Сүүлийн 76-н УИХ-ын гишүүнтэй Хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Хаврын чуулганы нээлт дээр улс төр, засаглал, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эрх зүйн реформууд эцэслэн дуусгах чухал хуралдаан гэдгийг онцолсон.
УИХ-ын даргын хэлсэн реформ дундаас нэг орхигдсон өөрчлөлт бол Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэгдээд батлагдана гэх хүлээлттэй байсан ч учир нь үл олдох шалтгаанаар таг чиг болсон. Нэгэнт хуулийн хугацаандаа амжаагүй учир хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хугацаа нэг жил байсныг 6 сар болгох хуулийн төслийг Их Хурлын гишүүн нэр бүхий гишүүд өргөн барьсан байдаг. Гэвч энэ хуулийн хэлэлцэгдсэн эсэх нь тодорхойгүй байсаар намрын чуулган өндөрлөсөн. Олон нийт, сэтгүүлчид хаана, хэнээс ч асуухаа мэдэхгүй будилсаар өнөөдрийг хүрсэн байдаг.
2024 оны Хаврын чуулганы нээлтийн өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын С.Бямбацогтоос УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулсан иргэдийн хүлээлттэй байгаа өөрчлөлтүүдийг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд шингээх буюу хуулийг өөрчлөх санал гарсан.
Тэрээр “УИХ-ын сонгуулийн бүсчилсэн тойргоор явуулж байгаа шиг орон нутгийн сонгуулийн мөн бүсчилж явуулах хүсэлтийг иргэдээс ихээр ирүүлж байна. Орон нутгийн сонгууль чухал, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийн сонгуулийн тогтолцоо нь жалга довны үзэл давамгайлсан, хэн олон ах дүү, хамаатан садантай нь сонгогддог байдлыг дэмжээд байна. УИХ-ын сонгууль нь болчихлоо, орон нутаг нь хамаагүй гэж хандаж болохгүй, бидэнд боломж байна. Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болно гэж үзвэл 4 дүгээр сарын 15 хүртэл бидэнд хугацаа байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлыг бууруулах, гадаадад байгаа иргэдээс санал авах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, сонгогчдын нэрсийн жагсаалтыг ил тод болгох зэрэг сайн өөрчлөлтүүдээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулмаар байна. Төрийн бодлого том, тодорхой, тогтвортой баймаар байна. Одоогийн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд хүйсийн квот 20% хувьтай байгаа гэтэл УИХ-ын Сонгуулийн тухай хуульд 30, 40% болчихсон байгаа. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэх хүсэлтийг иргэд ирүүлсээр байгаа учир Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх арга замыг эрэлхийлцгээе” гэв.
Түүний саналын хариуд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “С.Бямбацогт гишүүний ярьсан өөрчлөлтүүдийг тусгасан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтүүдийг хийгээд өнгөрсөн намрын УИХ-ын чуулганаар хэлэлцүүлээд дэмжигдсэн ч батлагдаагүй. УИХ өөрөө ингээд шийдчихсэн. Яахав эрхзүйн дүгнэлт гаргаад хуульд өөрчлөлт оруулах нэг жилийн хугацааг 6 сар болгож болно. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл бишээ гэж үзвэл С.Бямбацогт гишүүний хэлж байгаа шиг хугацаа байна” гэв.
Ийнхүү ээдрээт замыг туулж байгаа хуулийн төсөл дахиад гацаанд оров. Ямартаа ч сонгууль болох өдөр дээр гишүүд нэлээд хэлэлцүүлэг өрнүүлж, тав дахь өдөр биш гурав дахь өдөр байлгах саналуудыг гаргаж байсан ч олонхийн саналаар ТББХ-оос орж ирсэн саналаараа буюу 2024.10.11-ний өдөр болохоор товлогдлоо. Гэвч сонгуулийн тогтолцоо нь ямар байх нь, иргэдийн хүсэлт, хүлээлтийг хүлээж авсан нь ч эргэлзээтэй, УИХ-ын даргын мэдэгдсэн тогтолцооны өөрчлөлтүүдээ дуусгах зорилгодоо хүрэх эсэх нь тодорхойгүйгээр өнөөдрийн чуулган завсарлалаа. Тогтолцооны шинэчлэлээ дуусгаарай гишүүдээ!!!