Нөгөөдөр буюу баасан гарагт сонгуулийн санал авах өдөр. Энэ жилийн сонгуулийн онцлог нь сонгуулийн холимог тогтоолцоогоор бүсчилсэн том тойргоор зохион байгуулагдаж байгаа. Үүнийг дагаад сонгуулийн санал өгөх хуудас асар урт нэрсийн жагсаалттай байх болно. Энэ нь сонгогчдоос нэлээдгүй хүчин чармайлт шаардах учир судалгаатай, сонголтоо хийчихсэн очоорой гэж зөвлөж байна.
Сонгогч танд сонголтоороо парламентын олон талт байдлыг хангаж, нийгмийн бүлгийн төлөөллүүдээс бүрдсэн парламентыг бүрдүүлэх эрх, боломж нь бүрэн бий. Өөрөөрхэлбэл ТА саналын хуудаст байршсан нэрсүүдээс хүйсийг нь, насыг нь, мэргэжлийг нь харгалзаж сонголтоо хийж чадвал парламент бүрэн утгаараа жижиг ард түмэн болох боломжтой гэсэн үг.
Тухайлбал, 10 мандаттай баруун бүс, 7 мандаттай зүүн бүсийн тойрогт нэг намаас нэг л эмэгтэй нэр дэвшиж байгаа. Хүн амын 51%-ийг бүрдүүлэгч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн соёл давамгайлсан нам, улс төрд оролцох нь томоохон сорилт болдог нь мэдээж. Гэвч сонгогч түмэн мэдрэмжтэй байж төлөөлөл нь дутаж буй бүлгийг сонголтоороо дэмжиж, парламентын олон талт байдлыг бий болгох нь магадгүй хамгийн хэрсүү, хариуцлагатай сонголт юм.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн 1341 нэр дэвшигчийн 520 нь эмэгтэй нэр дэвшигч буюу бага хүйсийн төлөөллийн хувь 38.8 хувьд хүрсэн нь парламентын сонгуулийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь тэднийг эрх мэдэлд хүргэх ойлголт бус парламентын хүлээн зөвшөөрөгдөх байдал нэмэгдэж, нийгэмд орхигдсон олон асуудлууд шийдэгддэгийг олон судалгаа ч баталж, өндөр хөгжилтэй орнуудын түүх ч гэрчилдэг.