Цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа болж байна.
ШИНЭ ЗУУН АЙЛ
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр гарах аж.
Цагийн хувьд 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд гарна.
ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ХҮНС, БАРААНЫ ТӨРӨЛЖСӨН ХУДАЛДАА МИШЭЭЛД
Мишээл Экспод зохион байгуулагдаж буй “Цагаан сар -2024” үзэсгэлэн худалдаа энэ жил төрөлжсөн болж байгаагаар онцлогтой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 18-25-нд импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүн, нэгдүгээр сарын 26-аас хоёрдугаар сарын 2 хүртэл үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, хоёрдугаар сарын 3-9 хүртэл үндэсний болон импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаа гарч байгаа аж.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаанд зорьж очиж буй хүмүүс долоо, долоо хоногоор гарах хөтөлбөрийн дагуу очсоноор өөрт хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнийг илүү оновчтой, түргэн шуурхай, нэг дороос сонгох боломжтой.
ХОТЫН ТӨВ РҮҮ ТҮГЖРЭХ ШААРДЛАГАГҮЙ “ХҮННҮ”-ГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Нисэх, Яармаг бүсэд амьдардаг иргэд хотын төв рүү заавал очиж, түгжрэх шаардлагагүй нэг дороос бүх хэрэгцээт хүнс, бараагаа бэлтгэх боломжийг “Хүннү молл” худалдааны төвийн экспо танхимд болж буй үзэсгэлэн худалдаа олгож байна. Цагаан идээ, хүнс бараанаас эхлээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрдсийн шинжилгээг ч үнэ төлбөргүй авч байгаа гэлээ.Зөвхөн хүнснээс гадна бэлэн хувцас, гоо сайхны дотоод болон импортын бараа бүтээгдэхүүнийг тус худалдаанаас авах боломжтой.
Нэгдүгээр сарын 13-нд эхэлсэн тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 8-нд дуусах юм байна.
НАРАНТУУЛ, ДЭНЖИЙН 1000-Д ЗАДГАЙ ТАЛБАЙН ХУДАЛДАА ГАРЧ БАЙНА
Дээрх төвүүдээс гадна томоохон зах, худалдааны төвүүдэд баярын барааны худалдаа хэдийн эхэлсэн. Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр, Хархорин зэргээс гадна Дэнжийн-1000, Нарантуул-2 зэрэг захуудад ч мах болон цагаан идээний өргөтгөсөн худалдаа гарчээ. Иймд та бүхэн өөрт ойр байршлуудад байгаа үзэсгэлэн худалдаанаас хэрэгцээт хүнс, бараагаа авахыг зөвлөж байна. Учир нь түгжрэлд цаг заваа зарцуулахгүйгээр өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанаас нэг дороос хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ бэлтгэх нь эдийн засгийн хувьд болон цагийн хэмнэлттэй байгааг иргэд олон нийтийн хуудаст бичиж байна.