Амьдралаас буцаж буй хүнтэй сүүлчийн удаа уулзах нь хүний ёс, хүний эрх. Гэтэл цөхөртлөө харуулдсаар, амьсгал хураатлаа үгүйлсээр хорвоогийн мөнх бус болцгоож байсан хайртай дотны хүмүүсээсээ ердөө ганцхан хананы цаана, ганцхан хаалга татаад л орох зайд гэр бүлийнхэн нь хөдлөх эрхгүй тусгаарлагдаж байлаа. Энэ бол эрт эдүгээгийн хэрэг ч биш, бидний амьдарч буй улс оронд саяхан болсон явдал. Ковидын үеийн баримтуудын нэгээхэн хэсэг. 2020-2021 онд хөл хорио тогтоож, онцгой байдал зарлахдаа Засгийн газар хүний эрхийн мэдрэмжээ гээсэн. Надад олон баримт цуглаж, би сэтгүүлчийнхээ хувьд “Уулзаагүй” төслийг санаачлан зохион байгуулахаар шийдсэн юм. Жил гаруйн хугацаанд гадаадад гацсан 13000 орчим монгол хүн, тэдгээрийн дотроос амь насаа алдсан иргэдийн гэр бүлийнхний элэг эмтлэм түүх гэрэл зурагчин Б.Батгэрэлийн буулгасан нулимстай хөргүүдээр 2021 оны гуравдугаар сард Сүхбаатарын талбайд дэлгэгдсэн. Уян хатан хандаж болох байсан ч шударга бус, буруу хатуу шийдвэр хүний эрхийг хэрхэн зөрчдөгийг “Уулзаагүй” төсөл цаашид дахин үл давтах бодит сэрэмж болгон сануулах ёстой гэж би үзсэн юм. Ээждээ тэврүүлж Улаанбаатарт ирсэн хойноо журам дүрмийн дагуу охин эмнэлэгт ганцаараа хүргэгдэхдээ “Ээж ээ, би ундаа ууя” гэж гуйж байсан юм шүү дээ…
Ирээдүйд хэн болохоо ч мэдэхгүй зургаадугаар ангид байхдаа би сургуулийнхаа дунд, ахлах ангийн бүх сурагчдын дунд “Хүүхдүүдийг хамгийн их дээрэлхдэг багш хэн бэ” гэсэн санал асуулга явуулж байлаа. Зарим багш сурагчдыг муу дүн авахад шийтгэхдээ, мөн ариун цэврийг шалгах нэрээр гутал хувцас муутай, ар гэрийн нөхцөл сайнгүй хүүхдүүдийг алаг үзэх хандлагад Сурагчдын зөвлөлийн дарга сэтэртэй ч дотроо би их зэвүүцдэг байсан юм. Тэр бол 1990 он. Зурагтаар хүний эрх, эрх чөлөөний тухай яриа хөөрөө явж эхэлсэн нь надад нөлөөлсөн шиг билээ, одоо эргэн бодоход. Хожим аав минь захирлын өрөөнд дуудагдсанаа дурсахдаа “Миний охин тэр үеэс л сэтгүүлч болж байж” гэдэг юм.
Миний мэргэжил сэтгүүлч. Би уг нь телевизийн хөтлөгч болохыг хүсдэг байлаа. Дунд сургуулиа төгсөх үедээ жүжигчид л телевизийн хөтлөгч хийдгийг олоод мэдчихсэн, кинодрамын ангид шалгуулан Архангай аймагт маань ирсэн хоёр хуваарийн нэгийг баараггүй авахуйц өндөр оноогоор тэргүүлж явлаа. Хамгийн сүүлд чөлөөт ярилцлага хийх болоход Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай “Чи их хүнд байна аа, жүжигчин хүн хөнгөн байх ёстой. Танайд цэрэг армийн хүн байдаг уу” гэж байна. “Тийм, миний аав офицер” гэтэл “Яг тийм байна, ген чинь угаасаа жүжигчин биш юм” гээд намайг тэнцүүлээгүй. Тэгээд би МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Франц хэл, судлалын ангийн хуваариа сонгосон хэрнээ есдүгээр сарын турш хичээлээ тараад л МУИС-иас СУИС руу алхчихна. Ц.Гантөмөр гуайтай хэдэнтээ таарав. Нэг удаа намайг дуудаад “Охин минь чамд үнэнийг хэлэхэд, аав ээж хоёр чинь чамайг өөр сургуульд орвол хавь илүү ирээдүйтэй хүүхэд гэж надаас гуйхаар нь би ген мен гээд бурчихсан юм” гэж билээ. Би энэ талаар аав ээждээ огт гомдол мэдүүлээгүй, дахиж СУИС-иар ч эргэлдсэнгүй. Гэхдээ л телевизийн хүн болох бодлоо огт хаяагүй юм.
Телевизийн сэтгүүлчийн ажилдаа би үнэхээр дурласан. Ахуй амьдралаа хойш тавиад ч ажлаа хийхээр гардаг, гэрт юу ч болж байсан ажиллах шалтгаан нь амиа хичээн дуугүй суухыг өөртөө зөвшөөрч чаддаггүйнх, нийгмийн сайн сайхны төлөө хийж буй үйл хэрэгтээ итгэлтэй явсных. “25 дугаар суваг” телевизэд байхдаа 2003 онд “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ж.Гангаа ахтай хамтран хорих газруудаар явж хийсэн цуврал сурвалжлагаараа ял эдэлж буй хүмүүст тохиолдож буй хүний эрхийн зөрчлүүдийг хөндөн олон нийтэд анх удаа үзүүлж, Хүний эрхийн үндэсний комиссын шагнал хүртэж байлаа. Хадгаламж, зээлийн хоршоодын дампуурлын үеэр мэдээ мэдээлэл бэлтгэж байхдаа тэнд улстөрчдийн мөнгө угаагдаж, бүх юмаа өгсөн энгийн хүмүүс ядуурч, амиа хорлож байгааг олж хараад хохирсон иргэдийн эрхийн төлөө тууштай дуугарсан. Би телевизэд сэтгүүлчийн хувиар олон мэдээ хийсэн, мэдээний албаа удирдан чиглүүлж топ менежер болж мэргэшсэн. Энэ бүх хугацаанд хүний эрх миний байнгын сэдэв байлаа.
Сэтгүүл зүйн 18 жилийн карьераа улс төрийн намаар солих шийдвэр гаргасан 2016 онд би өөртөө хамгийн их эргэлзсэн. Мөрөөдлийн байшингаа өөрийн гараараа босгочихоод айлд очиж суух гэж байгаа ч юм шиг санагдсан нь үнэн. Улс төр, нам гэж юу байдгийг би гаднаас нь хараад ч бохир байгааг нь мэднэ шүү дээ. Гэхдээ юм өөрчлөгдөх ёстой, сайжрах ёстой. Эрх баригчид дангаар засагласан он жилүүдэд ардчиллын суурь үзүүлэлтүүд буурч, хүний эрх, хувийн өмчийн зөрчлүүд дээр төрийн нэрээр эз дийлж байгааг хараад ухарч болохгүй гэж шийдсэн.
Б.Энхцэцэг