2024 оны УИХ-ын сонгууль болоход таван сарын хугацаа үлдээд байна. Улс төрийн хүрээнийхэн дээр дооргүй хөдөлгөөнд орж, үйл явдлаар баялаг жил болох нь гарцаагүй. Иргэдийн улстөрчдөд тэр тусмаа улс төрийн намуудад итгэх итгэл хамгийн доод түвшиндээ хүртэл унасан энэ цаг мөчид хөдөлгөөн бүрийг нь олон нийт анхааралтай ажиглаж байна. Өнгөрсөн жилээс сайнтай муутай ч олон өөрчлөлтүүдийг эхлүүлсэн ч үр дүнг нь үзэж чадах эсэх нь улс төрийн намуудаас, сонгогчдоос ихээхэн шалтгаална.
Намуудын хувьд жагсаалт, тойрогт ямар бодлого барьж, хэнийг явуулах нь тодорхойгүй байгаа өдрүүд үргэлжилсээр. Хүмүүсийн хувьд хамгийн тодорхой байгаа зүйл бол 126 суудлын 48 жагсаалтаар, 78 тойргоос сонгогдох нь. Жагсаалтаар нэр дэвшигч 48-ын тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй байна гэдгийг хүмүүс сайн мэдэж байгаа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд жагсаалтад орох хүмүүсийн нэрсийг тодорхойгүй удаан барих нь намын дарга нарт суудлаа үнэ хүргэх, намын дарга нарын эрх мэдлийг л нэмэгдүүлэх ашигтайгаас биш сонгогчдын хувьд үр өгөөж нь бага талаар бичигдэх болов. Зарим улсад намууд жагсаалтын нэрсийг хамгийн багадаа гурван сарын өмнө нээлттэй зарлаж, сонгогчдод судлах боломж, цаг хугацааг өгдөг зөв улс төрийн соёл тогтсон байдаг.
Үнэхээр л намуудын жагсаалтад намын дарга нар, эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн нар эхний дугааруудад орж ирнэ гэдэг тодорхой жишиг, бусад нь ямар хүмүүс байх талаар төсөөлөл ч алга. Үнэндээ намын жагсаалтыг өнгөлж, гоё харагдуулах нь боловсрол өндөр, туршлага арвинтай эмэгтэйчүүд байхаар байна.
МАН-ын Социал демократ эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүний хувиар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Булгантуяа жагсаалтын хоёрт бичигдэх учиртай. АН-ын хувьд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл мөн жагсаалтад багтах таамаг хүчтэй байгаа. Үүнтэй ч маргах аргагүй биз.
Түүнчлэн өнгөрөгч оноос төрийн өндөр албан тушаалуудад эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэх боллоо. Одоогийн байдлаар Засгийн газрын томилогдох албан тушаалд 3 сайд, 3 дэд сайд, 5 төрийн нарийн бичгийн дарга, 7 агентлагийн дарга, цаашлаад нийслэл дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, орлогч гээд хуучинтай харьцуулахад өссөөр байна. Гэхдээ хүн амын хувьтайгаа харьцуулахад хаанаа ч хүрэхгүй үзүүлэлт.
Төрийн хараат бус байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын томилгоонуудыг харвал мөн л эмэгтэйчүүд өнгөлөх болов. Тухайлбал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар 2022 оны арванхоёрдугаар сард Р.Онончимэг анхны эмэгтэй даргаар томилогдон ажиллаж байсан бол ээлжит хугацаа нь дуусч дараагийн дарга томилогдох үед мөн эмэгтэй дарга сонгогдсон нь Л.Энхбилэг. Тэрбээр олон жил шүүгчээр ажилласан, энэ салбарт асар туршлагатай нэгэн билээ. Мөн энэ сард Төрийн албаны зөвлөлийн даргаар бас л анх удаа эмэгтэй хүн томилогдсон. Оны өмнөхөн Хүний эрхийн Үндэсний комиссын даргаар хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидийг тавьсан нь зөв сонголт болсон талаар багагүй яригдаж байсан. Бас одоог хүртэл даргаа томилоогүй байгаа Үндсэн хуулийн Цэцийн даргаар эмэгтэй хүн сонгогдохыг үгүйсгэхгүй. Гавьяат хуульч Л.ӨлзийсайханУИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад саяхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон билээ.
Ийнхүү урьд өмнө байгаагүйгээр шийдвэр гаргах албан тушаалд эмэгтэйчүүд ур чадвараараа ялгагдан томилогдож байна. Харин одоо намууд листээ гаргахдаа мэдлэг ур чадвар болон өгсөн амлалтаа эргэн санаж эмэгтэйчүүдэээ дэмжин ажиллах нь гарцаагүй биз ээ.