Стратеги судалгааны хүрээлэнгийн “Аюулгүй байдал, стратеги тойм”-ын 2024 оны нэгдүгээр сарын дугаарыг цувралаар хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд дараалан болсон хямралаас үүдэн олон улсын эдийн засаг 2024 онд ч тодорхой бус, тогтворгүй хэвээр байна. Энэ онд их гүрнүүдийн геополитикийн тоглолт, дэлхийн цаг уурын дулаарал, БНХАУ-ын эдийн засгийг тогтворжуулах бодлого, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого зэргээс хамаарч олон улсын эдийн засагт томоохон сорилтуудтай тулгарах магадлалтай.
Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар энэ онд дэлхий эдийн засгийн өсөлт өмнөх оноос удааширна гэж үзжээ. Тухайлбал, Олон улсын валютын сан (ОУВС) инфляцийн түвшин 2025 онд ихэнх улсын төв банкны зорилтот түвшинд эргэж ирнэ гэж найдаж байна. Мөн ОУВС-аас 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2024 онд 2.9 хувьтай байхаар таамаглаж байсан ч он гармагц шинэчилсэн төсөөлөл 2.4 хувь болгож бууруулсан Европын Холбоо (ЕХ), түүний дотор Итали зэрэг санхүүгийн боломж багатай орнууд төсвөө илүү танах шаардлагатай болж байна. ЕХ-ны төсвийн дүрэм шинэчлэгдэж шинэ төсвийг хэлэлцэх үеэр “Төсвийн сахилга бат”-ын асуудал их хөндөгдөн, Европын эдийн засгийн аюулгүй байдлын стратегийг баталж, Хятадтай хийх стратегийн өрсөлдөөнд АНУ-тай тус холбоо нэгдэх эсэхээ тодорхойлох болно.
Тэнцвэргүй байдал, ялангуяа өр, хараат байдлын нөлөөллөөс гадна сүүлийн 35 жилд хамгийн бага өсөлттэй байх Хятадын эдийн засгийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглах шаардлагатай болно. АНУ-тай хийх стратегийн өрсөлдөөнөөс үүдэлтэй даяаршлын дүрэмд өөрчлөлт оруулах явцыг Хятадын удирдлага эдийн засгийн хөшүүргээр хурдасгахыг чармайж буй хэмээн Өрнөдийнхөн үзэж байна. Харин Хятад дэлхийн Өмнөд бүсийнхэн олон улсын амьдралд оролцох, дүрмийг шинээр тогтоох шаардлагатай хэмээх байр суурийг баримталж байна. Хөгжиж буй эдийн засаг, ялангуяа Бээжингээс худалдаа, санхүүгийн хараат байдалтай улс орнууд Хятадын эдийн засгийн уналтын хүчийг мэдрэх болно. БНХАУ “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалтын хэмжээг ихээхэн нэмэгдүүлсэн. Гэвч зээлийн эргэн төлөлтийн 60 хүртэлх хувь хүндрэлтэй байгаа явдал шүүмжлэлд өртөж, Ши Жиньпинийг жижиг төслүүд бүхий бүхий хөрөнгө оруулалтын шинэ үе шатыг зарлахад хүргэсэн.
Хятад хөрөнгө оруулалт, бусад улсад өгсөн зээлээ хэрхэх асуудал Өмнөдийнхний гео-эдийн засгийн орчинд үлэмж нөлөө үзүүлнэ. Олон тооны хөгжиж буй орон төсвийн эмзэг байдалд байна. Санхүүгийн нөхцөл хурдацтай суларч, ам.долларын ханш чангарч байгаа нөхцөлд тэдний гадаад эмзэг байдал улам хурцадна. Өөрөөр хэлбэл, ихэнх хөгжиж буй улсын эдийн засаг хүнд байх магадлалтай байна. ДХБ-ын мэдээлснээр НҮБ-ын санал хураалтын загварт үндэслэн таамаглаж буй геополитикийн блок хоорондын худалдааны эргэлт Украины нөхцөл байдалтай холбоотойгоор 4-6 хувиар буурсан байна. Энэ бол геополитикийн талцлын илрэл болно.
Дэлхийн эдийн засгийн төлөв: Монгол Улсад үзүүлэх нөлөө
2023 онд 2.7 хувь байсан бол 2024 онд буурч 2.4 хувьд хүрнэ хэмээн ОУВС таамаглалаа. Хөгжиж буй эдийн засаг цар тахлын дараах алдагдлаа нөхөхийг чармайж буй бол ихэнх улс өрийн дарамт, хөрөнгө оруулалтын хомсдолтой нүүр тулгарч байна.
АНУ-ын ДНБ-ий өсөлт 2023 онд 2.5 хувь байсан бол 2024 онд 1.4 хувьд хүрч, буурах төлөвтэй байна. Үүнд, эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд гол нөлөө үзүүлэх хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын хэмжээ, өрхийн хадгаламж багасах болон зээлийн хүү нэмэгдэх, хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний эрэлт буурах зэрэг хүчин зүйлс нөлөөлж буй. Үүний зэрэгцээ БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 2023 оны үзүүлэлтээс буурч, энэ онд 4.7 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна.
Зүүн Азийн орнуудын эдийн засаг 4.9 хувь /2023 он/- аас 2024 онд 4.6 хувь болж буурах төлөвтэй байна. Энэ онд эдийн засгийн салбарууд дахь инфляцийн дарамтыг бууруулж, хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой сэргэлтээр хувийн хэвшлийн өсөлтийг хангах бодлогыг бүс нутгийн улсууд явуулж болзошгүй. Үйлчилгээ болон аялал жуулчлалын салбарын сэргэлт эрчимтэй байгаа ч дэлхийн эдийн засгийн эрэлт удааширч, бүс нутгийн орнуудын эдийн засгийн гол хүчин зүйл болсон барааны экспортыг бууруулах магадлалтай аж.
Өмнөд Азийн орнуудын ДНБ-ий өсөлт 2023 онд ойролцоогоор 5.3 хувиар, 2024 онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байна. Энэтхэгийн “хүчтэй тэлэлт”-ийн үр дүнд тус бүс нутаг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн бүсэд тооцогдох болж байна. Харин Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 2024 онд 6.2 хувьд хүрч таамаглалаас доогуур байх нь дотоодын эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай нь холбоотой болно.
Хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт улс орнуудад жигд бус байна
Цар тахлын дараах хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд ялгаатай байна. Ажилгүйдлийн түвшин 2023 онд АНУ-д 3.7 хувь, Европын холбоонд 6.0 хувьд хүрч, нэрлэсэн цалингийн хэмжээ нэмэгдэж, цалингийн тэгш бус байдал багассан ч бодит орлогын алдагдал, ажиллах хүчний хомсдол бэрхшээл дагуулсаар байна.
Хөгжиж буй орнуудад хөдөлмөрийн зах зээлийн жигд бус, холимог өсөлт ажиглагдана. Албан ёсны статистикт Хятад, Бразил, Турк, Орос зэрэг улсад ажилгүйдэл буурч, цалингийн өсөлт инфляцийн өсөлтийг гүйцэж чадахгүй, амьжиргааны өртгийн хямралыг улам даамжруулах эрсдэлтэй. Албан бус хөдөлмөр эрхлэлт, жендерийн тэгш бус байдал, ажилгүйдлийн түвшинд залуучуудын эзлэх хувь хэмжээ нэмэгдэх зэрэг асуудал мөн оршсоор байна. Хөдөлмөрийн зах зээлд хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр орлогын тэгш бус байдлыг улам дэвэргэнэ гэх болгоомжлол байна. Хиймэл оюун ухаан ур чадвар бага шаарддаг ажлын байрны эрэлтийг бууруулж, эмэгтэйчүүд болон орлого багатай орнуудад харьцангуй хүндээр нөлөөлж болзошгүй.
Олон улсын худалдааны өсөлт удааширна
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болох олон улсын худалдааны өсөлт 2023 онд өмнөх оноос 0.6 хувь хүртэл буурсан бол 2024 онд 2.4 хувьд хүрнэ гэсэн хүлээлт байна. Үүнд хэрэглээний зардал бараа бүтээгдэхүүнээс үйлчилгээ рүү шилжсэн, дэлхийн цэрэг-улс төрийн хурцадмал байдал, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал нөлөөлж байна. Зарим улс импортын хэмжээгээ хязгаарлах бодлого баримтлах болсон явдал худалдааны динамик байдалд нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээ, худалдааны гэрээ, хэлэлцээрийг эргэн харж, дахин үнэлэх шаардлагыг бий болгож байна. Улс орнууд худалдааны салбарт бие биеэсээ хэт хамааралтай байх эрсдэлийг бууруулахын тулд бүс нутгийн худалдааны хэлэлцээрүүдийг бэхжүүлэх нь чухал боллоо.
Монгол Улсын эдийн засгийн тухайд 2023 оны III улирлын байдлаар ДНБ 21.7 их наяд төгрөг болсон явдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад6.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс уул уурхай олборлолт 33.2, тээвэр болон агуулахын үйл ажиллагаа 58.2, мэдээлэл холбоо 16.3 хувийн өсөлттэй гарсан бол ХАА, ой, загас агнуур 9.5 хувийн бууралттай гарсан байна. Уул уурхайн олборлолтыг дагаад тээврийн салбарын өсөлт мөн их өсөлттэй гарчээ.
Дэлхийн банкны шинжээчид манай улсын эдийн засгийг 2024 онд өмнөх оноос өсөлттэй байхаар төсөөлжээ. Тухайлбал, аж үйлдвэр, ХАА салбар эерэг дүр зурагтай байх аж. Экспорт өмнөх оноос өсөх төлөвтэй байгаа бол инфляцийн түвшин өмнөх онтой харьцуулахад бага байх юм. Товчхондоо Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна.