Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны ( 30-69 нас) хүн ам эзэлж байна. Монгол Улсын хүн амын 24.2% (эрэгтэй-43.7%, эмэгтэй-5%) тамхи татаж байгаа бөгөөд тэдгээрийн 96.8% тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Тамхи татсанаар:
- Зүрхний титэм судасны эмгэг үүсэх эрсдэл 2-4 дахин;
- Тархины харвалт болох эрсдэл 2-4 дахин;
- Эрэгтэйчүүд уушгины хавдраар өвдөх эрсдэл 25 дахин;
- Эмэгтэйчүүд уушгины хавдраар өвдөх эрсдэл 25.7 дахин нэмэгддэг;
Хэрвээ тамхиа хаявал таньд дараах эерэг өөрчлөлтүүд бий болж болох юм.
-Та их мөнгө зарахгүй болно. Учир нь жилээс жилд засгийн газар 1 ширхэг тамхинд ноогдох татварын үнийг өсгөх замаар тамхины үнэ улам нэмэгдэж байгааг та анзаарч байгаа байх.
-Нян бактерийн халдварт өртөх магадлал багасаж, нойр хэвийн болно.
-Ажлын бүтээмж чинь нэмэгдэнэ.
-Таны яс бэхжинэ.
-Псориазтай болох эрсдэл багасна.
-Гар хөлийн үзүүр хүйтэн байх зовиураас ангижрана.
-Мөнгөө хэмнэснээр хэмнэсэн мөнгөө өөрийн болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээнд хэрэгтэй зүйлсээ авах боломжтой болно.
-Тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл тань буурах болно.
-Үрчлээ бага үүсэх болно.
-Ходоодны хүчил ихсэх, цээж гашуу оргих зовиур тань багасах болно.
-Амтлах мэдрэхүй тань сэргэж, таны идэж буй хоол хүнс амттай болж ирнэ.
-Таны үнэрлэх мэдрэхүй сэргэх болно.
-Үс бууралтах, үс унах нь багасна.
-Хувцас, машины бүрээсэнд чинь тамхинд түлэгдсэн цоорхой үүсэхгүй болно.
-Ахуйн хэрэглээний усны хэрэгцээ буурна. Учир нь таны тамхины үнэр шингэсэн хувцас, цагаан хэрэглэлийг угаахад их хэмжээний ус хэрэгтэй болдог.
-Шүдний эмнэлэг ойрхон ойрхон очих шаардлагагүй болно.
-Ам зайлах, эвгүй үнэр дарагч уусмалд зарцуулах мөнгөө хадгалах боломжтой болно.
-Таны шарх хурдан эдгэрэх болно.
-Та хүүхдээ хордуулахгүй болно.
-Цэвэршилт эхлэх нас бага зэрэг хойшилно.
-Амьдралын сайн сайхныг илүү мэдрэх болно.