Эрхийн асуудлаа хөндөх өдөр элдэв цэцэг, шокалатад баярлаад л өнгөрдөг гэх шүүмжлэл МАРТ-8-наар эмэгтэйчүүдийг яалт ч үгүй дагадаг. Хавтгайрсан баярууд дундаас ямар нэгэн ялгарал үгүй, ийн баярласаар ирсэн нь ч шүүмжлэлийг дагуулах шалтгаан болсон. Угтаа бол эмэгтэйчүүд баярлахын сацуу эрх мэдэл, оролцоо нь дутаж, эрх нь зөрчигдөж буй асуудлаа хэлэлцэж, дуу хоолойгоо хүргэх учиртай өдөр. Тэр тусмаа МАРТ-8-ныг анхны утга агуулгаар нь тэмдэглэн өнгөрүүлэх шаардлага бийг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, нөхцөл байдал тодоос тод харуулж буй.
ХХ зууны эхээс эхэлсэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийн гол чиглэл сонгох эрхийн төлөө байлаа. Харин нэгэн зууныг элээсний дараагаас дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн төлөө тэмцэл өрнөж байна. НҮБ 2024 онд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг “Эмэгтэйчүүдээ дэмжье: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” уриан доор тэмдэглэх болсон нь ч учиртай.
Энэ үүднээс улс төрийн намууд ч эмэгтэйчүүдийн сонгогдох боломжийг бий болгох, тэгш оролцоог хангах үүргийнхээ дагуу МАРТ-8-ныг “тэмдэглэж” өнгөрүүллээ. Монголын улс төрийн намууд энэ асуудалд хэр мэдрэмжтэй, нээлттэй хандаж байгаа эсэхийг эндээс дүгнэж болно.
МАН эмэгтэйчүүдээ дэмжив
Гуравдугаар сар эхээр МАН-ын дэргэдэх SDY хуучнаар НАМЗХ-ны удирдах зөвлөл хоёр залуухан бүсгүйгээр хүрээгээ тэлснээ зарлалаа. Тус байгууллагын шинэ Дэд ерөнхийлөгчөөр Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, Дэлхийн банкны зөвлөх Б.Тэмүүлэн нарыг томилжээ. Энэ хоёр залуу бүсгүй дэлхийн боловсролыг эзэмшиж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар шийдсэнийг дэмжиж, ийн томилсон нь МАН-ын тэгш төлөөллийг хангахад анхаарч буйн илрэл билээ.
ХҮН зөв соёл түгээв
Баярын өдөр цэцэг, навч, уран яруу үгсээр бялхсан мэндчилгээнүүд хаа сайгүй хөвөрсөн ч ХҮН-ын мэндчилгээ онцгойрч чадлаа. Төлөөллийг хангах чухал институц болохоо ухамсарлаж, эмэгтэйчүүдийн сонгогдох эрхэд тулгардаг нэгэн том сорилт болох нийгмийн сүлжээний ялгаварлан гадуурхалтыг асуудлыг хөндөж, эерэг уриалга дэвшүүлсэн нь яалт үгүй шинэлэг мэндчилгээ байв. ХҮН улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр бодит алхам хийхээр ХҮН 50/50 бодлогоо зарлан хэрэгжүүлж буй. Шинээр бүрэлдэн бэхжиж байгаа намын хувьд улс төрийн зөв соёлыг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар ийнхүү ялгарлаа зарласан. Зарлаад ч зогсохгүй намын дотоод бүтэцдээ ч энэхүү зорилгыг бодитоор хэрэгжүүлэн ажилласаар байгаа. ХҮН-ын Удирдах зөвлөл дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь 44, Гүйцэтгэх зөвлөл дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь 37 байгаа юм.
Мэндчилгээг дараах линкеер үзээрэй: ХҮН нам
АН эмэгтэйчүүдийн төлөө тайвнаар жагсав
Баярын өдөр Улаанбаатарын төв Сүхбаатарын талбай цэнхэр өнгөөр “гоёсон”. Ардчилсан намын эмэгтэйчүүд гуравдугаар сарын эхний долоо хоногийг Эмэгтэйчүүдийн өдөр болгон “тэмдэглэн” өнгөрүүлжээ. Тэр дундаа “баярын” өдөр хийсэн тайван жагсаал нүдэнд яах аргагүй байх ёстой, үгүйлэгдсэн үйл байв. Эмэгтэйчүүдэд тулгардаг нийгмийн олон асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор хийсэн тайван жагсаал нь ч шинэлэг байж зорилгодоо ч хүрлээ. Ардчилсан хувьсгалаас эхлээд Монголын түүхийг хамт бүтээлцэж, бичилцсэн Ардчилсан эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолойг одоо л хэрэгтэй байгааг тэд сануулж чадлаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ардчилсан нам жендэрийн бодлогоо албан ёсоор зарлаж, тэнцвэртэй төлөөллийг хангах тал дээр бодит алхам хийнэ гэдгээ ч амласан. Амласан амлалтдаа ч хүрэхээр зорьж буйг сонгуулийн өмнөх эмэгтэйчүүдийн баярыг ийн “тэмдэглэснээс” харж болно.
Нэг жилийн өмнө Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намын дарга нар тэгш оролцоо, тэнцвэртэй төлөөллийн төлөөх амлалтад гарын үсэг зурсанд олон улсын төлөөллүүд, олон нийт гэрч болсон. Ийнхүү “намууд амлалтдаа хэзээ хүрч байлаа” гэх ойлголт буруу гэдгийг баталсан үйл явдлууд сонгуулийн өмнө үргэлжилсээр байна.
Эмэгтэй сонгогдох эрхтэй ч …
Хэдийгээр хуулиараа хэн ч сонгогдох эрхтэй ч эмэгтэйчүүдийн гараа, боломж нь тэгш бус байгаад асуудал бий. Эмэгтэйчүүд энэ эрхээ эдлэхийн тулд ил, далд олон саад бэрхшээлийг туулдаг.
Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлсийг дэлгэрүүлье.
- Хэт мөнгөнөөс хамааралтай сонгууль. Монгол Улсад өмч хөрөнгө эзэмшилт, санхүүгийн эрх мэдэл дийлэнхдээ эрэгтэй хүнд төвлөрдөг.
- Улс төрийн намын соёл мөнгөтэй, эрэгтэй хүнд ээлтэй, намуудын дотоод ардчилал хөгжөөгүй буй нөхцөл байдал;
- Эмэгтэйчүүдийг бүхий л хэлбэрээр ялгаварлан гадуурхах нийгмийн хандлага бат бэх оршсоор байгаа байдал зэрэг хүчин зүйл нь тэнцвэртэй төлөөллийг хангахад бодит бэрхшээл болсоор байна.
Гэхдээ дээрх хүчин зүйлсийг арилгах, нийгмийн үүргээ ухамсарлан бодит дэмжлэг болох институт бол улс төрийн нам. Харин улс төрийн намууд энэхүү нийгэмд гүйцэтгэх үүргээ ухамсарлан МАРТ-8-ныг “тэмдэглэсэн”-ээс харахад тэгш боломжийн ирээдүй бий гэдэгт итгэж болох нь.
Жендэр активист Б.Анхзаяа