-Сонгуулийн зардал асар их өсөхөөр байгаа. Хямд төсөр аргаар сонгууль явуулах ямар боломжууд харагдаж байна вэ?
-Сонгуулийн зардлыг бууруулна гэдгийг ярьсаар өнгөрсөн жилийн өдийд Сонгуулийн тухай хуулийг баталсан. Сонгуулийн зардлыг бууруулахад том алхам боллоо гэж харж байсан. Гэтэл сонгуулийн тойргоо бүсчилж зураад энэ зорилгоосоо ухарчихлаа. Тоглоомын дүрэм биднээс шалтгаалахгүй ингээд зурагдчихсан. Намууд аль хувилбар бидэнд ашигтай вэ бодоод ирэхээрээ тэр хуулийг баталж байгаа нөхөд амин хувийн эрх ашгаа тооцохоор гажуудал үүсгэдэг. Өнөөгийн парламентад байгаа дөрөв, тав сонгогдсон нөхөд одоо хуучин тойргоосоо гарах боломжгүй, харин зэргэлдээ аймгуудтайгаа нийлчихсэн тохиолдолд надад ямар боломж гарч ирэх вэ гээд тоо бодчихсон тал байгаа нь үнэн. Үнэхээр 10-20 жил энэ хүнээр төлөөлүүлээд юу ч өөрчлөгдсөнгүй гэж бодсон иргэн өөрчлөлт хийе гэхэд нөгөө тойргийн иргэн арай таньдагаар нь өнөө нөхрийг л дугуйлах гээд байгаа хэрэг шүү дээ.
Өнөөдөр хэдэн аймаг дамнаад хэдэн зуун км давхихад зардал чирэгдэл үнэхээр их байна. Намын жагсаалтад нэр дэвшигчдээсээ нам нь авах мөнгөний тоо ч тав, арван тэрбумаар яригдаж байна. Хуулиар дэнчин байхгүй ч намуудын дунд энэ тоо яригдаж байгаа нь нууц биш. Дахиад л нөгөө намуудыг хэлэх гээд байна.
Намд сонгуулийн зардлыг бууруулах хүч нь байгаа. Техник технологийн дэвшлийг ашиглаад арай өөр соёл тактикаар сонгуульдах боломж байгаа шүү дээ. Зүгээр сэтгэл байгаад санаачилга байвал олон боломж бий. Өнөөдөр гишүүд хийсэн ажлын тайлангаа тавих хуулийн хугацаа эхлээд явж байна. Зарим гишүүд сошиал сүлжээгээ ашиглаад тайлангаа тавьж байгааг би хувьдаа зөв гэж харж байна. Сонгуулийн зардлын дийлэнх хувь хэвлэл мэдээллийн зардалд зарцуулагддаг.
Сонгогчдыг хараад байхад, хэвлээд өгсөн тайланг нь хогийн саванд хийснээ чухал зүйл гэж бодоод байх шиг байна. Юу хийсэн бэ гэж асуугаад юмаа ярихаар уурлаад байдаг. Нэг талаас иргэдийн итгэл ингэж унатал өнгөрсөн хэдэн арван жил явж ирсэн байна, нөгөө талаас иргэд бид ингэлээ гээд юуг ч өөрчлөхгүй гэдгээ ухаарах цаг болсон. Харин хэн яг ямар хууль баталсан, тэр нь бидний амьдралд ямар ач тус авчирсныг нөгөө ясыг нь цайтал асуух хэрэгтэй, тайланг нь нэхэх хэрэгтэй. Ухаалаг утсаа ухаалгаар ашиглаад, тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээ судлаад үзээрэй гэж уриалмаар байна. Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж ирсний хор уршиг өнөөдрийн бидний байгаа байдал шүү. Сонгогч та ч сонгуульд үүрэг хариуцлага хүлээх ёстой. Эс бөгөөс энэ улс төр танаас улам л алсрах болно гэдгийг хэлмээр байна.
Улс төрийн боловсрол олгох “UnFilter”подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч нийтлэлч Э.Энэрэлтэй ярилцлаа.