Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон. Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай. Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлт гаргана. Сонгууль өгч, иргэний үүргээ биелүүлэх хүмүүс өнөөдөртөө багтаан хүсэлтээ өгөх шаардлагатай. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах хэрэгтэй аж.
Одоогийн байдлаар дэлхийн 34 улсад ажиллаж, амьдарч буй 10.221 иргэн УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлээд байгаа аж.
Энэ удаагийн сонгууль Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Сонгуулийн тухай хуулиар хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байх бөгөөд гадаад улсад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвсэлд санал өгч сонгуульд оролцож сонгох эрхээ эдлэх юм.