Ээж, эмээ бас би 18 насандаа гэр бүл болж 19 насандаа ээж болцгоосон түүхтэй. Хар нялхаараа өөрийгөө гээсэн ч юм шиг, эсвэл хариу нэхэхгүй хайр гэдгийг эрт мэдэрсэн ч гэмээр юм уу. Эмээ ээжид, ээж надад “Ээ дээ, анхны хүүхдээ 19-20 настай төрүүлдэг юм шүү” гэж зааж өгсөнгүй ээ. Бидний ерөөл тавилан байх. Өнөр бүлийн амьдралд итгэлтэй өссөн нь ч нэг учир мөн биз.
Тоо бодохоороо өөртөө жигтэйхэн итгэлтэй болчихдог тоонд дуртай, тоочин аавын охин байлаа. Дөрөвдүгээр анги төгсөхдөө тавдугаар ангийн хичээлүүдээр шалгалт өгөөд шууд зургаадугаар ангид элсэн оров. Математикийн хичээл дээр сэдвийн, улирлын шалгалт авахаар багш самбарт даалгавар бичиж дуусаад шохойгоо тавихад би бодож дуусгаад үзгээ яг тавихаар хурдалж, өөртэйгөө уралддаг байлаа. Наймдугаар ангидаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сонгон шалгаруулалтад тэнцэж, “тооны ангийн” гэх тодотголтой болов. Мэргэжлээ сонгох үед манай гэрийн босгоор хар аяндаа орж ирэх болсон улс төрийн сэдвийг сонирхсоных байх, программист болно гэж байсан би хуулийн сургуульд орохоор шийдсэн байлаа. Унших биш бодох дуртай 16 настанд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн хичээл их л хүнд байсан санагддаг ч, 20 настайдаа эрх зүйч, бас ээж болоод төгсөж билээ. Том хүү минь төрөнгүүтээ хагалгаанд орж, яах учраа ч олохгүй уйлалддаг хүүхдээрээ шахам аав, ээж хоёр нь цаг мөч бүрийд хүүгээ асарсан, сувилсан, дипломын ажлаа хамгаалахаар олон шөнө нойргүй чармайсан том хүмүүс болсон юм даа. Одоо хүү маань БНСУ-д кино найруулагчаар суралцдаг, хоёр охин дүүгийнхээ үлгэр дууриал, мундаг том агаа болжээ.
Хэдий нялх хүүхэдтэй ч ээжийнхээ зоригжуулснаар ХБНГУ-ын Боннын их сургуулийн Хуулийн сургуульд орж суралцан 2002 онд Харьцуулсан эрх зүйн магистр зэрэгтэй төгсөж, докторт үргэлжлүүлэн сурахыг урьсан багшдаа “Баярлалаа” гэж хэлээд эх орон руугаа яарсан. Өмгөөлөгч болно гэсэн мөрөөдлөө биелүүлж, хууль зүйн “Цэц” товчоонд өмгөөлөгчөөр орсон би гологдохгүй юмсан гэж амралт гэдгийг мэдэхгүй зүтгэсээр хоёр жилийн дараа хувь авдаг түнш болов. Аав маань дөрвөн хүүхдээ бага гэж чамлалгүй “Өөрийнхөө төвгийг өөрөө төвөглөж сур” гэж хатуу ч гэлээ бодон бодсоор хичээхэд амьдралд хөл алдахааргүй тэнцвэрээ олох сургааль хэлсэн хүн. Толгойгоороо тоогдох гэсэн том хүсэлтэй надад туршлагатай хоёр том хуульчаас ихийг сурч төлөвшсөн маш сайхан эхлэл хууль зүйн “Цэц” фирм болсон юм. 2000-гаад оны дунд үе бол нийгмийн цоо шинэ харилцаанд шилжээд арав гаруй жил болж байсан, манай хууль эрх зүйн орчин боловсронгуй болох яагаа ч үгүй цаг. Германаас төгсөж ирэхдээ авчирсан хууль эрх зүйн онол, арга зүйн номуудаа эргүүлсээр гарц, гаргалгааг олно, харьцуулан судална. Өөрөөсөө харамлан байж цуглуулсан мөнгөөрөө ном авсандаа жигтэйхэн баяртай байж билээ. Тухайн үедээ “Өсөх ирээдүйтэй хуульч, өмгөөлөгч Уянгахишиг” хэмээн танигдаж, ажлын карьер маань эхэлж байлаа. Ажил амьдралын өөрийн гэсэн зам мөрийг эхлүүлсэн хойно “Гончигдоржийн охин” гэх зүүлт Уянгахишиг нэрийн минь өмнө дагахад би зүгээр л “хуульч” гэж эзэмшсэн мэргэжлээрээ дуудуулах, мэдлэг чадвараараа хүлээн зөвшөөрөгдөхийн мөн болж байсансан. 2010 онд “Си энд Жи партнерс” хуулийн фирмээ хамтран байгуулж, Их Британийн нэр хүндтэй хуулийн фирмтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан анхны монгол хуулийн компани болж байлаа.
Хожим “Шунхлай групп” ХХК-ийн Үйл ажиллагаа, Хууль, эрх зүй хариуцсан захирлаар ажиллаж байхдаа ээлжийн амралт гэдгийг оюутны ширээнээс боссоноос хойш 15 жилийн дараа анх удаа авч үзэв ээ. Хуулийн компанид нэгнээ орлоно гэх боломжгүй, өдөр ч шөнө ч, амралтын өдөр ч 24 цагийн турш утсаа нээлттэй, компьютертэйгээ амьдардаг хүн үйл ажиллагаа нь жигдирсэн том компанид араас дуудахгүй, ер нь утас ч дуугарахгүй амарна гэдэг сонин мэдрэмж байв. Тэндээ хоёр жил ажиллаад өөрийн хүсэлтээр гарахад захирал маань миний гарах болсон шалтгааныг сонсоод тун их гайхаж билээ. 2012 оноос эхэлсэн эдийн засгийн хямрал даамжирч 2014 он гэхэд миний гол үүрэгтэй оролцож байсан томоохон төслүүд үндсэндээ гацаж орхисон учраас сул цалин аваад суугаад байгаа мэт эвгүй мэдрэмж төрсөн нь надад тухгүй байсан хэрэг л дээ. Ингээд гэртээ жил хэртэй “өөртэйгөө ажиллаж”, ээжийн ажлаа хийж, бас ч үгүй хажуугаар нь гурван дүүгийнхээ гэрлэх ёслолыг нэг дор зохион байгуулахад гол зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж, 1000 зочинтой хурим зохион байгуулсан том ажлын ард гарав. Хурим гэдэг залуу бүсгүйн хувьд гол дүр нь байх чухал мөч. Гэтэл аав, ээжийн минь нөхцөл байдлыг ойлгож, хуримаа хамт хийхийг зөвшөөрсөн гурван бэр дүү маань үнэхээр хайр татам ухаалаг бүсгүйчүүд. Би уг нь төрсөн гэвэл хоёр эрэгтэй, ганц эмэгтэй дүүтэй хүн. Гэхдээ бидний амьдралд ам бүл есүүл болох тохиол байлаа. Аавын дүү таалал төгсөхөд ээж минь гурван хүүхдийг нь салгахгүй ээ гээд гэртээ аваад ирсэн. Тэгээд л би чинь гурван эрэгтэй дүүгээ эрийн цээнд хүрэхэд тэднийхээ хуримыг хийсэн нь тэр юм. Хүмүүс зурагтын мэдээгээр дүрсийг нь харж олон жил танил болсон Р.Гончигдорж гэдэг ахмад улстөрчийнх зарим нэгэн шиг хулгай, худлын замаар хөрөнгө зоорь хураагаагүй, олныхоо боломжоос нэг төгрөг булаагаагүй, хүүхдүүдээ өөрсдөө амьдралаа аваад явах мэргэжил, боловсролтой болгож, ажил амьдралд хүргэсэн жирийн л эцэг эхийн намтар байдаг юм аа. Бидэнд эцэг эхийнхээ нэр төрийг буруу зөрүүгээр сольчихгүй, нүүр бардам ажиллаж амьдрах зол, мөн ариун үүрэг бий.
Хуулийн мэргэшил гэдэг нийгэм, эдийн засгийн бүхий л салаа мөчирт ямар чухал үүрэгтэй, ач холбогдолтой юм гэдгийг харуулж ажиллах нь нэр төрийн хэрэг гэж би үздэг. Би 2015 оноос банк санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт шилжин ажиллаж байна. Хаа ч ажилласан “Хуульч байх хамгийн хэрэгтэй юм аа” гэдэг үгийг сонсох нэн урамтай. Өөрийн хувийн амьдрал харьцангуй цэгцрээд ирэхтэй зэрэгцэн өнөөх дотор хүн маань “Одоо улс орондоо юм хийе, иргэдийн дуу хоолой болж шударга бустай тэмцье” гэх болж, УИХ-ын 2020 оны сонгуульд ХҮН-аасаа дэвшин өрсөлдөж улс төрд идэвхтэй оролцож эхэлсэн билээ. Миний хувьд улстөрчийн амьдралыг хар багаасаа мэддэг тул гэр бүлээ хамгаалъя, амар тайван байя гэсэн хүнд аль болох улс төрөөс хол явах хэрэгтэйг ч мөн мэднэ. Тэгж хичээсэн ч дотроос хатгаад байгаа хүсэл тэмүүллээ дарах бас хэцүү. Би улс төрд ороод юуг өөрчилж чадах вэ? Ерөөс хэний хийж чадах ажил үйлс юм, энэ улс төр гэдэг чинь? Тийм ээ, энэ бол цэвэр ажил үйлс байх ёстой. Гоё зангиатай улс цуглаад түмний боломжийг хуйвалдаж иддэг газар биш, хөрөнгө оруулж, ашиг хүртдэг бизнес биш юм. Харин улстөрч байна гэдэг хамаг мэдлэг, чадвараа дайчлан хариуцлагатай, шударга ажиллахын нэр. Сонгосон иргэдийнхээ төлөө, улсынхаа төлөө зүтгэх хүнд хөдөлмөр, үүрэг даалгавар авсан төлөөлөгчид юм. Компаниар бодвол УИХ-ын гишүүн, сайд, дарга нар бол “эзэд” биш “менежерүүд”, тэд “хувьцаа эзэмшигч” иргэдийнхээ сайн сайхны төлөө улс эх орныг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Би яг ийм л улс төрийг хүсэж, аав шигээ төрийн зүтгэлтэн болохоор шийдсэн билээ.
Б.ЭНХЦЭЦЭГ