Бага ангид ээжийг сургууль дээр ирэхэд ангийн хөвгүүд “Айнагүлийн ээж!” гэлцээд дэрхийн зугтчихна. Ээж минь Баян-Өлгий аймгийн нэгдүгээр эмийн санд олон жил ажиллахдаа зүгээр нэг эмзүйч байгаагүй юм. Эгэл казах эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр боловсролтой, хатуу шаардлагатай, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй сайнаар хэлбэл зарчимч, саараар бол хэнхэг талдаа хүн. Том хүмүүс ээжид минь итгэнэ гэж жигтэйхэн, харин хүүхдүүд айна. Өвдөөд эм авахаар ээж аавтайгаа орж гарах хүүхдэд ээж шүдээ угаахыг ч заана, “Чи дахиад л нусаа гоожуулаад явж байна уу” гээд хамрыг нь ч цэвэрлэчхэж мэднэ. Улаанбаатарт Анагаах ухааны дээд сургууль төгсөөд нутгийн их догь эртэй гэрлэсэн нь бидний аав. Хотод сурдаг оюутан ах эгч нарынхаа хоол, хувцасны зардлаас дэмнэхээр 12-хон настайгаасаа хичээлийнхээ хажуугаар ажил хийж гэртээ тусалсаар наймдугаар анги төгсмөгцөө ажил дээр гарсан эр билээ. Баян-Өлгийн Усны аж ахуйн жолооч аавын минь нэрээр нэрлэгдсэн худаг манай аймгийн сум бүрд шахам бий.
Би араасаа тэрсхэн гурван дүү дагуулсан том охин нь юм. Аав, ээж хоёр өглөө гараад орой ирэхэд би гал хөсөө түлээд гэрээ дулаацуулчихсан, хичээл номоо хийгээд дүү нарынхаа даалгаврыг шалгачихсан, бас болоогүй хоол цайгаа хийж амжсан байна. Аав ээж хоёрт амралтын өдөр гэж байсангүй. Би аавынхаа гаргасан худгаас ус авч, гэрийнхнийхээ хувцсыг угааж, дүү нараа усанд оруулна. Тэр үед тог их тасарна, лаа бариад л хичээлээ хийгээд суудагсан. Аавынхаа нөлөөгөөр уран зохиолд мөн ч их дурлаж билээ. Хамаг ажлаа амжуулчхаад ном дэлгээд суучихвал үүр цайхыг ч анзаарахгүй. Номоос би том болоод нисэгч болохыг мөрөөдөв. Гэтэл намайг ахлах сургууль төгсөх жил манай ангид МУИС-ийн оюутан ирж дадлагаар хичээл орлоо. Залуухан мөртлөө олон талын мэдлэгтэй оюутан-багшаар дамжуулан түүний сурдаг МУИС-ийг би өөртөө нээсэн. Тэнд л очиж сурна гэж хатуу шийдэв. 1998 онд аравдугаар ангиа онц төгсөхөд сургуулийн “Хүндэт самбар”-т зураг нь 10 жил тавигдсан ганцхан хүүхэд нь би байлаа. Тэр намар МУИС-ийн экологи, байгаль хамгааллын ангийн оюутан болов. Нэгдүгээр курс төгсөх хавар “Кирияма” сангийн тэтгэлгийн уралдаант шалгаруулалтыг би тэргүүлж, зөвхөн онгоцны тасалбараа аваад л Японд үнэ төлбөргүй суралцах завшаантай тохиов. Хөөрсөн амьтан аав ээждээ дуулгатал “Охин хүүхэд тэр хол газар маш аюултай” гээд зөвшөөрсөнгүй. Тэр сан намайг сурлагын амжилт гаргасаар байвал МУИС-ийг төгсөх хүртэл жил бүр 200 ам.долларын тэтгэлэг олгохоо амалж, над шиг 95 оноо аваад голдог оюутан түүнийг нь хүртсээр төгссөн дөө.
Би 2004 онд Хангай дээд сургуулийг коллеж байхад химийн багшаар ажилд орсноос хойш өнөөг хүртэл сургуульдаа ажиллаж байна. Одоо би Сургалт эрхэлсэн дэд захирлын албатай. 22 жил боловсролын салбарт тууштай ажиллаж байгаад гэнэт яагаад ХҮН-д элсэж, улс төрийн идэвхтэй болсон түүхээ илэн далангүй хуваалцъя.
2021 онд 41-хэн настайдаа эрүүл чийрэг би хорт хавдрын онош сонссон юм. Болоо ч үгүй том хавдартай болжээ. Биед таагүй зовуурь мэдрэгдэж байсан тул өрх, дүүргийнхээ болон хувийн эмнэлгүүдэд янз бүрийн онош тавигдан нэлээд хэдэн сар эм тариатай өнгөрүүлсэн бөгөөд эцсийн мөчид сайн дураараа Хавдар судлалын үндэсний төвд очсоноор айхтар зүйл сонссон хэрэг л дээ. Хорт хавдартай хүмүүсийг хүлээн авах, эмчлэх газар манайд ХСҮТ-өөс өөр байдаггүй. Хүнд хагалгааны дараа бие эрхтэнийг нөхөн сэргээх болон өвчин зовууриас үүдэлтэй сэтгэлийн гүн хямралыг арилгах, зөвлөх, туслах газар нэгээхэн ч үгүй. Үгээр илэрхийлэх аргагүй өвдөлтийг тээж явахад нөгөө л хавдраар өвдсөн, эдгэсэн хүмүүс л биенээ сэтгэлээр эрвийх дэрвийхээрээ дэмжиж зогсдог юм. Миний хувьд Туркт хагалгаанд орж, тэнд эмчлүүлээд 2022 оны аравдугаар сард ирсэн. Ирэнгүүтээ фэйсбүүкт байдаг хавдрын нэртэй бүх группэд бүртгүүлж, өөрөө групп нээж хүмүүст эрт оношлуулахыг зөвлөж эхэлсэн. Над руу хавдартай хүмүүс хандахад би байдаг чадлаараа сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг болсон. Одоогоор надтай харилцаатай 600 орчим хүн бий. Ирэхдээ би өөрийгөө үхэх байснаар, хоёр хүүхдээ, нөхөр, эцэг эхээ надгүйгээр үлдэх байснаар төсөөлсөн. Би яаж ийм нийгэмд үрсээ орхиод явах байсан юм бэ гэж бодоход нэгэнт л амьд үлдэж чадсан юм, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд өөрийн биеэр эргэж буцахгүйгээр оролцох зоригтой болчихсон байсан. Миний бие сайн тэнхрээгүй байх үе шүү дээ. 2022 оны арваннэгдүгээр сарын 4-нд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь 50:50” хэмээх хөтөлбөрийн форум болох зар харсан юм. Байх ёстой газар минь ХҮН мөн гэдгийг ойлгосон, зараар очоод бүртгүүлсэн, тэгээд гишүүнээр үлдсэн хүн бол би юм.
Би сонгуульд дан эрчүүдтэй өрсөлдөх хоёр дахь казах эмэгтэй болно. Манай нутгийн ард иргэд надад итгэл хүлээлгэж шийдвэр гаргах түвшинд ажиллах боломж олговол би олон жилийн нүүр үзсэн хос хэлний боловсролын бодлого, хөтөлбөр боловсруулах, эрүүл мэндийн боловсролын бодлого, хөтөлбөрийг шинэчлэх, сурах бичгийн чанарыг боловсронгуй болгох, эрүүл мэнд, хос хэлний хичээл заах багш нарыг бэлтгэх, эрүүл мэндийн ажилтнуудын тоог олшруулах, Монгол орны бүс бүрт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх эмнэлэг, сувилал байгуулахаар ажиллана. Үүний төлөө би амьдралынхаа хоёр дахь үеийг эхлүүлж, ХҮН-д “зараар” орж элссэн түүхтэй.