Бүх зүйл сайхан, хэрэв тааруухан бол заавал сайжирна гэж итгэдэг, ийм өөрчлөлт бий болох үйл явцын аль нэгээхэнд нь ч бол гол үүрэгтэй оролцохыг хүсдэг “чухал” хүүхэд байлаа, би. Онц сурдаг, сургууль дээр, ангид болж буй бүх үйл явдлын голд идэвхтэй гэгч явж л байдаг. Гуравдугаар ангид байхад сургууль дээр вакцин хийхээр ирсэн эмч, сувилагчдыг оруулалгүй хаалгаа түгжээд, нэгдүгээр давхарт байх ангийнхаа цонхоор үсрэн зугтахыг уриалж, бүгдийг зохион байгуулж дөнгөсөн юм даг. Ангийнхан маань зүү тариураас зүрхшээгээд байхаар нь нийлж байгаад айдсаасаа зугтчихаж болно гэж сэдсэн хэрэг л дээ. Бүлгийн даргын сонгуультай, түүндээ их үнэнч. Нэг л мэдэхэд самбарын өмнө гарчихсан ангийнхнаа удирддаг, өмнөөс нь хариуцлага хүлээдэг, урлаг, спорт, ерөөс Нямжавгүй юмгүй дурсамж миний төдийгүй манай үеийнхний дунд сургуулийн амьдралын салшгүй хэсэг болсон юм билээ. Одоогийн бидний хэрэглээнд нэгэнт нэвтэрсэн “амбийц” гэдэг үгийн учрыг тэгэхэд мэдэхгүй ч гэсэн эргэн санахад би багын л их амбийцтай хүүхэд байсан юм.
Би 1980 онд Завхан аймгийн төвд, залуухан багш нарын гэр бүлд мэндэлсэн анхны хүүхэд. 1998 онд дунд сургуулиа алтан медальтай төгсөж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урилгаар олон улсын сэтгүүлчийн ангийн оюутан боллоо. Хотод ирээд оюутнуудын гадаад хэл ус сайтай байгаа, чөлөөтэй, мэдрэмжтэй байгаа, басхүү ганган дэгжин гэж жигтэйхэн байгаад ихэд сүрдэн, Улиастайдаа хэрдээ л тод нь, сор нь байснаа мартахыг хүссэн. “Улсын олимпиадын гуравдугаар байранд орсон чам шиг хүүхэд айлтгүй ээ, алзахгүй” хэмээн багшийнхаа хэлснийг ч мартчихсан. Улаанбаатарт төрсөн анхны бодол ганцхан, тэр нь хичээж сайн сурах л байв. Багш эцэг, эхийнхээ төсөрхөн цалингаасаа илүүчлэн надад илгээдэг мөнгийг дэмий юманд үрэхгүй. Хүмүүнлэгийн их сургуулийн цайны газраар хоёрдугаар курсийнхээ намар л анх удаа шагайж үзсэн гэхээр би зарим зүйлийг хэтийдүүлсэн байгаа юм. Сургуулийн гуанзанд хоол нь маш үнэтэй, над шиг хөдөөгийн, тэгээд мөнгө багатай оюутан ороод ч хэрэггүй гэж бодож явсан нь зүгээр л төсөөлөл байж. Тэр үеэс үргэлж суудаг номын сан руугаа шургахаас өмнө багахан хооллохыг өөртөө зөвшөөрч билээ. Лекцүүдээ хуучин монгол бичгээр хөтөлдөг, сурлагаар сайн оюутанд тооцогддог надад өөртөө итгэх, Улаанбаатар хотыг, орчин цагаа бусад залуусын л адил таньж мэдэх, өөрийгөө нээх хүсэл оргилон байсан.
Хичээлийнхээ хажуугаар аэробикаар хичээллэж эхэллээ. Хэдэн сарын дараа аэробикийн багш маань надад тун гэнэтийн санал тавив. “Багш нь нэлээд ажиглалаа, чи үнэхээр өв тэгш охин юм. Би чамайг миссийн тэмцээнд орохыг, би чамайг өөрөө бэлдэхийг хүсэж байна” гэлээ. Би зөвшөөрсөн. Ингээд “Улаанбаатарын мисс-2000” уралдаанд түрүүлчихсэн. Багш өмнө нь яг энэ тэмцээнд оролцож байхдаа хэрэглэж байсан өмсгөл, зүүсгэл, хамаг гоёлоо надад хэрэглүүлсэн юм. Тэгж байтал БНСУ-ын Чэжү аралд зохиогдох олон улсын миссийн тэмцээнээс урилга ирж, би тэнд гуравдугаар байр эзэлсэн. Ар араасаа шил дарсан эдгээр үйл явдал миний хувьд төлөвлөх бүү хэл хүсэж ч амжаагүй залуухан насанд минь тохиосон азтай явдал билээ. Ээж аав хоёр санаа нь зовчихсон Завханаас утасдаад “Охин минь чи яаж байна аа” гээд л, хөөрхий ээж минь бүр “Арай ч дээ сургууль номоо таслаад” гэчихсэн уйлж байсансан. Манайд хичээл ордог соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэмбэл, До.Цэнджав багш нар надаар их бахархаж, “Хичээлээсээ чөлөөлөгдсөн ч шалгалтад үргэлж амжилт үзүүлдэг” гэхэд нь би сая нэг санаа амарна. Дараа жил нь буюу төгсөх курстээ “Монголын сайхан бүсгүй-2001” тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөл хүртсэн. Энэ титэм надад бахархал, басамжлал хоёрыг тэнцүүхэн амсуулсан. Тэр үед гэрээсээ ч гарахааргүй болтлоо хайрцаглагдах, нэг бол урагш алхах гэсэн хоёр зам байсан. Би хоёр дахийг нь сонгосон.
Тэр үед буюу 2002 онд тухайн үеийн МАХН, одоогийн МАН-аас надад гишүүнээр элсэх санал ирэхэд гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд зөвшөөрсөн. Монголын сайхан бүсгүйн хамгийн том тэмцээний тэргүүн миссийн хувьд олон нийтийн үйл хэрэгт манлайлан оролцох, тэр дундаа хүүхэд залуус, эмэгтэйчүүдийн сэдэвт түлхүү анхаарах, нийгмийн сайн сайхны төлөө ихийг сурч мэдэх, өөрчилж сайжруулахын төлөө тууштай ажиллах зорилго аяндаа л гарч ирсэн юм. Тиймээс улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын нэгэн тод төлөөлөл болж ажиллахыг чухалчилсан юм. Өнгөрсөн хугацаанд би огт хойш суугаагүй ээ. Ажил карьерын хувьд өссөний гадна нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлд өөрөөрөө бахархах хамгийн том шалтгаан бол миний үүсгэн байгуулж, удирдан чиглүүлж буй “Бриллиант” эмэгтэйчүүдийн клуб юм. Бид Монголынхоо 21 аймагт хүрч ажиллан, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисстой хамтрах хүртлээ 10 жилийн түүхтэй байгууллага болон өргөжлөө.
Ээж бүхэн хүссэн ч, эс хүссэн ч улстөрч болдог юм байна гэдэгт би улам бүр итгэлтэй болж байна. Эмэгтэйчүүд алив бүгдийг чимхлүүр хэсгээс нь нарийн харж ажиглаж, эрсдэлгүй байх хамгийн эерэг шийдэлд дөтөлдөг улс. Би одоо дөрвөн хүүхдийн ээж. Миний амьдралын түүх ганц бие ээж байх зурвас үеэс хойш үржин дэлгэрч, өсөн нэмэгдэж бидний гэр бүл өнөр басхүү том болжээ. Би монгол ээж, эхнэр хүнийхээ хувьд бусдынхаа нэг адил зөвхөн өөрийн үр хүүхэд, гэр бүлээр хязгаарлахгүй бүхий л хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрүүл аюулгүй орчин, ирээдүйд учран золгох нийгмийн харилцааг зохицуулах бодлого, шийдвэрийг анхаарахгүй өнгөрч тэвчдэггүй. Энэ хэрээр эмэгтэйчүүдийн клубийнхээ гаргасан нэгэн сайхан тод жимийг илүү өргөн, илүү хүчирхэг замнал болтол зүтгэхийг ажил амьдралынхаа хамгийн гол зорилго болгосон билээ.
Б.ЭНХЦЭЦЭГ