Японы эрх баригч Либерал Ардчилсан нам өнөөдөр буюу баасан гарагт намын даргаа тодрууллаа. Эрх баригч намын дарга Ерөнхий сайд болох уламжлалаар энэ санал хураалт нь зөвхөн намын дарга ч биш, Ерөнхий сайдыг тодруулах арга хэмжээ гэж болно.
Энэ удаагийн өрсөлдөөнд есөн хүн өрсөлдөж байгаагаас эмэгтэй хүн намын дарга улмаар Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болох магадлалтай гэгдэж байсан билээ. Гэхдээ энэ өрсөлдөөнд нэг ч биш хоёр эмэгтэй оролцож байсан нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага, хатуу уламжлалтай Японы хувьд анхаарал татсан үйл явдал болов. Тэр дундаа Эдийн Засаг, Аюулгүй байдлын сайд Санаэ Такайчиг намын дарга болох хамгийн магадлалтай гурван хүний нэг гэж байсан юм. Түүнийг намын дарга цаашлаад Ерөнхий сайд болно эсвэл өөр нэг магадлалтай хүнээр хамгийн залуу өрсөлдөгч Байгаль орчны сайд Шинжиро Койзумиг гэж байв. Тэрбээр манайхны сайн таних Ерөнхий сайд Жуничиро Койзумигийн хүү юм. Харин гуравдахь нь Батлан хамгаалахын сайд Шигеру Ишиба байсан бөгөөд намын дотоод хурлаар тэр намын даргын суудлаа авахаар болжээ.
Уг нь анх удаа Японы Ерөнхий сайдаар эмэгтэй хүн сонгогдох нь гэсэн олон нийтийн хүлээлттэй байсан боловч энэ удаад бүтсэнгүй. Тэрбээр өмнө нь 2021 онд саяхан халаагаа өгсөн Ерөнхий сайд Кишидатай өрсөлдөж байв.
Японы парламентын доод танхимын дөнгөж 10.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь Азийн дундажаас хамаагүй бага үзүүлэлт юм. Манайд 17.1 хувь байсан энэ үзүүлэлт өнгөрсөн сонгуулиар 25.4 хувьд хүрч, Азийн дундажийг давсан билээ.
Гэхдээ манайд эмэгтэй Ерөнхий сайд томилогдож байгаагүй, эмэгтэй Ерөнхий сайдын хувилбар ч яригдаж байгаагүй юм.
Тэгвэл Парламентын холбооны шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлтээр дэлхийн 193 орноос 163-т жагсдаг улсын хувьд ийм байна гэсэн үг. Харин манай улсын хувьд өнгөрсөн сонгуулийн үзүүлэлтээрээ 35 байр урагшилж 95-д ордог улс болсон билээ.
Хэдийгээр Японд энэ удаад эрх баригч намын дарга эмэгтэй хүн сонгогдож, улмаар анхны эмэгтэй Ерөнхий сайд болох боломж хаагдсан ч гэлээ хоёр эмэгтэй улстөрч сонгуульд өрсөлдсөн нь Либерал Ардчилсан намыг цаашлаад Японы улсыг шинээр харуулж байгааг олон улсын түвшинд судлаачид хүлээн зөвшөөрч байна.