Стратеги судалгааны хүрээлэнгийн “Аюулгүй байдал, стратеги тойм”-ын 2024 оны нэгдүгээр сарын дугаарыг цувралаар хүргэж байна.
2024 он бол дэлхийн жараад улсад 70 гаруй сонгуулийн кампанит ажил өрнөх их сонголтын жил юм. Олон улсын геополикийн нөхцөл байдал таашгүй, ээдрээтэй байх ирэх жилүүдэд улс орноо чиглүүлэх, удирдах улс төрийн хүчин, удирдагчдаа сонгох онцгой жил юм. Дэлхийн хүн амын 41 хувь буюу дөрвөн тэрбум гаруй иргэн, дотоодын нийт бүтээгдэхүүний 42 хувийг бүрдүүлдэг улс орон сонголтоо хийнэ. Тодруулбал, энэ онд АНУ, Энэтхэг, Индонез, Мексик, Өмнөд Африк, Пакистан, Их Британи зэрэг олон хүн амтай, томоохон эдийн засагтай улс ард түмний төлөөллөө сонгоно. Түүнчлэн Европын Холбооны 27 улсын иргэд Европын парламентад шинэ элч төлөөлөгчөө сонгох болно.
Ташрамд дурдахад, үүнээс хойш дахин ийм олон сонгууль давхацсан жил 2050 он хүртэл буюу ирэх 25 жилийн хугацаанд тохиохгүйг олон улсын агентлагууд онцолжээ. Урьд өмнөхөөсөө олон хүн санал өгөх эдгээр сонгууль бүр чөлөөт, ардчилсан зарчмаар өрнөх эсэх ардчиллын хувьд томоохон ЭРГЭЛЗЭЭ мөн СОРИЛТ болж байна.
Хоёр хөршийн тухайд 20 гаруй жил ОХУ-ыг удирдсан Ерөнхийлөгч В.Путин ирэх гуравдугаар сард эрх мэдлээ дахин зургаан жилээр сунгах сонгуульд “өрсөлдөх” гэж байна. Ерөнхийлөгч В.Путинд дорвитой өрсөлдөгч гарч ирэх магадлал бага. Олон улсын харилцааны өнгө төрхийг тодорхойлогч улсуудад 2024 онд болох сонгуулиуд ирэх жилүүдийн олон улсын геополитикийн төлөв байдалд хүчтэй нөлөө үзүүлэхийг судлаачид санал нэгтэй онцолжээ.
Монгол улс 2024 онд анх удаа 126 хууль тогтоогч сонгохоор хоёр дахь удаагаа холимог системээр сонгууль хийх гэж байна.
ТОМООХОН СОНГУУЛИУДЫН ӨНГӨ
Улс төрийн хувьд тун завгүй нэгэн он дэлхий нийтийг хүлээж байгааг шинжээчид урт хугацаандаа “ихээхэн үр дагавар үзүүлэх жил” хэмээн онцолж байна. Засгийн газар, эрх баригч хүчин, компаниуд цэвэр эрчим хүчрүү шилжих, дотоод үйлдвэрүүдээ хамгаалах, түүхий эдийн нөөцийг хязгаарлах дэлхийн хэмжээний өрсөлдөөнд татагдан орно хэмээн үзнэ.
Энэ жил сонгууль болох улс орнууд газар нутаг, нөлөөллийн цар хүрээгээрээ ялгаатай. Тухайлбал, эрдэс, байгалийн баялаг ихтэй Индонез, Венесуэл, Монгол, үйлдвэрлэлийн магнат Мексик, дайн самууны хөлд сүйдсэн Өмнөд Судан, геополитикийн халуун цэг болох Пакистанд улс төрийн шинэ мөчлөг эхэлнэ. Арабын хаврын өлгий нутаг Тунис, мөн Европ дахь АНУ-ын холбоотнууд болох Австри, Бельги, Их Британид анхаарал татах өрсөлдөөн өрнөх нь дамжиггүй.
Тайваньд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх жилүүд дэх Вашингтон- Бээжингийн харилцааны өнгийг тодорхойлох нэг сэжүүр боллоо. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лай Чинь-тэ таамаглалын дагуу ялалт байгуулж, Хятад-Тайвань, Америк-Хятадын харилцаанд багагүй сорилт дагуулах нөхцөл бүрдлээ. Энэтхэг-Номхон далайн стратегид ихээхэн нөлөөтэй БНЭУ-ын “Ардчиллын их наадам” гэгдэх сонгуульд тус улсыг 2014 оноос хойш удирдаж буй Ерөнхий сайд Нарендра Моди ялагдал хүлээвэл БНХАУ-ын эдийн засаг, цэрэг зэвсгийн давамгайллыг сөрөх хүч болно хэмээн найдлага тавьж буй АНУ, түүний холбоотнуудын хөрөнгө оруулагчид Шинэ Дэлигээс үргэх магадлалтай болно.
Түүнчлэн АНУ-д Ерөнхийлөгч асан Д.Трамп зарим нэг санал асуулгаар сонгуулийн үр дүнд нөлөө бүхий мужуудад тэргүүлэх боломжтой байгаа явдал БНХАУ, ОХУ, НАТО болон олон улсын худалдаа дахь Цагаан ордны бодлогыг дахин тодорхойгүй байдалд шилжүүлж болзошгүй юм.
СОНГУУЛЬ БА АРДЧИЛАЛ
Монгол Улсын иргэд биднийг мөн адил түүхэн сонгууль хүлээж байна. Дуулиант хэргүүд, холбогдох хууль шүүхийн асуудал, авлигын төсөөллийн индексээр сүүлийн жилүүдэд байр ахиж чадаагүй зэрэг хүчин зүйл эрх баригч намын нэр хүндэд нөлөөлсөөр буй. Сонгууль угтсан төсвийн тэлэлт бодлогын хүүг он дамнаж, өндөр түвшинд хадгалагдахад хүргэж, инфляцийг хөөргөдөх эрсдэл үүссэн энэ үед сонгуулийн дараах эдийн засгийн нөхцөл байдлыг зураглахад багагүй хүндрэлтэй байна.
Энэ он бол олон улсад ардчилал эргэлтийн цэгтээ хүрч, хэмжээлшгүй эрхт дэглэм рүү ухрах уу гэдгийг “сонгох” чухал жил байж болох юм. Дэлхий нийтийн тал хувь ардчиллаас МЭӨ VI зуунд язгууртнуудын байгуулсан хэмжээлшгүй эрхт Засгийн газрын хэлбэр рүү гулсах эрсдэл өндөр байгааг олон улсын улс төрийн шинжээчид анхааруулж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи зэрэг эрхэм өөрсдийн засаглалыг бэхжүүлэхийг хичээхээс гадна Өрнөдийн орнуудад ч ардчилал эрсдэлд орж болзошгүй хэмээн тэд таамаглажээ.
Ерөнхийлөгч асан Д.Трамп ирэх 11 дүгээр сард болох сонгуульд ялбал ардчилсан институцийг улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг ашиглаж болзошгүй байгаа. Тэрээр дахин сонгогдох тохиолдолд Украины мөргөлдөөнд нөлөөлөхөөс гадна АНУ-ыг НАТО-аас нүүр бууруулахад түлхэх эрсдэлтэй. Түүнчлэн Оросын эзэнт гүрнийг “сэргээн босгож”, Төв болон Зүүн Европ тийш тэлэх В.Путины санаархалд дэм болох вий гэх айдас Европт хэдийнээ тархаад байна.
Хэдийгээр оны эхэнд нэгдүгээр сарын 13-нд Тайваньд болсон сонгууль дэлхий дахины ардчилалд нэгэн дулаан өнгө нэмсэн ч БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайваний ардчиллыг цаашид тэвчих үү, эсвэл сөрөх үү гэдэг эргэлзээг үлдээлээ. Тодруулбал, “Нэг хятад”-ын бодлого зөөлнөөс хатуу хүчний бодлого руу шилжих магадлал бий. Тайваний иргэд ардчиллыг илүүд үзсэн гэхээс илүү тусгаар оршихын хүсэл тэмүүлэл улам бүр бэхжиж буйн илрэл хэмээн үзнэ.
Европын улс төрийн эмзэг байдал өнгөрсөн оны эцсээр тод илэрсэн. Белград хотод сонгууль будлиантай болсон гэж үзсэн иргэдийн жагсаалын дараа Сербид олон арван хүнийг саатуулсан. Тэд популист Ерөнхийлөгч А.Вучич сонгуулийн кампанит ажлын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн албан хаагчдад нөлөөлсөн хэмээн шүүмжилсэн юм. В.Путинтай найрсаг харилцаатай А.Вучич жагсаалыг Украин маягийн “Майдан”-ыг “өөгшүүлэхийг” зорьж байна гэж Өрнөдийн орнуудыг буруутгасан билээ.
Ардчилал хумигдсаар байна уу
Үүнийг тодорхой хэдэн баримтад үндэслэн тодруулъя.
Өнөөгийн ардчиллыг засаглалын бусад хэлбэртэй харьцуулсан судалгааг харвал түгшүүртэй байдал мэдрэгдэж байна. Шведийн Гётебургийн их сургуулийн «V-Dem» хүрээлэнгийн мэдээлснээр, сүүлийн хэдэн арван жилд ардчилал автократ засаглалд байр сууриа маш хурдан алдаж байгаа аж. Өөрсдийгөө ардчилсан нийгэмд амьдарч байна гэж үзсэн иргэдийн дэлхийн дундаж түвшин 2022 онд 1986 оны түвшинд хүртэл буурсныг «V-Dem»-ийн судлаачид 2023 оны тайландаа дурджээ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаагаа хаалттай автократ засаглалын тоо, хэмжээ либерал, ардчилсан орнуудаас давсан байна. Ялангуяа, Ази-Номхон далайн бүс нутагт ардчиллын огцом бууралт ажиглагдав. Ази-Номхон далайн бүс нутагт хүн амын 72 хувь буюу 5.7 тэрбум хүн автократ дэглэмийн дор амьдарч байгаа аж.
Ардчиллыг хэмжигч өөр нэг байгууллага, «Freedom House»-ийн хамгийн сүүлийн тайлан ч таагүй үр дүнг харуулсан. Мөн Вашингтонд төвтэй «Дэлхийн эрх чөлөө» ашгийн бус байгууллагын мэдээлснээр, 2023 онд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний индекс 17 дахь жилдээ дараалан буурчээ