“Элдэвтэй шар!”. Дунд сургуулийн хичээлийн эрхлэгч маань надтай таарах болгондоо л ингэж дууддаг сан. Эргээд бодоход зөвхөн хичээлдээ сайн байхаас гадна дугуйлан секц, олимпиад тэмцээн, хичээлээс гадуурх ажилд идэвхтэй, үргэлж ямар нэг асуудалд шийдэл хайж, бусдын өмнөөс дуугарч явдгийг тэр хүн олзуурхсан, бас ийн хочилж, өхөөрдсөн ч гомдохооргүй хэрсүү гэдэгт минь итгэснийх биз ээ.
Тэгэхэд би бага ангид байсан. Хажуу айлынхаа хаалгыг тогшоод “Манайх хана, шат, хонгилоо сайхан угаачихлаа. Дараагийн удаа танайх ч бас оролцоорой!” гэж хөршийн ахад хэлснээ мартдаггүй юм. Тав тухтай, цэвэр цэмцгэр байх нь орчноо хамтран эзэмшиж буй айл өрх, хүүхэд үүхэдгүй хүн бүрийн бодол санаа, үйл хэргээс хамаардаг шиг Монгол Улсын жаргал, зовлонгийн шалтгаанд иргэн бүр оролцоотой байдаг. Улаанбаатарт төрж өссөн хүний хувьд бидний хот яагаад уур уцаартай, бохир заваан болсон учир нь авлигачдын сүйтгэсэн төлөвлөлт, мод цэцэрлэгээ тарьж тохинуулъя гэхнээ төсөв мөнгөний хүрэлцээгүйн нэг шалтгаантай, нөгөө талаас оршин суугч бидний хүмүүжил, соёл, нийгэмшлийн дутагдлаас шууд хамааралтай гэж би боддог.
1997 онд Монгол Улсын их, дээд сургуулиуд дотроос олон өрсөлдөгчтэй ТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийг 4.5 жил суралцаж төгсөхдөө улаан дипломтой төгсөгчдөөс сонгогдон багшаар үлдэх урилга хүлээн авсан юм. Энэ бол зөвхөн миний мөрөөдөж хүссэн ажил амьдралын гараа байгаагүй юм. Гурван хүүхдээ боловсролтой, чадвартай болгохоор ганц биеэр хичээн чармайсан ээжийн минь ч итгэл зоригийн шагнал байлаа. Намайг настай хүмүүс ээжээсээ зоригийг нь, ааваасаа шударгыг нь яг хуулаад төрчихөж гэлцдэг. Зөв гэж бодсон бол томчууд ч байсан хэлчихдэг болохоор ангийн найзууд, хамж ажиллаж байсан багш нар, баг хамт олон урдаа гаргаж төлөөлүүлчихдэг байлаа.
https://munkhsoyol.mn цахим хуудсыг товшвол дунд сургуулиас хойш миний эзэмшсэн боловсрол, мэргэшил, хийсэн ажил албаны бүрэн жагсаалтаас гадна олон нийт төлж буй татварынхаа талаар, түүнийг Засгийн газар хэрхэн үр дүнтэй зарцуулах ёстой гэхчлэн иргэд эдийн засгийн талаар мэдэхэд нь зориулан бэлтгэсэн контент, мөн бусад ярилцлагууд он дарааллаараа бий. “Нээлттэй нийгэм форум”-ын Эдийн засгийн хөтөлбөрийн менежерээр 11 жил ажиллахдаа Монгол Улсад түгэн дэлгэрч байсан эдийн засгийн шинэ мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд миний бие оролцсон, судалгаа тайлан, ном товхимлуудыг бичилцсэнээрээ бахархахад даруу биш байж мэдэх ч миний ажил амьдралын түүхийн салшгүй мөрүүд энд бий. 2002 оноос УИХ, Засгийн газрыг оновчтой шийдвэр гаргахад нөлөөлөхөд чиглэсэн эдийн засаг, төсөв санхүүгийн удирдлага, бизнесийн орчны талаарх бодлогын анализ, судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэсэн. Тэр үед, түүнээс хойш ч иргэний нийгмээ төлөөлөн эдийн засагчаараа ажилласаар байх зам мөрөө эхлүүлжээ, би. Өнөөдрийг хүртэл өөрийн зам мөрийг үнэнчээр тууштай үргэлжлүүлж явна. Эргээд уулзахад итгэсэн, нөхөрлөсөн, хамтарсан хэний ч өмнө нүүр улайхааргүй чин сэтгэлээсээ ажилласандаа би өег явдаг. Тэр үед ННФ-ын цалингаас 2-3 дахин өндөр цалин амласан компаниуд ч гарч ирнэ. Гэхдээ над цалин хангамжаас илүү “Би бол иргэний нийгмийн мэргэшсэн хүн шүү дээ” гэх үнэт зүйл гүн бат бий болсон байлаа.
Надаас хүмүүс “Чи юу дутлаа гэж улс төрд орсон юм” гэж их сонирхдог. Үнэн л дээ, сайн хань, хүүхдүүд, гэр бүл, ажил мэргэжил, дэлхийн хаана ч очоод амьдралаа аваад явчих мэдлэг туршлага надад бий. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төслийн Үндэсний ахлах экспертээр ажиллаж байх 2015 онд Монголын улс төрийн хоёр том намаас надад УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших санал ирэв. Тэр үед УИХ-ын гишүүн болох талаар огт бодож үзээгүй, мэдээж татгалзсан. Харин “Хөгжил-Хүн” клубын залуустайгаа хамтраад улс төрийн алхам хийхдээ нэлээн бодож улс орныхоо төлөө хамтдаа зүтгэе гэж шийдсэн. Бидний үнэт зүйл ижил байсан учраас шүү дээ. Ингэж миний улс төрийн сонголт ХҮН болсоор найман жил улирч байна.
Гэрлэн дохио хүлээх зуурт “Танд итгэдэг шүү”, “Битгий шантраарай” гэх үл таних хүмүүс олон бий. Би ч бас та нарт итгэдэг. Бид үр хүүхдүүдийнхээ ирээдүйд нүүрсний хулгайтай, шударга бус сонгуультай, боломжоор дүүрэн ч гэлээ эдийн засгийн утгаа алдчихсан чөтгөрийн тойрог шиг нийгмийг үлдээхийг хүсэхгүй. Тиймээс би хариуцлага, зарчим, үнэт зүйлийг эрхэмлэж ёс суртахуунтай нийгэм байгуулахад мэддэг, чаддаг бүхнээ дайчлан оролцсоор ирсэн. Монгол оронд эдийн засаг, боловсон хүчний нөөц бий, хамгийн чухал нь ирээдүй хойч үе. Бидэнд гарцаагүй хөгжлийн ирээдүй бий юм шүү. Үүнийг яг таг мэдсээр атлаа хэн нэг нь хийх биз ээ гээд ухарч болохгүй. Би лав үүнийг өөртөө хэрхэвч зөвшөөрөхгүй. Бид гэрлэн дохио дээр удаан зогслоо…
Б.ЭНХЦЭЦЭГ