Дээд сургуулийн нэгдүгээр курсээсээ сурахын хажуугаар цагаар ажиллаж, цалингаараа дараа жилийн төлбөрөө төлөөд зогсохгүй ар гэрээ авч явдаг оюутан байлаа. Энэ нь надад хүнд хүчир санагдаж байсангүй, харин ч залуу насны минь эрч хүч, хэмнэлд тохирсон, сонирхолтой бас их зүйлийг ойлгож, сурч авсан. Төгссөнөөсөө хойш телевиз, мэдээлэл холбоо, хүнс, даатгал зэрэг цөөнгүй салбарт ажиллахдаа бүгдэд нь уригдан орж ажилласан нь миний намтрын нэг онцлог гэж хэлж болох байх аа. Ажил хийнэ гэдэг бол хувь хүн талдаа цалинтай сургалт гэж хэлж болохоор санагддаг. Тэр дундаа бага залуугаасаа суралцангаа ажилласан нь надад мэдлэг чадвар, харилцаа, хандлага, цаг хугацааны үнэ цэнийг мэдрүүлж, өнөөдрийн намайг бүтээсэн байх.
Орчин үед их яригдаж буй софт скил буюу чин сэтгэл, мэдлэг чадвар, бүхий л нөөц боломжуудаа дайчлан хаана ч, хэзээ ч ямар ч тохиолдолд бусдад хүндлэлтэй, ёс зүйг эрхэмлэн ажиллах нь ажил амьдралдаа баримталдаг миний зарчим бөгөөд чухам үүнээс шалтгаалан би ажлын саналд дарагддаг байсан гэж боддог.
Олон жил байгууллагын засаглалд карьер ахин ажиллахдаа хувь хүний суурь боловсрол гэдэг нь зөвхөн цэцэрлэг сургууль, багшийн ажил биш бөгөөд эцэг эх, гэр бүлийн гишүүд, хамт олон, нийгмийн бусад нэгжүүд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбар хүртэл маш чухал оролцоог бий болгодог гэдгийг олж харсан. Тиймээс “Боловсролд суурилсан хөгжил” НҮТББ-аа үүсгэн байгуулж, оролцоогоо бага ч болов хангасаар явна.
Боловсролын агуулга, бодлого талаас нь өөрийн үзэл санааг хуваалцъя. Монголчууд бид 10-15 мянган жилийн тэртээгээс яг энэ л газар нутагтаа суурьшин амьдарсаар ирсэн уугуул ард түмэн буюу дэлхий дээрх цөөхөн жинхэнэ үндэстний нэг. Өвөг дээдсээс үе дамжин өвлөгдөж ирсэн газар нутаг, эх хэл, соёл, ёс суртахууны язгуур мэдлэг, ахуй уламжлал, түүх гарвал бол бидний үнэт баялаг. Харамсалтай нь манай улс өөрсдийн энэ баялгаа бүрэн дүүрэн тээн агуулж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээж, дэлхийд нэр хүндээ өндөр өргөж явах иргэдийг хангалттай хэмжээнд бэлдэж чадахгүй л байна. Хэрвээ надад шийдвэр гаргах түвшинд ажиллах боломж гарвал боловсролын салбарын нийгэм дэх үр дүн, хөтөлбөр, агуулга, ач холбогдол, талуудын оролцоо, тэдгээрийн ажил үүрэг, харилцан хамаарлыг тодорхой болгож, уялдуулах нь миний хамгийн түрүүнд хийх ажил байх болно. Хэнийг бэлдэх вэ гэдгээс хамаараад хэн, хэзээ, хаана, хэрхэн яаж, юуг нь хариуцах вэ гэдэг нь тодорхой болж байж, бид зөв хөгжлийн тухай ярих ёстой юм.
Хүмүүс надаас яагаад улс төрд орох болсныг минь асуух байх, асууж ч байгаа. Нийгэм дэх нийтлэг ойлголтоор нь би өөрийгөө улстөрч гэж хэлэхгүй, улс төр гэдгийг сайн мэдэх ч үгүй. Харин төрийн зүтгэлтэн болохыг хүсдэг, хичээж яваа хүн л гэж хэлнэ. Төр гэдэг үгийг философичид олон янзаар тодорхойлсон байдаг. Өөрийн уншиж судалж ойлгосноор төр гэдгийг маш энгийнээр тайлбарлахад хууль ёсны төлөөлөх эрхтэйгээр тухайн улсыг удирдах буюу хууль, дэг журмыг тогтоох эрх мэдэл бүхий бүтэц тогтолцоо гэж хэлж болох юм. Энэ утгаараа төрийн ажлыг маш өндөр ёс зүйтэй, маш хариуцлагатай хүмүүс хийхгүй бол юу болдгийг бид өнөөгийн олон жишээнээс харсаар байна. Миний хувьд аав ээжээсээ өвлөн авсан үнэт чанарууд, мэдлэг чадвараа дайчлан, Монгол Улс ямар иргэдийг хэрхэн бэлдэхэд буюу боловсролын салбарын эцсийн үр дүн, өсөлт, хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан, хичээн ажилласаар байх болно.
Бид өнөөдөр техник, технологи хөгжсөн, иргэншсэн эрин зуунд амьдарч байна. Ийм нөхцөлд гэр бүлийн орлого, зарцуулалт, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил гэх мэт бүхий л асуудалд эцэг эх тэнцүү эрх, үүрэг, хариуцлагатайгаар оролцох нь зүйн хэрэг. Яг үүн шиг шийдвэр гаргах төвшинд ч гэсэн хүйсийн төлөөллүүд тэнцүү оролцох эрхтэй, боломжтой байх ёстой. Харамсалтай нь нийгмийн хэвшмэл ойлголт, хууль журам, төрийн оновчгүй бодлогуудаар эмэгтэй хүйсийг дарж, боломжуудыг нь хааж, зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой эсвэл асрах халамжлах, ахуйн жижиг асуудлуудыг хариуцах ёстой мэт гаж ойлголттой байгааг залруулах цаг нь болсон.
Б.ЭНХЦЭЦЭГ