжийн асуудал яалт ч үгүй хурцаар тавигдаж байгаа. Хот төлөвлөлтийн алдаанаас болж сургууль, цэцэрлэггүй том хороолол, хотхонууд баригдчихсан. Гэр хороолол дэндүү тэлчихсэн. Тэнд мөн адил цэцэрлэг, сургуулийн хүртээмж байхгүй. Анхнаасаа энэ бүхнийгээ зэрэг шийдээд ирсэнсэн бол бид дэлхийн хэмжээний боловсрол, үндэсний боловсролын тогтолцоо гээд дараагийн шатаа ярьчихсан явах байсан даа гэж харамсах нь бий. Тэглээ гээд яахав, тулгамдсан асуудлуудаа хамтдаа ярилцаад, шийдээд явахаас өөр замгүй.
– Үе, үеийн дарга нар шийдээд ирсэн нь үгүй, байдал бахь хэвэндээ учраас хүмүүс өөрчлөгдөнө гэдэгт итгэл муутай болчихсон. Ер нь үнэхээр шийдлүүд эхнээсээ гарах болов уу. Хугацаа нарийн хэлж чадах уу?
– Х.Нямбаатар дарга боловсролын салбарын хүртээмжийн асуудлыг 2025 он гэхэд эцэслэе гэсэн. Засгийн газраас 20 минутын хот санаачилгыг гаргаж, мөрийн хөтөлбөртөө орууллаа. Энэ бол төрийн болоод өөрт хэрэгтэй үйлчилгээндээ хүрэхийн тулд 20 минут алхаад хүрэх тухай ярьж байгаа шүү дээ.
Эрүүл мэндийн салбар бидний хувьд мөн чухал. Ганц эмнэлгийн байгууллагын асуудал биш. Цаана нь нийгмийн эрүүл мэндийн асуудал байна. Иргэн өөрөө эрүүл байхын тухай юу бодож, яаж хичээх вэ. Манайхан дандаа өвдсөний дараа гал унтраадаг хүмүүс. Харин өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх талаар хаа хаанаа бодох хэрэгтэй байна.
– Цэцэрлэгийн асуудал саяхныг болтол толгойн өвчин байсан. Хонон өнжин дугаарлаж бүртгүүлдэг, азын сугалаанд найддаг гээд. Сүүлийн үед хүмүүс их өөрчлөгдсөн гэх болсон. Цэцэрлэгийн хүртээмжийн асуудал дээр цаашид хэрхэн сайжруулах вэ?
– Өнөөдрийн байдлаар боловсролын салбарт 168 цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэ 168 төсөл арга хэмжээ бүрэн хэрэгжээд дуусах хугацаа бол 2026-2027 он. Мэдээж, нэмж баригдаж тэлж байгаа гэр хороололд цэцэрлэг нэмж барих асуудал гарна. Гэхдээ аль болох нийслэлийн төсөв дээр боломжоор нь төсөв мөнгийг хангалттай тавьж өгөөд 2025 онд төлөвлөснөө дуусгачихвал хүртээмжийн асуудал 85-90 хувь руу ороод ирнэ. Ингэснээр нэг багшид ногдох хүүхдийн тоо стандарт руу бас дөхөөд ирнэ гэсэн үг.
– 29 дүгээр дунд сургуульд анх удаа бүрэн хэмжээний засвар хийж байгаа талаар сонссон юм байна. Бас таныг энэ үйл ажиллагаанд ихээхэн анхаарч байгаа гэж дуулсан?
– 2017 оны өвөл байх, хуулийн мэргэжлээр суралцаж байхдаа хичээлийнхээ даалгаврын хүрээнд хүний эрхийн асуудлыг судалж анх 29 дүгээр дунд сургууль дээр очсон. Цонх нь хуучнаараа, дулаан алдалт ихтэй учраас хүүхдүүд хичээлдээ гадуур хувцастайгаа сууж байсан. Тэндээс гарахдаа бид яагаад нийгмийн цөөнх байгаа хүмүүстээ хүрч ажиллаж чадахгүй байна вэ гэсэн эмзэглэл төрсөн. Сая долоон жилийн дараа дахин очиход байдал яг л хэвээрээ байсан нь харамсалтай. Харин одоо 60 жилийн өмнө баригдсан энэ сургуульд анх удаа бүрэн хэмжээний засвар хийж байна. Энэ хичээлийн жилээс хүүхдүүд маань тэс өөр орчинд суралцах болно оо. Сургуулийн дотуур байрыг ч нийслэлийн хөрөнгөөр бүрэн шийдэж байгаа. Хөдөө орон нутгаас ирж суралцах шаардлагатай хүүхдүүдэд дотуур байрны асуудал хэцүү байдаг байсан бол өөрчлөгдөнө. Тэдэнд маань тохирсон дэд бүтэц, амьдрах орчин тэдэнд хэрэгтэй байдаг. Үнэндээ их зүйл хүсдэггүй юм шүү дээ.
ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ, ХАМТДАА ТҮГЖРЭЛИЙГ ДАВЪЯ
– Түгжрэл. Бид өдрийн өчнөөн цагаа зам дээр өнгөрүүлсэн хэвээр л байна. Үүн дээр шийдэл юу байх бол?
– Бас л нөгөө хүртээмжийн асуудал яригдана. Хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд массаар тээвэрлэдэг тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд хийгдэж байгаа нэг төсөл бол метро. Ер нь нийтийн тээврийн хүртээмжийг олон төрөлт хэлбэр рүү шилжүүлэх бодлогыг хотын дарга барьж байгаа. Метроны төслөө 2029 он гэхэд дуусгаж, бүрэн ашиглалтад оруулна. Өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлтэй 1,7 сая, дамжин өнгөрч байгаатайгаа нийлээд 2 сая гаруй иргэнтэй хот болчхоод байна. Дээрээс нь манай хотын хувьд өвөлдөө хүйтэн, зундаа халуун алхаад явах нөхцөл боломж хэцүү газар. Нийтийн тээврийн хүртээмжийг автобусаар тооцоход 1300-1500 автобус хэрэгтэй. Одоогийн байдлаар 1100 автобус тээвэрт явж байгаа.
– Төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд дуустал бид зам дээрээ түгжирсээр байх уу. Ямар шийдэл бидэнд байна вэ. Угаасаа алга урвуулахын төдийд засагдахгүйг мэдэж байгаа, иргэдийн зүгээс яаж хамтрах боломжтой вэ?
– Өнөөдрийн бодит байдал дээр ямар шийдэл байж болохыг талууд хүлээн зөвшөөрч, хандлагаа өөрчлөх хэрэгцээ байна. Нийслэлээс саяхан уриалга гаргасан, хүүхдүүдээ сургуульдаа хүргэхээр олон машин зэрэг гарах биш, хотхоныхоо групп дээр мэдээллээ хуваалцаад ээлжлэн машинаа гаргаж, хүүхдүүдээ хүргэцгээе гэж. Цаашлаад сургуулийн автобус хэрэглэх, хамран сурах тойргийнхоо сургуульд суралцдаг болох гээд шийдэх асуудлууд байна. Төрийн байгууллагын алба хаагчид сар бүр автобусны мөнгө гэж авдаг. Энэ нь аль болох нийтийн тээвэр ашиглах дадал суулгах зорилготой. Ер нь өнөөдөр дэлхийд ганц Улаанбаатар хотод түгжрээд байгаа биш, бусад хотод ч ийм асуудал байсаар байна . Бас л даван туулж ирсэн байгаа. Сайн туршлагыг авч хэрэгжүүлье. Тухайлбал хаягжилт дээр ч шийдэх асуудлууд байдаг. Хүүхдээ нэгдүгээр сургуульд сургах гээд хаягаа тухайн харьяаны хороонд шилжүүлэг хийлгэсэн ч үнэн хэрэгтээ Яармагт амьдарч, хүүхдээ зөөдөг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ жилээс сургуулиудыг төрөлжсөн хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг Боловсролын яам барьж ажиллаж байна. Нөгөө талаас 1 эсвэл 11 дүгээр сургуулийн хөтөлбөрөөр тухайн тойрогт нь салбар сургуулиуд байгуулах, өөрөөр хэлбэл сайн сургуулиудын салбар сургууль болгож, менежментийг нь оруулснаар тухайн сургуулийн хөтөлбөрийг гэрийнхээ дэргэдээс авдаг болох саналыг Х.Нямбаатар дарга гаргаад явж байгаа.
– Нийтийн тээвэр гэхээр хотын дарга, хотын удирдлагууд л мэдэх ёстой гэж олон нийт боддог…
– Үнэндээ нийтийн тээврийн компаниуд иргэдэд үйлчилгээ үзүүлж, төлбөрөө нийслэлээс авдаг. Мэдээж бодлогыг нь нийслэл гаргаад явдаг. Өмнө нь хэрэгжилт дээрээ алдаад байсан нь харагддаг. Одоо бид бодлогоо зөв гаргаж, гүйцэтгэлээ маш сайн хянаж ажиллах зарчим бариад явж байна. 2009 онд 400 гаруй автобус оруулж ирээд хувийн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Ямар ч эргэн төлөлт, хяналт байхгүй. Ер нь төрийн хөрөнгөөр аж ахуйн нэгжүүд орлого олсон бол татвар төлөгчдийн мөнгийг буцаан тушаах нь зайлшгүй. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бид нийтийн тээврийн сантай болсон. Нөгөө 600 саарал автобусны худалдан авалт хийснийг олон нийт мэдэж байгаа. Тэгээд бид өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр автобустай болчхоод ямар нэгэн мөнгө буцааж өгөөгүй байгууллагуудтай хэлэлцээр хийж эхэлсэн. Одоо төр өгөөд байна гэж байхгүй, бизнесийн зарчмаараа явъя гэдэг саналыг тавиад, нарийвчилсан заалт бүхий 10 жилийн гэрээ хийсэн. Мөн 2009 онд авч байсан автобусныхаа мөнгийг хуваарийн дагуу эргүүлэн төлөх гэрээг ч хийсэн.
Мөн шамшигчдад байгаа орлогын тал дээр төлбөрийн систем, хөрөнгө оруулалтын зохицуулалтаар шийдсэн. Мөн эргээд сангаас нийтийн тээвэрт явах, парк шинэчлэх, дараагийн худалдан авалтаа хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Төрөөс хамааралгүйгээр ажил хийж, ажлын байр бий болгож байгаа газруудыг бодлогоор дэмжиж, тохирсон хөлсийг өгч төр-хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг хийж чадвал иргэдэд үзүүлж буй үйлчилгээ чанаржиж, татвар төлөгч компаниуд маань ч бэхжинэ. Одоо ачаалал даадаг, ажлаа сайн хийдэг жолооч нар илүү цагийн мөнгө сэлтээ бодуулаад 6-7 сая төгрөгийн цалин авч байгаа тохиолдол байгаа. Хот тохижилт дээр ч бид ялгаагүй энэ аргыг хэрэглэсэн.
ХҮНД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮТЭЭМЭЭР БАЙНА
– ТҮК-ийн ажилтнуудын цалин боломжийн нэмэгдлээ гэсэн эерэг мэдээллүүд их хөвөрсөн дөө?
– Одоогийн компаниуд 2006 оны хот тохижилтын тарифын дагуу ажиллаж байсан. Тухайн тарифаар цалин авна гэхээр хангалтгүй байх нь ойлгомжтой шүү дээ. Хуваарьт газраа долоо хоногт хоёр удаа очиж цэвэрлэдэг байсан давтамжийг нь нэмээд мөн тарифыг нь өсгөхөөр тэр хүмүүсийн цалин ч нэмэгдээд 3,5 сая төгрөгт хүрч байгаа юм. Давтамж цөөн байснаас цэвэрлээгүй байгаа мэт байдаг байсан асуудал алга болж байгаа юм. Бас цөөхөн ч гэсэн байгаа тоног төхөөрөмжөө ашиглаад хотын зарим хэсэгт заавал ТҮК-ийн ажилтнуудыг шүүр бариулаад зогсоохгүйгээр шийдэж эхэлсэн. Цэвэрлэгээний мөнгө, цалин хөлс нэмэгдсэн юм чинь компаниуд ТҮК-ийн ажилтнуудын цэвэрлэгээний багаж төхөөрөмжийг орчин үеийн болгож шинэчилнэ гэдэгт найдаж байна.
– Рио Тинто компанийн байгуулсан цэцэрлэгт хүрээлэн нийслэлийнхний очих дуртай газрын нэг болсон байна. Зарим дүүрэгт энэ жишгээр цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж дуулдсан, үнэн болов уу?
– Тухайн үед нийслэлийн газар дээр цэцэрлэгт хүрээлэн барьж өгөх саналыг Рио Тинто группийнхэн маш сайхан хүлээж авснаар ийм цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. СХД, БЗД-ээс газар гаргаад өгчихсөн дараагийн цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт хийгдээд явж байна. Ер нь СХД-ээс хүүхдээ салхилуулахаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар хүрээлэн рүү ирэх шаардлагагүй, гэрийнхээ ойролцоо тав тухтай газарт салхилах боломжийг л бий болгох явдал юм. Миний ажлын чиг үүрэгтэй холбогдохгүй ч Улаанбаатар хотод тулгамдсан асуудлууд цөөнгүй байна.
Би дөрвөн хүүхэдтэй ээж. Бага хүүхдээ арван жилийн өмнө төрүүлж байж. Тэр үед хүүхдээ салхилуулах газаргүй цэцэрлэгийн хашаанд л суудаг байсан. Одоо ч тэр нөхцөл байдал хэвээрээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Өнгөрсөн арван хоёрдугаар сард батлагдсан хуулиар орон сууцны хорооллын 40 хувьд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байх ёстой. Тэгэхээр одоо шинээр баригдах хорооллуудаас энэ стандартыг нэхэж ажиллана л гэсэн үг.
– Өсвөр насны хүүхдүүд суррон унаж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа асуудлыг та нэлээд чанд авч үзэж байгаа харагдаж байна. Энэ үнэхээр сүүлийн үед санаа зовоосон асуудал боллоо?
-Нийслэлийн зүгээс насанд хүрээгүй хүн цахилгаан дугуй унасан бол замын хөдөлгөөнд оруулахгүй болгох талаар хүсэлт оруулсан, Засгийн газраас яаралтай шийдэх байх гэж харж байна. Зөвхөн хуульд өөрчлөлт оруулах замаар биш, өөрөөр шийдэх хуулийн зохицуулалт ч бий. Гэхдээ зөвхөн хориглоод асуудлыг шийдэх нь гарц биш. Залуучуудад, өсвөр насныханд очих, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар алга байна. Шууд хориглох гэхээсээ тэд замын хөдөлгөөнд оролцохгүйгээр хаана цахилгаан дугуй унах боломж байна тэр орчныг бий болгож өгөх, зөв хэрэглээ дадалд сургах ажлаа давхар хийгээд явах нь зөв. Бүхий л талуудаа харсан, хүндээ ээлтэй нийгэм, орчныг хамтдаа бүтээмээр байна.
МУУ НЭР ЗҮҮЖ, ОНОО АЛДАХ ВИЙ ГЭСЭН БОДОЛ ОГТ БАЙДАГГҮЙ
– Ингэхэд та яг ямар мэргэжлийн, ямар алба хашиж ирсэн талаараа мэдээлэл өгөхгүй юу?
– Би өмнөх ажилдаа төвлөрөөд ард нь гардаг хүн учраас заримдаа хийхээсээ өмнө ярих, тайлагнах тал дээрээ жаахан тааруу. Төрийн албаар хүмүүжээд, мерит зарчмаар шат дамжлагаар нь явсаар өнөөдрийг хүрсэн л дээ. Тийм болоод ч тэр үү, улстөрчид шиг олонд таалагдах, алдаа гаргахаас айж эмээж байгаа юм алга. Хийх ёстой ажлаа хийгээд л явна гэсэн зарчимтай. Нийслэлийг удирдаж байгаа хүмүүс унаган хотын хүмүүс байх ёстой гэсэн яриа сонстдог. Миний хувьд энэ хотдоо амьдарч байгаа хүн бүр сэтгэл зүрхээ гарган, хотынхоо хөгжлийн төлөө ажиллах ёстой гэж санадаг.
Би Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрж өссөн. 1997 онд ХААИС-ийн оюутан болж ирж байлаа. ХААИС-ийг инженер, технологич мэргэжлээр төгсөөд ХААЯ-нд ажил орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл бичээд Д.Тэрбишдагва сайдад хаяглаад өгч байлаа. Тэгэхэд төрийн захиргаа, хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Жанцанхоролоо гуай намайг дуудаж уулзаад “Яаманд шууд өргөдөл өгснөөр хүнийг ажилд авчихдаггүй. Чи үнэхээр энд ажиллах хүсэлтэй байгаа бол Хоршоологчдын холбоонд эхлээд ажиллаад үз” гээд ажилласан. Улмаар УИХ-ын Тамгын газарт анх төрийн албанд ажилд орж байлаа. Тэнд нягтлангаар ажиллаж эхэлж, ахлах нягтлан, дотоод аудитор, Захиргаа санхүү үйлчилгээний хэлтсийн дарга хүртлээ ажилласан. Дөрвөн их хурлын даргын хугацаанд ажилласан гэхээр нэг газраа чамгүй удаан ажиллажээ. 2020 оны парламентын сонгуулийн дараа Хууль зүй, дотоод хэргийн яаманд санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн арваннэгдүгээр сараас Нийслэлийн тамгын газрын дарга, тэгээд одоо Нийслэлийн орлогч даргаар томилогдон ажиллаж байна.
– Ер нь инженер, санхүүч, хуульч гээд олон мэргэжилтэй юм байна. Хариуцлагатай алба хашихад энэ мэргэжлүүдийн хэрэг гарна биз?
– Анх хуулийн салбарт ажиллахаар ирэхдээ эмээж л байлаа. Хуулийн том салбарын санхүү, хөрөнгө оруулалтын ажлыг хариуцахдаа хүмүүсийн хүлээлтэд яаж хүрч ажиллана даа гэсэн бодол байсан. Эхний хоёр сар бүх хууль зүйн салбарын эрх зүйн баримт бичигтэй танилцсан. Хууль зүй дотоод хэргийн салбарын харьяа 23 агентлаг, байгууллага 30-аад мянган алба хаагчийн нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөлийг яаж жигд хангах талаар бодлогоо боловсруулсан даа.
Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа алба хаагчдын чиглэл бүрээрээ ялгаатай цалинг нарийн тооцоолж, цалингийн зөрүүг гаргана гэдэг амаргүй байсан ч бид чадсан. Мэдээж, ажлын ачаалал мэргэжлийн онцлогийг харахгүй цалинг ижил түвшинд аваачна гэж туйлширч болохгүй. Харин салбарынхаа онцлогийг тайлбарлаж, Сангийн яаманд ойлгуулах нь амаргүй ажил байсан. Гэхдээ ахлагч бүрэлдэхүүн зарим нь 700 мянга, зарим нь 900 мянган төгрөгийн цалин авдаг байсныг өөрчилж, биднийг яамнаас явах үед ТТ-ийн 10 гэдэг ангилал дээр 700 мянган төгрөгийн цалин авдаг байсан алба хаагч 1,8 сая төгрөгийн цалин авдаг болсон.
– Төрийн ажлыг хийгээд ирэхээр бодлогын алдаанаас шалтгаалж ажил явахгүй эсвэл өөрчлөх хэрэгцээтэй зүйл харагддаг даа. Тийм зүйл танд ажиглагдаж байна уу?
-Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар зэрэг босоо тогтолцоотой газрууд бий. Эрүүл мэндийн яамны сайдын эрхлэх ажлын хүрээний асуудалд эрүүл мэндийн салбарын асуудал орох хэдий ч 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс төрөх эмнэлгүүд Нийслэлийн засаг даргын хариуцах ажлын хүрээнд ирсэн. Эрүүл мэндийн салбарыг яамд нь бодлогоороо бариад харин хэрэгжилт дээр нь орон нутаг яаж оролцох юм гэдгийг тодорхой болгоод явбал илүү уялдаатай юм уу даа гэж хардаг.
Энэ нь боловсролын салбар дээр мөн адил. Боловсролын багц хуулийн өөрчлөлтөд сайн, зөв зохицуулалтууд зөндөө. Гэхдээ хүнийг нь сайд томилдог, хөрөнгө оруулалтыг нь нийслэл шийдэх болдог. Жишээлбэл, цэцэрлэг сургуулийн бүх урсгал зардлын асуудлыг тэндээс шийддэг мөртлөө ашиглалтын зардлыг орон нутаг хариуцаарай гэдэг. Тэгэхээр хэрэглээгээ гамнахаас эхлээд асуудлууд гарч ирнэ. Хэрэглэж буй хүн нь өөрөө мөнгөө төлж, өөрөө засвараа хийдэг байж сэтгэл, хандлага давхцаж зөв болох байх. Түүнээс томилгоо нь өөр газраас, шийдвэр нь бас тэндээс тэгснээ ашиглалтын зардлыг төлдөг байгууллага нь өөр байхаар нэг талдаа авцалдаа уялдаа муу болчхож байгаа юм.
Энэ мэт шийдэх асуудлууд их байна. Хөрсний бохирдол, орчны бохирдол, хогны асуудал гээд миний хариуцаж байгаа чиг үүрэгт шийдлээ хайсан олон асуудал байна. Бидний зарчим бол нэг нэгэнд найдаж орхих биш, ханцуй шамлаад асуудлынхаа ард нь гардаг баг байхыг зорьж байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч: Э.ЭНЭРЭЛ