Саяхныг хүртэл бид бүгдээрээ бүх нийтийн сонгогчдын боловсрол одоогийн улс төр, нийгмийн асуудлын гол “буруутан” хэмээн ойлгож ирсэн. Гэтэл улс төрийн намын хүний нөөцийн бодлого алдагдсанаас парламент хийгээд бусад төлөөллийн байгууллагууд төлөөлөх чиг үүргээ биелүүлэх чадамжгүй болсныг судлаачид онцолж байна.
Монгол Улс дахь Конрад-Аденауэр-Сан болон МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхим хамтран үүсгэн байгуулсан “Төрийн Байгуулалтын Экспертийн Зөвлөл” – өөс эрхлэн гаргасан “Монголд төлөөллийн ардчиллын институтууд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ?” бодлогын судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Судалгааны зорилго нь Монголын ардчиллын төлөөллийн чадавхийг шинжлэх явдал бөгөөд ингэхдээ байж болох дутагдлыг илрүүлж, улмаар улс төрчдөд тулгамдаж буй асуудал, сорилтуудад цаг алдалгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгоход туслах явдал гэж үзжээ.
Нэг. Хууль тогтоох институцийн төлөөлийн чиг үүргийн хэрэгжилтийг үнэлэх
Хоёр. Бүх түвшний төлөөллийн институцэд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх боломж, арга замыг эрэлхийлэх
Гурав. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөх чиг үүрэг, түүний хэрэгжилтийн судлах зэрэг болно.
МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Ардчилал судлалын төвөөс 2022 гаргасан судалгааны дүнгээс харахад ч Монгол Улсын Их Хурлын нэр хүнд аажмаар буурч байгаа нь харагдаж байна. Шалтгаан нь “амлалтаа биелүүлдэггүй” гэх шалтгаан тэргүүлж байна. Парламентын гишүүдэд нийгмийн зүгээс өгч байгаа үнэлэмж ёс зүйн хэм хэмжээгээр голлон үнэлэгдэж байгаа нь намууд нэр дэвшигчдийн ёс зүйн асудалд анхаарах шаардлага байгааг харуулж байна.
Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын нэр хүнд олон нийтийн дунд буурах нь Монголын ардчилалд аюул учруулахын зэрэгцээ улс төрийн намууд төлөөллийн үүргээ ухамсарлаж, хэрэгжүүлэх цаг болсныг баталж байна. Түүчнлэн улс төрийн намын төлөвшил, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх бодлого баримтлах шаардлагатай байгаагаас гадна УИХ-ын хуралдааны ирцийн мэдээллийн бүрэн бүтэн, ил тод байдлыг хангах шаардлагатай байна.
Зөвхөн хууль тогтоох дээд байгууллагын нэр хүнд унах бус орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагаанд иргэд төдийлөн сэтгэл хангалуун бус байгаа нь дээрх судалгаагаар тогтоогдсон байна. Түүнчлэн олон нийт төлөөллийн байгууллага дахь эмэгтэйчүүдийн тоо өнөөгийн байгаа түвшнээс нэмэгдэхэд эерэг өөрчлөлт авчирна гэсэн хүлээлттэй байна. Иймд улс төрийн намын дотоод бүтэц, дүрэм журам жендэрийн мэдрэмж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг дэмжихийн тулд төрөөс олгодог мөнгөн санхүүжилтийн тодорхой хувийг жендэрийн тэгш байдалд зарцуулсан байх шаардлагыг тусгаж өгөх хэрэгтэйг судлаачид хэлж байна.