Дунд сургуульд болсон эцэг, эхийн нэгэн хурлыг ангийн багш маань одоо ч дурсдаг юм. “Ерөнхий сайд П.Жасрай гуай ороод ирдэг юм даа” гээд л. Тийм ээ, тэр бол миний өвөө. Монгол орон системийн шилжилтийн дөнгөж эхэнд нийгэм, эдийн засгийн гүнзгий хямралд цочирдож байх хамгийн хүнд цагийн Ерөнхий сайд. Би өвөөгийнхөө гал дээр гарсан зээ охин нь учраас хүүхэд насаа санахаар өвөө бид хоёрын дунд үлдсэн онцгой дотно дурсамжууд тодрон байдаг билээ. Өвөөг Ерөнхий сайд байхад нэг шар сонинд сармагчин болгоод шогоор зурчихсан байхыг хараад би гомдож шүүхэд өгөхийг шаардаж байв. Тэгтэл “Надад ч сармагчны төрлийн юм бий шүү. Хувцас авахаар ханцуй нь богинодоод байдаг юм” гээд инээж билээ. Манай ах намайг багад “Ааштай Ариунаа” гэж хочилно. Би жаахан юм байж “Монголын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно” гэж ярьдаг, их зарчимч, бас их шүүмжлэгч хүүхэд байсан юм гэсэн. Хүүхдийн гэнэн мөрөөдөл гэхээсээ болж бүтэхгүйг заавал өөрчлөх ёстой, сайжруулах боломжтой, би өөрөө оролцоно гэж боддог байсных болов уу.
Намайг улс төрд ороход хамгийн их нөлөөлсөн хүн бол өвөө. Улс төр, нийгэм судлал, түүхийн ухааны магистраа Германд хамгаалаад 25 настай Монголдоо ирэхэд өвөө УИХ-ын гишүүнээсээ буучихсан, Ж.Жанцан нагац ах минь яг улс төрд идэвхтэй байсан үе. Тэгэхэд өвөө надад “Улс төр эмэгтэй хүнд ээлтэй бус, халтай. Хувийн хэвшилд ажилла” гэж хэллээ. Ах ч бас “Ариунаагийн улс төр гэж юу байсан юм, эрх” гээд л. Ингээд “Монгол Даатгал”-д хүний нөөцийн менежерээр анх орж, тэргүүлэх менежер хүртэл дэвшин найман жил ажилласан. Монголд ирснээс хоёр жилийн дараа өвөө минь 2007 оны аравдугаар сарын 25-нд намынхаа 25 дугаар их хурлын хоёр дахь өдөр нь гадуур хувцсаа өлгүүрт өгөөд л бурхны оронд одсон. “Монгол Улсыг Оюутолгой гэхээсээ илүү Монгол толгой хөгжүүлнэ. Бид Биотехнологи, нанотехнологийг бусад улс орноос урьтаж хөгжүүлэх хэрэгтэй” гэж ярьдаг байж билээ. Өвөө минь бүх амьдралаа эх орон, төр улс, намдаа зориулсан хүн. Ах маань 2008 оны дөрөвдүгээр сард өвөөгөөс хагас жилийн дараа харамсалтайгаар одсоноор манай гэр бүлийн хувьд улс төрийн залгамж байхгүй болсон. Заавал залгамжлах ёстой гээгүй ч бас тасалж болохгүй учир байлаа.
2013 онд өвөөгийнхөө мэндэлсний 80 насны ойг тэмдэглэх үеэр би намд элсэх хүсэлтээ гаргасан. МАН, МАХН гээд хуваагдчихсан, гурван шатны сонгуульд ялагдал хүлээчихсэн хэцүү үе. Өвөө минь амьд сэрүүн байсан бол улс орон, нам төрийнхөө төлөө их шаналах байсан гэж бодогдсон учраас би тэнд байх ёстой, өөрийн хувь нэмрийг оруулах ёстой мэт санагдаад болдоггүй. Ингээд өвөөгөө тэнгэрт хальснаас зургаан жилийн дараа 2013 оны аравдугаар сарын 27-нд намд гишүүнээр элсэж миний улс төрийн ажил эхэлсэн. Нөхөр, цэцэрлэгийн насны 3 хүүхэдтэй бүсгүй. Алдаа гаргана, шүүмжлүүлнэ, гэсэн ч маш хурдан суралцаад явах ёстой. Хүнд хэцүү үед шантраад нөхөртөө уйлна. Нөхөр маань “Өөрийгөө зовоох ямар шаардлагатай юм, ерөөсөө наад улс төрийн ажлаа боль” гэж байсан үе ч бий. Өвөөгийнхөө нэрийг гаргахуйц сайн ажиллана гэж сэтгэл шулуудсан тул надад буцах зам байгаагүй. Нөхөр минь энэ хүртэл дэмжсэн гэсэн үг. Эмэгтэй хүн төр, нийгэмд идэвхтэй байхад хань ижлийн дэмжлэг их чухал гэдгийг онцлон хэлмээр байна.
Өвөөгийн надад үлдээсэн хэдэн зарчим одоо ч их хэрэг болдог. Нэг нь, чамтай уулзаж байгаа хүмүүсийн зорилго ярианых нь төгсгөлд гардаг юм шүү, анхааралтай дуустал нь сонсож байх хэрэгтэй гэж хэлж өгсөн. Түүнчлэн маргаантай асуудлыг бүргэд нисэх өнцгөөс хар гэж захидаг байв. Асуудлыг томоор хар гэсэн үг. “Төрийн ажлыг зоосны нүхээр харж болохгүй” гэж бас их хэлдэг. Энэ нь өнөөдрийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг харахад маш үнэн үг.
Үндэсний статистикийн хорооны даргаар 2016-2020 онд ажиллахдаа мэдээллийг амьд болгож, түүнийг хэрэглэх, ашиглах тал дээр түлхүү анхаарсан. Хүн болгон тоо баримт уншиж чадахгүй. Үүнийг энгийн ойлгомжтой болгох нь миний үүрэг гэж харж байв. Олон улсад ч статистикийн мэдээллийн хүртээмж, нээлттэй байдал, хэрэглээг нэмэгдүүлэх талд их идэвхтэй ажилласан. Дараа нь 2020 онд Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танхимдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах санал тавьсан. Мөн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд 2021 онд үргэлжлүүлэн ажиллах санал тавьж, хоёр ч Ерөнхий сайдын танхимд ажиллах завшаан надад тохиосон. Мэдээллээ ашигладаг, илүү ухаалаг, цахим төртэй байх хэрэгтэй гэдэг үүднээс ажлуудаа төлөвлөсөн. Цар тахлын үед үйлчилгээг хялбаршуулах, цахимжуулахаас ажлаа эхэлсэн. Тэр үед банкны картгүйгээс тэтгэврээ авч чаддаггүй, даатгалын дэвтэртэйгээ банканд биеэрээ очдог хүн маш олон байлаа. Ахмадууд банканд олон цаг дараалалд зогсож, цус харвах тохиолдол гарч байсан үе. Банкуудтай хамтарч иргэдийг данстай болгон, карт хэвлэн гэрт нь хүргэх, тэтгэврийг дансаар олгосноор олон эрсдэл арилсан. Төрд байгаа мэдээллийг нээлттэй, төрийн бодлогыг зөв оновчтой болгох тал дээр манай хамт олон ажилласан. Олон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрхэмлэсэн. Жишээ нь, айл өрхийн гишүүдийн регистрийн дугаараар нэр дээр нь байгаа малын болон тээврийн хэрэгслийн тоо, орон сууцны мэдээлэл зэргийг нэг хавтгай дээр гаргаж, Хүнс тэжээлийн дэмжлэгийг авах шаардлагагүй хүмүүсийг хасаж, шаардлагатай хүмүүст нь цахим картаар хүндрэлгүй И баримтаар үйлчилдэг дэлгүүр, худалдааны төвөөр хүргэдэг болсон. Тухайн дэмжлэг авч байгаа хүмүүст хоёр удаа ажлын байр, сургалт санал болгоод татгалзвал төр дэмжлэг олгохгүй байх “Халамжаас Хөдөлмөрт шилжих” бодлого дэвшүүлсэн. Ингээд хүнс тэжээлийн дэмжлэг авдаг иргэдийн тоо 240 мянгаас 150 мянга болж буурсан.
Цаашид хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй. Зорилтот бүлгийн өрхүүдэд халамж өгөөд байх биш өрхийн хөгжлийн төлөвлөгөө гаргах, хөдөлмөр эрхлэх сургалтад хамруулах, жижиг бизнес явуулах тоног төхөөрөмж өгөх, бизнес төлөвлөгөө, бойжуулалт хийх дагалдан зөвлөх, тойглон ажилладаг туршлагыг нэвтрүүлбэл аяндаа ядуурлаас гарах, хөдөлмөр эрхлэх боломж нээгдэнэ. Ийм бодлогын дүнд улс даяараа хөгжиж, чинээлэг дундаж давхарга гарч ирэх болно. Нийслэлийн гурван дүүргийн 1250 айл өрхөд одоогоор туршилтын хөтөлбөр хэрэгжиж байгаа.
Монгол Улсын хүн амын 51 хувь нь эмэгтэй, 49 хувь нь эрэгтэй, бараг адил. Бакалавр, магистрын зэрэгтэй дээд боловсрол эзэмшиж байгаагаар нь аваад үзэх юм бол эмэгтэйчүүд 60-70 хувийг эзэлдэг. Боловсролын түвшнээр эмэгтэйчүүд давуу мөртөө удирдлагын дээд түвшинд ихэнх нь эрэгтэйчүүд. 2016, 2020 оны сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүд олон боловч сонгогдоод УИХ-ын гишүүн болсон нь 13 эмэгтэй. Энэ нь УИХ-ын гишүүдийн 17 хувийг л бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр дан боловсролоос болж байгаа юм биш гэдэг нь харагдаж байна. Эмэгтэйчүүдийг эс хүлээн зөвшөөрөх нийгмийн далд ухамсарт суучихсан хэвшмэл ойлголт бидний сонголтод нөлөөлдөг. Бүх нийтээрээ хамгийн зөв, хамгийн ухаантай, хамгийн төлөвшсөн гээд хамгийн сайхан эмэгтэйчүүд нь УИХ-ын гишүүн байгаасай гэсэн нүдээр хараад байдаг ч юм болов уу. Гэтэл хүн юм чинь алдаа оноо гаргана. Ингээд цөөхөн хэдэн эмэгтэйдээ хурц харц тулгаж байгаа учраас шүүмжлэлд хэт өртөөд байна. Мөн тойрогт нэр дэвшихэд сонгуулийн зардал хэт өндөр байна. Албан ёсны сонгуулийн зардал хэдэн тэрбумаар тоологдож байгаа өнөө үед санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн эмэгтэй хэд байгаа вэ гэдэг асуудал байна. Аль болох эмэгтэйчүүд олуулаа болж байж, хэвшмэл ойлголт, хөнгөн дүгнэлт намжих болно. Олуулаа болохоор эмэгтэйчүүдээс нэхээд байдаг бодлого ч түлхүү орж ирнэ.
Бодлогоор эмэгтэй хүнийг гаргаж ирэх ёстой гэж үзэх юм бол МАН эрх баригчийн хувьд бусад намтайгаа хамтарч олон бодлогын реформ, шинэчлэлийг хийлээ. Үүнд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль орно. 76 УИХ-ын гишүүнээс 126 болж нэмэгдлээ. 78 мажоритар, 48 пропорциональ буюу жагсаалтаар сонгогдох гишүүнтэй болно. Жагсаалтын 48 гишүүний 50 хувь нь сөөлжих аргаар эмэгтэйчүүд жагсах болов. 2024 оны хувьд нийт нэр дэвшигчдийн 30 хувь, 2028 онд 40 хувиас багагүй нь эмэгтэйчүүд байхаар болов. Намууд төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт авдаг байх болов. Энэ бүхэн эмэгтэйчүүдэд улс төр, нийгэмд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж байна. Иймээс Эмэгтэйчүүдийг улс төрд орохоос одоо айх хэрэггүй гэж хэлмээр байна.
Н.Сугар-Эрдэнэ