Монгол Улс олон намын тогтолцоог сонгоод 30 гаруй жилийг үдлээ. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон ч бий. Ямартай ч энэ бүх хугацаанд та бүхэн ардчиллыг бэхжүүлэхээр бартаат замаар зүтгэсээр ирсэн. Нүүдэлчин соёл, эрх чөлөөт философитой монголчуудыг намын туг доор нэгтгэнэ гэдэг амаргүй байгааг ойлгож байна. Гэхдээ бид зөв зам руугаа алхам, алхам урагшилж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Монголын улс төрийн түүхэнд манлайлал, үнэт зүйл, зарчмаараа түүх болон үлдсэн мянга мянган төрийн зүтгэлтнүүдийн үйл хэргийг үргэлжлүүлж хэн хүний даахад хэцүү тээштэйгээр түүхийг бүтээж буй улс төрийн намын удирдлагууд та бүхэнд иргэн хүнийхээ хувиар захих үгсээ энд сийрүүлж байна.
Ардчилсан Монгол Улсын иргэд есдэх удаагийн парламентын сонгуулиа хэзээ хэзээнээс илүү мэдрэмжтэй өгч, анх удаагаа нийгмийн бүлгийн төлөөллөөс бүрдсэн парламент бүрдлээ. Энд УИХ-д суудалтай болон суудалгүй бүх намуудын манлайлал, зүтгэл байсныг дахин гэрчилж үлдээхийг хүсэж байна. Гэхдээ бидэнд улам сайжруулж, чанаржуулах зүйлс их байна.
Ардчилсан тогтолцоонд шилжсэн цагаас эхлэн хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд дуу хоолой илүүтэй идэвхжсэн. Хүйсийн дайн зарлах гэсэн бус хүний нөөц хязгаарлагдмал улсын хувьд хүйс харгалзахгүй хөгжлийн үйл явцад ижил тэнцүү оролцож, үр шимийг нь хэнийг ч хойно үлдээлгүй тэнцүү хүртэх тухай л ойлголт гэдгийг өдгөө хүмүүс ухамсарлаж байна. Хүн бүрийн улс төрийн эрхийг хангах хамгийн чухал институт болохынхоо хувьд та бүхэн энэ агуулгыг хэнээс ч илүү ойлгож, ухамсарлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
УИХ-ын сонгуулиа ухаалаг өгсөн сонгогч түмэн одоо аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ парламентыг сонгох их үйлсийн өмнө ирээд байна. Ардчилсан улсын иргэний хувиар өөрийн улс төрийн эрхээ улс төрийн намаар дамжуулан эдлэхээ ухамсарлаж байгаа учир та бүхний үг, үйлдэл бүрийг анхааралтай ажиглаж байна. Бас ч үгүй багагүй бухимдалтай суугаа биз. Амьдарч буй орчноос ирэх бухимдал, эрүүл мэндийн эрсдэл, өдрөөс өдөрт өнгө нь гундах хот, дүүрэг, өөрийн төлсөн татвар нь хэн нэгний халаасанд шууд шилжиж байгаа гэсэн хардлага гээд тэдэнд бухимдах, гомдох зүйл багагүй бий. Гэхдээ энэ улсын иргэд чинь итгэлээ алдахгүй сонгуулиас сонгууль бүрд улам хариуцлагатай болж байгааг өнгөрсөн жилүүдийн сонгуулийн үр дүн харуулна.
Ардчилсан сонгууль гэдэг ийм л хүчтэй.
Сонгогч бид та бүхнээс хүсэх зүйл байна. ИТХ-ын төлөөлөгчдөө сонгодог чухал сонгуулийн ач холбогдол, үнэ цэнийг улам илүү тодотгож, нэр дэвших үйл явцдаа мэдрэмжтэй хандаасай гэж хүсэж байна. Хэн нь ажил хийхээр сонгогдсон нэр дэвшигч болох, хэн нь хэн нэгэн даргын “хүн” болохыг түвэггүй гадарлах учир хороо, дүүрэг, хотдоо ажил хийх хүнийг л бидэнд илгээхийг хүсэж байна. Өмнө нь УИХ-ын сонгуулийн сүрд дарагдан, сүүдэрт үлддэг байсан орон нутгийн сонгууль өдөр тутмын амьдралыг нь өөрчлөх амьдралд ойр хүмүүсийг гаргаж ирэх ёстойг иргэд чинь мэддэг болсоон.
Тиймээс хүүхдийн тэргээ түрж гудмаар алхаж үзсэн ээжийг, хотын хүртээмжгүй байдлыг өөрийн биеэр мэдэрч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг, хүндээ ээлгүй хотын бодит хохирогч болсон үрсээ зөөдөг аавыг, скүүтэр уналаа гэж адлагдах ч ажилдаа амжихыг хичээх залуу хүнийг, хэн бүхнээс илүү энэ хороогоо мэдэх иргэнийг илгээж өгнө үү хэмээн хүсэж байна.
Түүнээс ирэх сонгуулийг харж, хөлийн гишгүүр хийх цүнх баригчдыг, даргадаа, намдаа төсвөөс хандив босгож өгдөг бялдуучдыг, иргэдийн нэрээр төлөөлөгч болчихоод төрийн албанд алба хашиж дөрвөн жилийг барах гэсэн шимэгчдийг бид дахин хармааргүй байна.
Та нарт тэднийг хасчихвал нэр дэвшүүлэх хүн байхгүй байна гэж үү?
Орон нутгийнхаа хөгжилд өөрийн үлдсэн эрчим, энергиэ зарцуулахад бэлэн мянган мянган эмэгтэйчүүд танай намд бий. Монголын бүх намуудын гишүүнчлэлийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Ийм байхад тэднийг улс төрийн идэвхгүй гэж хэлэх эрх үгүй ээ. Мэдлэг, чадвар, туршлагаараа тэд гэр бүлээ, улсаа чирж яваа та бүхэн мэднэ. Атал шийдвэр гаргах түвшиндээ тэдний оролцоо бага байгааг ч мэднэ. Эр, эм хүйс тийм ийм гэхээсээ илүүтэй энэ их боловсролтой нөөцөө улс орны хөгжилд бүрэн дайчлах нь мэдээжийн асуудал юм. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд томоохон намууд аливаа асуудалд нэр холбогдоогүй, боловсолтой, чадварлаг эмэгтэйчүүдээр “гоёж” сонгогчдын саналыг авсныг түмэн мэднэ. Одоо орон нутгийн хөгжилдөө тэд оролцохоор бэлэн болсон. Харин та бүгд л хаалгыг нь уужуухан нээгээд үлдээчих.
Сүүлийн 76 гишүүнтэй УИХ ажлаа дутуу хийсэн. Тогтолцооны шинжтэй өөрчлөлт хийлээ гэж бахархан ярих ч орон нутгийн түвшинд дахиад л хөсөр хаячихсан. Санаатай, санамсаргүйг бүү мэд. УИХ-ын сонгуулиа шинэ тогтолцоогоор хийсэн мөртлөө орон нутгийн сонгуулиа хуучин тогтолцоогоор хийх гэж байгааг хөлд таарсан гутал өмсч нэг баярлачихаад буцаад бачуухан бахиал руу хөлөө чихэж байгаатай адилтгаж болох.
Энэ алдаагаа сонгуульд нэр дэвшүүлэх, оролцох эхний үеэсээ засаад явчих боломж бүх улс төрийн намуудад байна. Нам эвслээс нэр дэвших аль нэг хүйсийн төлөөллийн босго нь 20 хувийн квот гэсэн заалт хуучин хуулиараа хүчин төгөлдөр байгаа. Гэхдээ доод тал нь 20 хувь гэдгийг гуч, дөч бүр 50 хувьд хүргэх боломж нь нээлттэй. Хуульд заасан нь тааз бус босго болохыг өнгөрсөн сонгуулиар та бүхэн манлайлж үзүүлсэн шүү дээ. Одоо энэ манлайллаа үргэлжлүүлээсэй гэсэн хүлээлт байгааг энд дахин тодотгоё. Монголын түүхэнд үлдэх том манлайллыг хийж чадсан хүмүүс одоо ч бодлогыг барьж байгаа учраас тийм итгэл байна, бидэнд.
Энэ бүхний эцэст та бүгдэд л илүү том хаалга нээгдэх нь гарцаагүй. Оролцоо нь улам бүр бүдгэрсээр байсан мянга мянган намын гишүүн эмэгтэйчүүд, өөрийн улс төрийн оролцоогоо хэрхэхийг шийдэж чадахгүй байсан Монголын бүх эмэгтэйчүүдийн та бүхэнд итгэх итгэл улам батжина. Намынхаа дотоод ардчиллыг зарлан тунхаглах таатай боломж биш гэж үү?
Сонгууль гэдэг бодлогын өрсөлдөөн бус мөнгөний өрсөлдөөн болсныг хэн хүнгүй ярьж байна. Энэ бүхэнд та бүгд хамгийн том хариуцлага хүлээх ёстой нь ч үнэн. Энэ нь та бүгдэд ч зовлон, бидэнд ч бүүр том зовлонг авчраад удлаа. Сонгогч бид үүнийг халахын тулд хэрэндээ л хичээж байгаа. Одоо үүнийг халъя, хэн хэнийхээ зовлонг хагаслах гээд хичээгээд үзье. Сонгуулийн төсөр, ухаалаг хийх арга олон байна. Шинэ соёлд хамтдаа суралцъя. Бид бэлэн та бүхэн бэлэн үү?
UnFilter Подкастыг эрхлэн гаргагч
Б.Анхзаяа, Э.Энэрэл