Одоо эмэгтэй гишүүд минь, өөрийн сэдэв, өөрийн итгэл үнэмшил байхгүй зүйлд дарга нарынхаа гар хөлд бүү зарагд.
Өнгөрөгч сонгуулийн үр дүнгээр бүрдсэн анхны 126 гишүүнтэй УИХ ээлжит бус чуулганаа хийж байгаа. Ийм ч төрийн түшээ байх гэж харуусах нэгэн байхад, ийм л хүнийг хүлээж байлаа гэх бахархах олон ч байна. Ямартаа ч сонгогч түмэн тунчиг мэдрэмжтэй сонголт хийж хууль тогтоох байгууллагаа хангалттай солонгоруулаад авсан. Биднээс алс хол тэнгэрт оршдог мэт байсан тэд бидний дэргэд ирсэн ирсэнтэй маргах хүн ховор биз. УИХ-ын гишүүнээс нөгөө л том дарга төрх хүлээж байтал биднийг нэг тэнд суухыг харах төрийн босгыг нам болгосон мэт санагдуулж байгаа.
Өнгөрсөн намраас эхлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өндөр боловсролтой, нэр цэвэр эмэгтэйчүүдээр илтэд гоёж эхэлсэн. Том хариуцлагатай албан тушаалд залуу эмэгтэйчүүдийг томилж, сэргэхээргүй болсон намын нэр нүүрээ тэднээр тахалсан нь ч олны нүдэнд ил байсан. Энэ нь нэг талаараа улс төрийн элдэв тохирооноос гадуур үлддэг чадварлаг эмэгтэйчүүддээ намын даргын зүгээс манлайлал үзүүлж, боломж олгосон сайшаалтай зүйл. Гэвч нөгөө талд олон нийтийн хэл амны бай болсон, маргаантай сэдвийг нийгэмд гаргахдаа өнөө эмэгтэйчүүдээ золиос болгон “шидэж” байгаа нь харамсалтай. Эл үйл явдал өнгөрөгч өвлөөс эхэлсэн. Хууль зүйн дэд сайд Б.Солонго Оюу толгой Дубайн гэрээг цуцалсантай холбоотой асуудлыг хамгаалах, Засгийн газрын гавьяа болгох ажлын “бамбай” болж байв. Нийтлэлч Б.Баабартай ширүүхэн маргаан өрнүүлж, сонгуулийн “дайсан” Ц.Элбэгдоржийг намнах тэргүүн эгнээний хүн болгосноор олон нийтийн зүхлийн бай нь шинэхэн улстөрч Б.Солонго болж хувирсан. МАН-ын урдаа барих эмэгтэй улстөрч, дэд сайд түүний рейтинг энэ үеэс уруудаж, намын жагсаалтад ч хойш шидэгдээд, хоосон үлдсэн.
Шинэхэн бүрдсэн УИХ дундаас эмэгтэйчүүд л олны хайр, эгдүүцлийг зэрэг хүргэж шуугиулж байгаа харагдана. Залуу үеийн төлөөлөл С.Цэнгүүний Сангийн сайдтай хийсэн мэтгэлцээнээс эхэлсэн энэ буухиа Уул уурхайн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Уянга, Хотын орлогч асан О.Номинчимэг нараар үргэлжилж байна. Монголоор дайрах хийн хоолой, буу зэвсэг эзэмшихтэй холбоотой гээд ганц л үг ган хийвэл олон нийтийн өмнө “цаазлуулах” эл сэдвүүдийг тэд өөрсдөө сонгож дуугарсан гэхэд эргэлзмээр. Одоо тэднээс мянга зүлгээд арилахгүй муухай нэр зүүгдэх боллоо. Хашир улстөрч ах нар дээрх асуудлуудыг цаазын олс гэдгийг гадарлах учир хэдий шахалт байлаа ч дуугарах нь ховор.
Ялангуяа жагсаалт ороод ирэх үед нэг ийм байдал үүсэх гээд байдаг. Эмэгтэй хүний үнэнч, тууштай байдаг чанар нь жагсаалтын боломжийг олгосон дарга нартаа ач санахад хүргэж, нөгөө талдаа гар хөл болж байгаа мэт харагддаг.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн яах аргагүй сонгуульд зориулсан арга хэмжээ. Хууль эрх зүйн хувьд ихээхэн асуудалтай, эргэн төлөгдөх нөхцөл боломжгүй гэдгийг өнгөрсөн хавраас эхлээд учир мэдэх хүмүүс хэлж ярьсаар байсан. Тэгвэл хөдөлгөөний автор нь өөр хүн байтал манай шинэ эмэгтэй гишүүн саяхан энэ асуудлаар өөрийн мэт ярьж, бас л олон нийтийн хэл аманд өртөв. М.Мандхай гишүүний түгдчин ярьсан, бичсэнээ ур дүй муутай уншсан дээр хүмүүс төвлөрч байгаа ч өөрийн биш зүйл хэнд ч хэцүү шүү дээ.
Одоо эмэгтэй гишүүд минь, өөрийн сэдэв, өөрийн итгэл үнэмшил байхгүй зүйлд дарга нарынхаа гар хөлд бүү зарагд.
Өөрөө ч гүн ойлгоогүй асуудлаараа байр сууриа илэрхийлэхдээ өөрийн улс төрийн нэр хүндийг бодолцож, тэдний муйхар аргад орохгүй байхыг эмэгтэй улстөрчдөдөө зөвлөж, сануулмаар байна. Та бүхний үг үйлдэл бүрээс Монголын мянга мянган эмэгтэйчүүдийн гишгэх мөр тодрох, бүдгэрэх нь шалтгаалж буйг энд дахин сануулъя. Та нарын өөрийн итгэл үнэмшил, зорилго мөрөөдөл ардаа байгаа олон охид эмэгтэйчүүдийн өмнөх зам жимийг засах учиртай шүү.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны төлөөх олон зуун хүний тэмцэл, нөр их хөдөлмөрийн шимээр намын жагсаалт хүйсээр сөөлжилж, түүхэндээ анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй болсныг энд дурдах илүүц биз. Гэхдээ энэ амжилт цаашид дэвшин үргэлжлэх үү, эсвэл нөгөө эмэгтэй гишүүд чинь ийм л биз дээ гэх үгээр амаа таглуулан уруудах уу гэдэг нь та бүхнээс ихээхэн шалтгаална.
Гэлээ гэхдээ эмэгтэй УИХ-ын гишүүн гээд жижиг асуудалтай зууралдаж, хөшигний хойно бүдгэрч үлд гэсэн үг биш юм. Гагцхүү башир улс төр хийгээд сурчихсан улстөрчдийн аргад авталгүй, нийгмийн тулгамдсан мянга түмэн асуудлаа нарийн мэдэрч зоригтой, өөрийнхөөрөө улс төр хийгээсэй л гэсэн хүсэл байна. Өөрийнхөөрөө улс төр өөрт ч амар өрөөлд ч нэмэртэйсэн.