-Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Тойрог томорсноор саналын хуудас дээр бичигдэх нэр дэвшигчдийн жагсаалт нэмэгдэж байгаа. Сонгогчид яавал төөрч будилахгүйгээр саналаа өгөх вэ?
-Сонгуульд оролцоно гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс сонгогдох эрхээ эдэлж, хэсэг бүлэг хүмүүс сонгох эрхээ хэрэгжүүлж байгаа үйл явдал юм. Сонгох эрхээ эдэлж байгаа иргэн бүрийн хувьд алдаа мадаг гарахгүй, нэгж иргэн таны санал үнэгүйдэхгүй байх нь нэн чухал. Бас өөрийгөө төлөөлүүлж өөр хүнийг элч болгон илгээж байгаа учраас тэр хүн итгэл даах, нийгмийн бүлгээ төлөөлж чадах хүн байх ёстой. Тэгэхээр тийм итгэл даах хүнийг намууд нэр дэвшүүлж өгөх ёстой.
Одоогоос жилийн өмнө иргэдийн дэмжлэг хангалттай биш байхад энэ парламент маань нэгж гишүүнд ирдэг эрх мэдлийг сааруулна, парламентын төлөөлөх чадварыг сайжруулна гэсээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосныг бүгд мэдэж байгаа. Иргэдийн хувьд үнэхээр сайжрах юм бол яамай даа гэсээр дуулгавартайгаар тэр өөрчлөлтийг хүлцсэн. Гэхдээ одоо намуудын нэр дэвшүүлэх үйл явц, яригдаж байгаа хүмүүс, сонгуулийг бүсчилсэн тойрог болгож асар том тойрог руу шилжүүлсэн зэргийг харахад хангалттай үр дүн харагдахгүй л байна. Манайх өмнө нь томсгосон мажоритор тойргоор хоёр ч удаагийн сонгуулиа өгч байсан ч анх удаа бүсчилсэн буюу хэдэн аймгууд нийлж, зарим дүүргүүд нийлсэн ийм хэлбэрээр өгөх гэж байна. Үүнийг судлаачид дэлхийд байдаггүй жишиг гэж байгаа. Эрх баригчид маань бүсчилсэн хөгжилтэй холбож юм яриад л байгаа. Өнгөрсөн жил суурь хуулиуддаа дэвшилтэт өөрчлөлтүүдийг хийсэн ч, сонгууль дөхүүлж байгаад ямар хэлбэрээр явуулбал өөрсдөдөө ашигтай байх вэ гэж тооцоо гаргаж шийдсэн бүсчилсэн тойрог зарим нэг хүндрэлүүдийг яах аргагүй бий болгож байна.
Жишээлбэл энэ удаагийн холимог тогтолцоогоор, 10 мандаттай тойрогт наад зах нь 250 хүний нэрсээс өөрийгөө төлөөлүүлэх хүнээ сонгоно. Дээрээс нь нам эвслийг сонгоно. Энэ бол өмнө нь сонгогчдод ирж байгаагүй том даалгавар учраас төөрч будилах нь тодорхой. Угаасаа төөрч будилах эрхийг нь иргэдэд өгөх хэрэгтэй. Маш сайн мэдээллээр хангах хэрэгтэй. Арван мандаттай газар 9 хүнд санал өгсөн бол, нэг нам эвслээс илүүг тэмдэглэсэн бол таны саналын хуудас хүчингүй болно. Яг тэр өдөр хэрэв та андуурч бичээд саналын хуудсаа хүчингүй болговол нэг удаа солих эрх нээлттэй шүү, айж ичих хэрэггүй чөлөөтэй хэлээд аваарай гэдгийг хүмүүст хэлж өгөх хэрэгтэй. Цаг хугацаанд баригдалгүй тайвнаар сонголтоо хих боломжийг ч хангах учиртай. Иргэдэд хандаж хэлэхэд энэ бол таны төрийн эрхийг албан ёсоор барих үнэт эрхээ өөр хүнд албан ёсоор шилжүүлэн өгөх гэж байгаа хариуцлагатай үе учраас тэнд очоод танил харагдсан нэрээ дугуйлж болохгүй шүү гэдгийг сайн хэлмээр байгаа юм. Танай тойрогт хэдэн хүн нэр дэвшиж байна, хэн байна гэдгийг судлаад сонголтоо хийгээд очоорой гэдгийг бүр гуймаар байна. Та өөрийнхөө амьдралын төлөө хариуцлагатай байх үедээ хариуцлагатай байхгүй бол улс төрийн нам хүчнүүд бидний амьдрал дээр яаж “танц” эргэдгийг бид хангалттай харлаа шүү дээ. Дээрээс нь намуудын нэр дэвшүүлж “шахсан” хүмүүсээс нэр дугуйлах биш ямар хүмүүсийг хүлээж байгаа, хүсч байгаагаа илэрхийлэх шаардлагатай. Яг одоо намууд нэр дэвшигчдээ тодруулахаар ид ажиллаж байгаа үед нь бид илэрхийлэх хэрэгтэй. Бид бүгдээрээ нүүр номоороо үүнийг шахаж нэхэж болно, хүн болгон л фэйсбүүкийн хэрэглэгч байна шүү дээ. Намуудын шахсан нэрс дээр биш ямар хүнээр төлөөлүүлмээр байгаагаа нийтээрээ илэрхийлээсэй.
Улс төрийн боловсрол олгох “UnFilter”подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч нийтлэлч Э.Энэрэл