-Монголчууд зөв хүнийг төрд гаргах ёстой гэдэг. Гэтэл тэр зөв хүмүүс нь мөнгөгүй байдаг. Мөнгөгүй хүмүүс сонгуульд ялах боломжгүй. Тэгэхээр яавал зөв хүмүүсийг УИХ-д гаргаж ирэх вэ?
-Бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Сонгууль дөхөөд ирэхээр эд нар царай алдаад ирдэг юм, гуйдаг юм гэж бидний дийлэнх боддог. Үнэхээр ч тэгдэг. Бид ч арай дээр гэж бодсондоо саналаа өгдөг, тэд мартдаг. Одоо бид ч бас алхам хийдэг болох хэрэгтэй. Яг үнэндээ биднийг төлөөлж чадах сэтгэлтэй, зүтгэлтэй зөв хүмүүст мөнгө байхгүй. Өнөөдрийн улс төрийн тоглоомын дүрмээр тоглож чадахгүй. Нүүрсээр мөнгө олохгүй, зээлийн сангуудаас мэдээлэлд ойр гээд мөнгө авдаггүй. Энэ төр улсаа байгуулах үйл явц бол бидний үүрэг учраас хэн над дээр ирэх вэ гээд хүлээж суулгүй, хэн шиг хүнийг дэвшүүлбэл танай намд саналаа өгөх вэ гэдгээ илэрхийлж сурах хэрэгтэй. Намууд санал их авч, суудлын тоогоороо төр засаг байгуулах эрхээ авдаг. Тиймээс тэдний чих зөөлөн байх энэ үед бид хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас “дүлий” энэ намуудыг иргэдээ сонсдог болгох хэрэгтэй. Бид улс төрийн боловсрол, иргэний боловсролоо нэмэгдүүлэх шаардлагатай.
Бид энэ чиглэлд хэдий чинээ харанхуй байна, намууд тэр хэрээр наадаж байна шүү дээ. Бид өөрсдөө УИХ-ын гишүүн хүний хийх ёстой үүргээ ч мэдэхгүй, сургуулийн дээврийн зардал, аар саар юм нэхсээр байгаад үндсэн том бодлогын өөрчлөлтийг тэд хийхгүй аргацааж ирлээ. Тийм ажил хийж байгаа хүмүүсээ үнэлж, ялгаж салгаж чадахгүй. Орон нутгийн сонгуулийн ач холбогдлоо мэдэхгүй, ирцэндээ ч хангалттай хүрэхгүй явсаар өнөөдөр ямар аймаг, ямар хотод амьдарч байгаагаа хар л даа. Тэгэхээр бид яг энэ мөчид улстөрчид ингээд байна гэхээсээ бид юуг хийж чадах вэ гэж асуувал өөрчлөлтийг илүү түргэн авчрах юм шиг санагдах болсон шүү. Сонгуулийн өдөр эртхэн очоод саналаа өгчих хэсэг байхад орой болтол нэг санал хэдэн төгрөг болох бол гээд хүлээдэг хүмүүс бий болсон. Энэ бүхэн өнөөдөр бидний амьдралыг чөтгөрийн тойрогт оруулсан шүү. Таны саналыг мөнгөөр авч байгаа хүмүүс бол таны ирээдүйг юугаар ч худалдахад бэлэн хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс өөрийг чинь үнэ цэнтэй байлгах тэр эрхэнд чинь мөнгөөр халдахыг хэнд ч битгий зөвшөөр. Тийм оролдлого хийж байгаа хүмүүсийг төрд гаргавал тэр аргаараа бүгдэд хандах этгээд гэж хар жагсаалтадаа бичээд аваарай. Ингээд өөрийн зүгээс нэг алхам хийхэд, дараа дараагийн олон шат урагшлах боломж гарч ирнэ гэж хэлмээр байна даа. Нэг үеэ бодвол юмс сайн тал руугаа эргэж байгаа гэж санагддаг. Ядаж итгэхийг хүсдэг.
Өнгөрсөн хугацаанд бидний алдаа бол улс төрийн намын төлөвшлийг өөрт нь даатгаж үлдээсэн явдал. Энэ алдаагаа засаж, намыг төрөөс санхүүжүүлэх, үүрэг хариуцлагыг санхүүжилттэй холбосон гээд олон чухал өөрчлөлтүүд хийгдсэн. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг хэрэгжүүлэх нь нам. Харин ямар тохиолдолд энэ боломжтой вэ гэвэл олон нийтийн хяналт дор. Тэгэхээр иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх тал дээр л ажиллах шаардлага гарч байна. Гэтэл улс төрийн боловсрол олгох хамгийн том платформ бол улс төрийн нам өөрөө байдаг. Шинэ хуулиар улс төрийн боловсрол олгох, нийгмийн бүлгийн төлөөллийг хангахыг үүрэгжүүлж, хариуцлагыг санхүүжилттэй нь холбож өгсөн нь хамгийн том амжилт гэж харж байна. Гэхдээ хариуцлагын механизмыг сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Ингээд харахаар бүх зангилаа нам руу чиглэж байгаа биз. Тэгэхээр нэг талаасаа намууд хичээж нөгөө талдаа иргэд бид ч хичээх ёстой. Тэр ч утгаараа олон жил улс төрийн тойм нийтлэл бичиж ирсэн миний хувьд улстөрчтэй үзэлцээд байсан аргаа өөрчилж, иргэдэд улс төрийн мэдлэг боловсрол олгох чиглэлд ажиллаж байна даа.
Улс төрийн боловсрол олгох “UnFilter”подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч нийтлэлч Э.Энэрэл