Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас ажлаас халшрах хам шинжийг тодорхойлохдоо, “Зохицуулж чадаагүй ажлын байрнаас шалтгаалсан архаг стрессийн хам шинж” хэмээн тодорхойлжээ. Ажлаас халшрах хам шинжийг зохицуулахад хамт олны дэмжлэг буюу “хамтын халамж” туслах боломжтой. Ажлаас шалтгаалсан стрессийг даван туулах, зохицуулах нь зөвхөн тухайн хувь хүний ганцаараа хийх ажил, үүрэг биш бөгөөд хамт олны туслалцаатай хийх үйлдэл юм.
Учир нь ажлаас халшрах хам шинж нь ажлын байрны хамтын сайн сайхан байдалтай холбогдох асуудал учир хамтын халамж шаардлагатай. Хамтын халамжийн ач холбогдол:
- Бие биеэ дэмжих тогтолцоог нэмэгдүүлдэг;
- Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бодлогыг байгууллагын түвшинд хэрэгжүүлэх;
- Ажилтнуудыг хөгжилдөж, хамтдаа суралцахад нь урам зориг өгч, ёс суртахуунтай эв нэгдэлтэй багийг бүрдүүлэхэд тусалдаг.
Хамтын халамжийн нэг хэлбэр нь хамт олны жендэрийн мэдрэмжтэй харилцаа юм. Ажлын байран дээр ажилтан хоорондын харилцаа жендэрийн мэдрэмжтэй байх нь бүх хүнийг ижил тэгш оролцоог хангахад чиглэдэг. Өдөр тутмын харилцаагаар нэг хүйс, жендэрийг жишиг гэж үзэн өрөөсгөл, ялгаварлан гадуурхсан, доромжилсон мэтээр тайлбарлаж болох үг, дүрслэлийн сонголтоос зайлсхийхийг хэлнэ. (Guide: gender-inclusive communication, UNODC) Ажлын байран дахь жендэрийн мэдрэмжтэй харилцаа гэдэг нь байгууллага доторх хүмүүсийн янз бүрийн хүйс, өвөрмөц байдал, туршлагыг харгалзан үзсэний үндсэн дээр хэл яриа, харилцааны стратеги ашиглахыг хэлнэ.
Жендэрийн мэдрэмжтэй харилцаа нь:
- Аль нэг хүйс, жендэрийг онцолсон, хэвшмэл ойлголтыг бататгасан үг ашиглахаас зайлсхийх;
- Байгууллага доторх хүнд тэгш оролцох боломжийг хангах;
- Ажилтнуудын янз бүрийн, ялгаатай онцлогийг харгалзаж, тэнцвэртэй хандах;
Жендэрийн мэдрэмжтэй харилцааны жишээ:
- Хурал, аливаа үйл ажиллагааны үеэр үйлчлэх ажлыг (цай, кофе зөөх гэх мэт) бүгд ээлжлэн, ижил тэнцүү хийдэг;
- Байгууллагын хог ангилах, ахуйн ажлуудыг бүгд хуваалцан хийх;
Жендэрийн мэдрэмжгүй харилцааны жишээ:
- Хурлын протоколыг зөвхөн залуу, эмэгтэй хүнээр хөтлүүлэх;
- Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг жендэрээр ялгаварлан хуваарьлах. Арчих цэвэрлэх ажил бол эмэгтэй хүн хийх. Өргөх, засах эсвэл технологийн ажил бол эрэгтэй хүн хийх гэх мэт.
Жендэрийн тэгш бус байдал нь соёл, нийгмийн хэм хэмжээ, хандлага, эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй. Хэл, харилцаагаар дамжуулан ихэвчлэн үүнийг илэрхийлж байдаг.
Эх сурвалж: Азийн сан (wbc.mn)