Улс төр судлалын доктор, МУИС-ийн дэд профессор, Стратеги академийн захирал
Миний хүүхэд нас социализмаас Ардчилалд шилжсэн, ид өөрчлөлтийн үед өнгөрсөн.
Одоо бодоход жаргалтай үе байж дээ. Айлын ууган хүүхэд болоод ч тэр үү өвөө, эмээ
маань намайг их нандигнаж эрхлүүлнэ, би хайранд умбаж өссөн. Ах дүү гурвуулаа,
биднийг бага байхад одоо шиг сошиал ертөнц гэж үгүй, тоглоом ч цөөхөн, хийдэг зүйл
минь ном унших байлаа шүү дээ. Тэр үед аав, ээж минь хоёулаа 3, 4 дүгээр Цахилгаан
Станцад ажилладаг, ер нь манайхан бүгд техникийн чиглэлийн хүмүүс.
Манай гэр бүл угаасаа ажилсаг гэж жигтэйхэн. 1990-өөд онд Монголд анхны пүүсүүд
байгуулагдахад аав минь тэнд байж л байсан. Манай аав байнгын шинийг эрэлхийлэгч
хүн. Үр хүүхдүүдээ дагуулаад хамтдаа хөдөлмөрлөдөг. Ардчиллын үед аав маань Хоршоо
байгуулж, Шар хадны цэргийн хуаранг хувьчилж аваад лаа, саван үйлдвэрлэж эхэлсэн.
Манайх бас малтай байлаа. Намайг мал маллаж байсан гэхээр одоо хүмүүс итгэдэггүй.
Харин ээж минь 3 дугаар цахилгаан станцдаа 42 жил тууштай ажилласан эмэгтэй бий.
Миний мэдэхийн л ажилдаа их шаргуу, таслах битгий хэл хоцорч ч үзээгүй хүн. Ийм гэр
бүлд өссөн хүн чинь ажилсаг байхаас өөр яах билээ. Эргээд санахад хийсэн зүйлдээ эзэн
байж, эцсийг нь үзэж, ард нь заавал гарах ёстой гэдэг амьдралын алтан зарчмаа гэр
бүлийнхнээсээ өвлөж дээ гэж боддог юм.
Миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн бол эмээ. Тун цээж сайтай, үлгэр домог,
ардын аман зохиол маш их ярьж өгдөг. Алхах гишгэх тоолонд минь бүхний учрыг нарийн
тайлбарлаж, ухаарал хайрладаг. Үг бүр нь сургаал байж дээ. Бас аавын минь аав байна.
Өвөө Завхан аймгийн Түдэвтэй суманд амьдардаг болохоор зуны амралтаараа л уулздаг
байлаа. Намайг жаахан байхад “Миний охин доктор болно” гэж байсан нь сэтгэлд минь
хоногшиж үлдсэн. Ер нь хүүхдийг багад байхад нь хэлсэн онцгой үг тод дурсамж үлдээж,
ой санамж болж хадгалагдан замыг чиглүүлдэг санагддаг.
Дунд сургуульд байхад “Том болоод ямар хүн болох вэ” гэсэн зохион бичлэг хийлгэсэн
юм. Би “Багш болно, эсвэл бол улстөрч болно” гэж бичиж байснаа сайн санадаг. Улс төр
судлаач болоход хамгийн их нөлөөлсөн нь энэ эссе байх. 1990-өөд онд УИХ-д нэр дэвшиж
байсан халимаг үстэй, жинс өмдтэй Х.Хулан гэж эмэгтэй тэр үед их л өвөрмөц харагдаж билээ. Түүнийг хараад урьд өмнө төсөөлж байгаагүй эмэгтэй хүний дүр төрхийг анх
мэдэрсэн. Улстөрч эмэгтэй хүн ийм байдаг байх нь ээ гэж бодогдсон доо.
Бусдыг манлайлах чадвартай би есдүгээр анги хүртлээ ангийн дарга хийсэн идэвхтэн
сурагч байлаа. Сургуулиа төгсөөд улс төр судлалаар докторын зэрэг хүртэл хамгаалсан.
Японоос 2013 онд ирээд МУИС-д Улс төр судлалын тэнхимд багшаар орсон. Тухайн
үеийн тэнхимийн хамт олондоо үргэлж талархаж явдаг. Өнөөдрийг хүртэл маш олон
зүйлийг суралцсаар, бүтээлцсээр явж байна, цаашид ч тийм байх болов уу. Судлаач хүн
хувьд улс төрийн нам, тогтолцоог өөрчилмөөр, сайжруулмаар байна гэж ярьдаг,
шүүмжилдэг зүйлээ өөрөө дотор нь ороод хамтдаа өөрчилье гэсэн хүслээр улс төрд орсон.
Шийдвэр гаргах түвшинд гарлаа гэхэд том зургаар нь харах юм бол бүгдээрээ сайхан
амьдрах нийгмийг бүтээмээр байдаг. Судлаачийн хувьд нарийвчлаад харвал ямар улс
төрийн засаглал, эрх мэдлийн тогтолцоо, улс төрийн намууд байгаагаас шалтгаалан,
тухайн нийгмийн хөгжих эс хөгжих шийдэгдэж байдаг хэмээн үздэг. Тиймээс бидний
хүсээд байдаг хүнийг хүн ёсоор дээдэлдэг, бүгдэд боломжийг олгодог, хөдөлмөрийнхөө
үр шимийг хүртэж чаддаг, аюулгүй нийгмийг хэрхэн бодит болгох вэ гэдгийн төлөө л явна
гэсэн үг. Хоёрт нь, би боловсролын салбарын хүн учраас эрх тэгш боломжийн асуудалд
санаа зовнидог. Боловсролын чанартай хүртээмж бүгдэд эрх тэгш олдох, улмаар эзэмшсэн
мэдлэг боловсролоороо шударга өрсөлдөн, баялгаа өөрөө бүтээх боловсролын тогтолцоо
хэрэгтэй.
Миний хамгийн том баялаг бол эзэмшсэн мэргэжлүүд, мэдлэг, боловсрол, гэр бүл минь
юм. Нэг зүйлд зорихоороо дайчин, тууштай, дуусгаж байж санаа амардаг зантай. Зарим
хүн намайг “зөөлөн мөртлөө үнэндээ хүчтэй” гэж хэлдэг юм. Мөн нийтэч, хүмүүсийг
цуглуулж, зохион байгуулалтад оруулж чаддаг. Аливаа хүнийг юу хийж чадах, ямар давуу
тал байгааг танин мэддэг. Би хүн загнадаггүй. Хүн л юм чинь алдаа гаргана, загнахаас
илүү ойлгуулах, урам өгөх нь илүү чухал. Хүний итгэлийг алдахгүй, нөхөрлөхдөө дандаа
сайныг нь харахыг хичээдэг. Японд хамгийн сайн сурсан зүйл бол цаг барих, зарчимтай
байх. Төгсөөд эх орондоо ирээд уулзах цагтаа ирсэн ч нөгөө хүн нь байхгүйд дургүйцдэг
байлаа.
Судлаачийн хувьд сүүлийн үед УИХ-ын гишүүдийн тоо, жендэрийн квот, намын
санхүүжилтийн асуудал дээр судалгаанууд хийсэн. Судалгаагаа бодит ажил болгох боломж судлаач хүн болгонд олдоод байдаггүй. Үндсэн хуулийн өөрчлөлт, Намын тухай
хуулийн ажлын хэсэгт орж, холимог систем, төрийн санхүүжилт, жендэрийн квот гээд
тогтолцооны системийг өөрчлөхөд гар бие оролцсондоо баярладаг. Тэр маань яалт ч үгүй
та дотор нь ороод өөрчлөөч гэсэн ажлын эхний илрэл байсан. Манай улс төрийн тогтолцоо
хараахан төлөвшиж чадаагүй байгаа тул Монгол Улс тэр чигээрээ судалгааны талбар шиг
санагддаг. Хүний хүчин зүйлээс шууд хамаараад байдаггүй улс төрийн тогтолцоог
бүтээлцэхэд жаахан ч гэсэн хувь нэмэр болох хүсэлтэй. Улс орон маань хөгжлийн зөв
голдрилдоо ороход нь гар бие оролцож, хамт бүтээлцэх үүрэг авсан гэмээр тийм нэг
торгон үед төрсөн хувь зохиолтой хүн гэж өөрийгөө боддог.
М.Сугар-Эрдэнэ