Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн тавдугаар ангид элсэн орлоо. “Сансар”-т байх гэрээсээ автобусаар сургуульдаа очих нь надад их таалагдаж байв. Том болсон, биеэ даачихсан мэдрэмж авч байгаа хэрэг. Бага ангидаа 48 дугаар сургуульд онц сурдаг хүүхэд байсан ч шинэ ангид ширүүн өрсөлдөөн намайг угтсансан.
Ээж, эмээ хоёртоо тусалж, “Сансар”-ын тойрогт байрны гадаа нээсэн ТҮЦ-ийнхээ ээлжийн худалдагч, ачигч болж байгаа юм. Зарим өдөр өөрийгөө напелеон тортоор шагнасан амттай дурсамжаа хуваалцъя гэвэл 90-ээд оны дунд үеийн хүүхдүүдийнх адилхан байх аа. Монгол бичиг үзэж байгаад дунд ангиас кирилл үсэг сурч эхэлснээр би уран зохиолтой учирсан юм. Кирилл үсгээр бичигдсэн ном зохиол миний хүүхэд насны аяллыг илүү баялаг болгосон. “Одоо болиод өгөөч” гэтэл тоо бодож, ном уншдаг байсан ч нэг зүйл эхлүүлбэл учрыг нь олох гэдэг, заавал дуусгаж байж өндийдөг охиндоо итгэдэг, дэмждэг гэр бүлд би төрж, өссөн.
Математик надад аливааг логик дараатай бодох, ойлгох хэвшилд сургасан болов уу. Эрх зүйн систем ерөөс логик дэс дараалалтай байх, дотоод зөрчилгүй байх зарчимд үндэслэдэг. Хожим хуулийн сургуульд сурахад математик, геометрийн хичээлд сайн байсан минь их хэрэг болсон. Би дунд сургуулиа 2000 онд төгсөөд ШУТИС-ийн харьяа Компьютер, техник менежментийн сургуулийн нэгдүгээр курсэд суралцаж байхдаа Унгар улсын Засгийн газрын тэтгэлгийн шалгаруулалтад тэнцэн 18 нас ч хүрээгүй байхдаа алс газар эрдэм сурахаар зорьсон. Будапешт хотод нэг жил хэлний бэлтгэлд сурсны дараа Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургуульд элсэн орж 2007 онд эрхзүйч мэргэжлээр сурч дүүргэсэн юм.
2001 онд Унгарт очоод дэлгэцэнд дөнгөж гараад байсан Холливудын “Legally Blond” киног үзэв. Харвардын хуулийн сургууль дэлхийд хамгийн алдартай нь юм байна гэдгийг тэр киноноос мэдэхдээ өөрийгөө хожим Харвардад очно гэж мөрөөдөө ч үгүй. Би эрхзүйн магистраа Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Дандийгийн их сургуулийн уул уурхайн эрх зүйгээр мэргэшсэн судалгааны төвд 2010 онд тус улсын Засгийн газрын тэтгэлгээр хамгаалсан. Харин 2011 оноос Хоган ловэллс олон улсын хуулийн фирмд хуульчаар ажиллаж байхдаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх сайн хуульч болъё гэвэл Америкийн шилдэг сургуульд, болж өгвөл Харвардад магистр хамгаалах ёстойг ойлгосон юм. Нэгэнт хуульчийн карьераа амжилттай эхлүүлсэн, дажгүй туршлагатай болж байсны хувьд АНУ-ын Харвардын Хуулийн сургуулийн шалгалтыг давж, 2015 онд хууль зүйн ухааны магистр хамгаалсан юм.
Хоган ловэллс фирмд ахлах хуульчаар дэвшин ажиллаж байгаад 2017 онд өмгөөллийн “Авинекс партнерс” нөхөрлөлөө үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. 2020 онд надад Засгийн газраас Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар ажиллах санал ирснийг би хүлээн авсан. “Оюутолгойн ордыг ашиглахад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн гишүүн болж, “Рио Тинто” компанитай яриа хэлэлцээ хийсэн. Бид Монголын талын хувь эзэмшил болох 34 хувийн хувьцаанд үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, Дубайн гэрээг цуцлах, гүний уурхайн ашиглалтад ороход шаардлагатай нэмэлт зардлыг бүрэн хариуцуулах, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д нэмж өр үүсэхгүй байх шаардлагуудаа хөрөнгө оруулагч талаар зөвшөөрүүлэх ёстой. Олон улсын хамгийн шилдэг хуулийн зөвлөхүүдийг авч ажиллуулдаг дэлхийн хоёр дахь том уул уурхайн корпорацитай 10 жилийн турш хуримтлагдсан маргааныг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх нь том сорил байсан ч тэд бол компани, бид бол тусгаар улс юм. Манай ажлын хэсэг гаднаас нэг ч зөвлөх авсангүй. Засгийн газар итгэж, дэмжиж байхад монгол хүний хувьд ч, хуульчийнхаа хувьд ч энэ хэлэлцээнд оролцохын өмнө 12 сарын турш шаардлагатай бүх асуудлыг цаасан дээр буулгаж баримтуудыг нэгбүрчлэн шинжилсэн. Уншиж тулгасан, боловсруулж бүрдүүлсэн баримт гэхэд манай гэрийн жижиг өрөөг дүүргэхүйц байв. Манай багийн мэргэжилтнүүд мэдлэг, туршлагадаа итгэж байсан ч тус бүртээ маш их бэлтгэсэн. Яриа хэлэлцээнд сайн бэлтгэсэн учраас бид тодорхой үр дүнд хүрч чадсан билээ.
Гэрээ бол талуудын эрсдэлийг тэнцвэртэй хуваарилдаг, эрсдэл гарвал тэнцвэртэйгээр зохицуулах баримт бичиг. Мэдээж бид нэгэнт байгуулсан гэрээг хүндэтгэж биелүүлэх үүрэгтэй ч олон жилийн хугацаатай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх явцад нөхцөл байдал өөрчлөгдөнө. Ийнхүү өөрчлөгдсөн нөхцөл байдлаас болж анх байгуулахад тэнцвэртэй мэт байсан гэрээний зохицуулалт аль нэг талд хэт шударга бус болох тохиолдол бий. Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ч тэр юм. Бид энэ гэрээг анх байгуулж байх үеийн суурь нөхцөл, таамаглал өнөөдөр их өөрчлөгдсөн. Тухайлбал, зардалд суурилсан татварын хөнгөлөлт их олгосон нь тус төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тусам манай улсад төлөх татварыг бууруулах хүчин зүйл болж байдаг. Бид уул уурхайн томоохон төслийг гадаадын хөрөнгө оруулагч талтай хамтарч ашиглах тохиолдолд тухайн төслийн талаар мэдээлэл маш сайтай байх хэрэгтэй. Мэдээллийн тэнцвэргүй байдал эрсдэлийг тэнцвэргүй буюу шударга бусаар хуваарилсан гэрээг байгуулахад хүргэж болзошгүй. Гэрээ байгуулах үйл явцад мэргэшсэн сайн албан хаагчдаа ажиллуулах хэрэгтэй. Монгол Улсыг хурдтай, тогтвортой хөгжүүлье гэвэл мэргэшсэн, чадварлаг төрийн албан хаагчдаа дэмжих, авлигын эрсдэлээс хамгаалах нөхцөлөөр хангах нь чухал гэж боддог. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллахдаа гадаад харилцаа, төсөл хөтөлбөрүүд хариуцаж, хууль сахиулах салбарын жендерийн мэдрэмжийг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх чадавхыг сайжруулахад анхаарч хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. НҮБ-ын харьяа Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах гэж байна. Энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулснаар Монгол Улсын хууль сахиулах байгууллагууд бүс нутагтаа жишиг хөтөлбөртэй төв болох бүрэн боломжтой. Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд АТГ-т дэмжлэг үзүүлж, 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байна. Би Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын хувьд Шүгэл ажиллагааг ахалж ажиллалаа. Иргэдтэй уулзахад, орлого багатай иргэдэд дарамт илүү их учирч байна. Манай улсад боловсрол, эд хөрөнгө, амьдралын хэв маягийн тэгш бус байдал нэлэнхүй болж, суурь тогтолцоонд ан цав үүссэн байна. Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн мэдээллүүд хэн чаддагт биш, хэн нь улс төрд ойр байгаад үйлчилдэг шударга бус авлигажсан тогтолцоог өөрчлөх цаг хэдийнэ ирснийг нотолсон. Хэрэв би хууль тогтоох байгууллагад сонгогдвол зарим хууль тогтоомжид хүний эрхийг хангах, хамгаалах процессын асуудлыг нарийвчлан тусгах, хуулийг дагаж мөрдөхөд ойлгомжтой, энгийн болгохын тулд хуулийн төслийг боловсруулах шатнаас идэвхтэй ажиллана. Хууль энгийн байх ёстой гэж би үздэг. Манай хуулиудад иргэн ямар эрхтэйг заахаасаа өмнө төрийн эрхийг тунхагласан шинжтэй байдаг. Хууль тогтоомж иргэн хүний хөдөлмөрлөх, бизнес эрхлэх, амьдралаа төлөвлөх боломжуудыг ойлгомжтой, энгийнээр зохицуулах ёстой юм.
Б.ЭНХЦЭЦЭГ