Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх зэрэг ерөнхий шинжээр илэрдэг.
Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаагаа дэмжих юм. Тиймээс ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зарим аргуудыг хүргэж байна.
Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
- Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах;
- Улирлын байдалд тохируулан хувцаслах;
- Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх;
- Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх;
- Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх;
- Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх;
- Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
- Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг юм.
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
- Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахиж, хамт олон, найз нөхдөдөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадалгаа авч, гэртээ эмчлүүлэх;
- Халуун аарц, чацарганын шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх;
- Амны хаалт байнга зүүж хэвших;
- Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах;
- Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх;
- Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх зэрэг байна.