Сонгуулийн циклээр амьдрал нь өрнөдөг монголчуудын бас нэг амьдралын мөчлөг эхлээд байна. Улс төрийн намууд нь иргэдийн хүссэн нэр дэвшигчийг дэвшүүлэх гэхээсээ илүүтэй намыг санхүүжүүлэх, эрх мэдэлтнүүдийг сонгогчдод хүчээр тулгаж, сонголтгүй сонгууль болдог болоод олон жил болсон. Харин өнгөрсөн хавар шинэчлэгдсэн сонгуулийн холимог тогтолцоо, Улс төрийн намын тухай хуулиар энэхүү гажуудлыг засах оролдлогыг эхлүүлсэн. Гэвч энэхүү хууль хэрэгжих эсэх нь намуудын манлайлал, иргэдийн оролцооноос ихээхэн хамаарна. Сонгох эрхээ улс төрийн намуудад удаа дараа “алдсан” сонгогчид өөрсдийг нь төлөөлж чадах “нэр дэвшигчдийн” эрэлд гараад буй. Олон нийтийн эрлийн эздийг доор товч танилцуулъя.
Их хотын түгжрэл, утаа, нийтийн тээврийн асуудал өвлийн өвөлд Улаанбаатарын иргэдийг бухимдуулж, улс төржүүлдэг. Олон жил улстөрчдөөс шийдэл хүлээж цөхөрсөн иргэд хотын даргаа өөрөө сонгодог болъё гэж ч хэлж үзэв. Дүнжингаравын ослын дараагаар иргэд хотын даргаа хаа сайгүй эрэл сурал болсон. Гэвч гадаадаар явж явж ирсэн дарга маань хойд талын хар овоохой гэгчээр над руу дайрлаа гээд хээв нэг өөрийгөө өмөөрсөн мэдэгдлийг хийгээд байна. Хотод нь том осол болоод, олон хүн үрэгдэж, өчнөөн хүн эд хөрөнгө сэтгэл санаагаараа хохироод байхад шүү дээ. Уул шугамдаа иргэд тийм ч бүтэшгүй зүйл хүсээгүй цаашид хот аюулгүй байдлаа дээшлүүлэх, дахин гарах аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах болно гэх тайвшруулах үгс л хүлээж байсан нь нууц биш. Ингээд үе үеийн хотын даргад урам хугарсан улаанбаатарчууд хотын даргын “эрэлд” гараад удаж байна.
“Моод” төслийг санаачлагч Б.Болдыг хотын дарга болгоё гэх хүсэлтүүд олон нийтийн сүлжээгээр хөврөөд удаж буй. Хотжилт, хотын соёл, шинэ “моод”-ыг түгээж байгаа түүний шийдлүүд захиргааны аргаар л асуудлыг шийддэг, өөрийгөө өмөөрдөг, захирангуй дарга нарын хажууд үнэхээр итгэл төрүүлэхээр.
Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал хамгийн тулгамдсан ч бидний зугтахыг хүсдэг сэдэв. Үе үеийн дарга нь зуух ярьсаар хорь гаруй жилийг үдээд байгаа. Үнэхээр шийдэл байхгүй итгэл алдарсан утааны асуудлыг эмч нар хөндөж, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулах болсон. Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг өнгөрсөн зунаас эхлэн авто зам дээрээс дэгдэж буй нарийн ширхэгт тоосонцроос хэрхэн өөрийгөө хамгаалах талаар ярьж эхэлсэн бол угаарын хийн хордлогоос урьдчилан сэрийлэх арга замыг эмч хүнийхээ хувиар зөвлөсөөр байгаа харагдана. Утаа, тоосонцрийг шийдэх богино хугацааны шийдэл үнэхээр байхгүй юм бол бид тэгвэл энэ хотдоо яаж өөрийгөө зохих түвшинд хамгаалан амьдрах вэ? гэдэг л асуулт чухал нь үнэн. Засгийн газар иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж чадаагүйнхээ төлөө нөхөн төлбөр олгохыг шаардаж шүүхэд хандаж байгаагаа тэрээр мэдэгдээд байна.
Засаглалын ил тод байдлыг сайжруулах чиглэлд тууштай ажиллаж буй “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ын захирал М.Энхбадралыг олон нийт УИХ-д байх ёстой залуугаар нэрлээд удаж буй. Өнгөрсөн жилийн өвлийн жагсаал дээр хэлсэн ярилцлага нь олны сэтгэлд ихээхэн хүрсэн. Бид асуудлаа зөв олж харж, тэмцлээ зөв зүгт чиглүүлэхгүй бол мянга мянган жагсаал хийгээд ч ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг хатуухан хэлсэн. Иргэний нийгмийн салбар эрүүл өсөж торних нь хаа хаанаа хэрэгтэй тул түүнийг энэ салбартаа тууштай ажиллаж, үр дүнг нь үзэх хэрэгтэй гэх олон нийт бас байна. Ил болон далдаар түүнийг “харамлах” сэтгэгдлүүд ч хөвөрч харагдсан.
Одоогийн УИХ болон бусад төлөөллийн байгууллагад залуучуудын төлөөлөл байхгүй. Залуучуудын улс төрийн идэвх тэр тусмаа сонгуулийн ирцийн асуудал хамгийн тулгамдсан асуудал байдаг. Өнгөрсөн жилийн жагсаалын үеэр олон нийтийн сонирхлыг ихээхэн татах болсон нэгэн залуу эмэгтэй бол Г.Сайнзаяа. Нийгмийн шударга бус зүйлсийг энгийн ойлгомжтой, тоо баримттай тайлбарласан түүний үг болгон хүмүүст нэгийг бодож, хоёрыг тунгаах сэдлийг өгсөн. Ухаалаг, хэрсүү, залуухан ээжийн төлөөлөл, харах өнцөг манайд дутаж байгаа нь үнэн. Гэхдээ сонголтыг өөрт нь үлдээе.
Үнэндээ олон нийтийн өмнө зөв зүйл ярьсан болгон сонгуульд өрсөлдөх ёстой гэсэн ойлголт хэт өрөөсгөл ч гэсэн нэг талаараа олон нийт одоогийн улстөрчиддөө энэ хэрээр сэтгэл дундуур байгаагын илрэл. Олон нийт өөрсдийн хүсэж байгаа, жинхэнэ төлөөлж чадах хүнийг нэр дэвшүүлэхийг шаардсан энэ мэт хандлагуудыг үгүйсгэж, үл тоох аргагүй. Нэг талаараа иргэдийн улс төрийн оролцоо ийм хэлбэрээр ч илэрч болно.
Сонгуулийг сонго-уйл болгож замхруулдаг намууд энэ удаад сонгогчдын хүслийг харгалзаж үзэх үү? Хуучин соёлоороо явах уу гэдгийг харах л үлдлээ.