Халуун ам бүлээрээ ширээ тойрон сууж, боорцог ёотон хөвүүлсэн цайгаа уугаад цэцэрлэг, сургуульдаа дэрхийн гарцгаадаг ах дүү наймуулаа өссөн. Аав, ээж маань удирдах ажил хийдэг байсан ч манайх бусдын л адил даруухан аж төрдөг, эвтэй найртай өнөр өтгөн гэр бүл.
Би Улаанбаатар хотын Таван шарын хүүхэд. Үнэхээр тэнд таван ширхэг шар өнгөтэй орон сууц байсан. Манай байрнаас хойш саарал таван давхрууд, геологийн хэдэн байр л байсан үе. Яг голд нь миний сурч төгссөн XII сургууль. Тоо, физик, химийн хичээлээр улс, нийслэлийн олимпиадад аваргалж, урлаг, спортоор ч өндөр амжилт гаргадаг тэргүүний сурагчдаараа алдартай. Би тэр сайхан орчинд онц сурчих гээд, бас дуу бүжиг, уралдаан тэмцээнд ч оролцчих гээд бөөн идэвх чармайлттай охин байлаа.
Орцныхоо хөгшчүүлтэй их л дотно хүүхэд байсныг минь өнөө ч манайхан дурсан ярьдаг юм. Өөдөөс харсан айлын хөл муутай хөгшний талх, сүүнд нь гүйнэ. Гадаа таягтай хүн таарвал амдаж очоод л сугадаад алхана. Сайн үйл хийх чин хүсэлтэй, өөрөө түүндээ их догь. Ижий аав хоёр минь “Миний ботго хүнд туслаад л шогшиж явна уу” гээд надаас ч илүү баярлана. Манай байрны Даваадорж гэж хөгшин намайг их сайхан ерөөсөн нь одоо ч чихэнд сонсогддог юм. “Сайхан сэтгэлийн буян үргэлж дэлгэрнэ. Миний хүү хожим үзнэ дээ” гээд л үнэрлэж билээ.
Эмээ маань үр ач бидэндээ хүний явдлыг сүрхий хэлж үлдээжээ. “Ээ, хомхой сэтгэл шиг адгийн юм энэ хорвоод үгүй. Хүнд тустай явах шиг сайхан юм хаа байх вэ” гэдэгсэн. Энэ үг миний насан туршид олж мэдсэн цэцэн үгнүүдийн хамгийн үнэн нь бөгөөд орчин цагийн монголчуудын өөрсдийгөө шинжих толь мэт бодогддог.
Би Политехникийн дээд сургуулийг хүнс, нийтийн хоолны технологич инженер мэргэжлээр төгссөн. Хоёрдугаар курсийн намар сургууль дээр зохиогдсон үдэшлэгийн үеэр нэг залуу намайг бүжигт урилаа. Тэр үед 20 настай эхэлсэн бидний бүжиг өдгөө 33 дахь жилдээ хамтын амьдрал болон үргэлжилж байна. Хөтлөлцөж гүйсэн их сургуулийн гудамж, айл болсон, хоёр хүүхдээ өсгөсөн 40, 50 мянгат, жаргал зовлон, уналт босолтын алхам бүрийг, бидний гэх халуун дурсамжуудыг тээн буй Сүхбаатар дүүрэг миний хувьд хамгийн хайр татам нь.
Оюутан байхаасаа нөхөртэйгөө бизнесээ эхлүүлж, хувийн салбарт олон жил ажилласан. Миний хадам ах Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзэхэд Сүхбаатарын талбайд дуу хоолойгоо өргөсөн залуучуудын нэг. Хааяа хоолны ширээний ард өрнүүлэх ярианд татагдахгүй байж чадаагүй. Нэг л мэдсэн улс төр сонирхож, нийгмийн сайн сайхны төлөө, эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэх зүгт алхаагаа нийлүүлсэн дээ. Ингээд 1993 онд АН-ын гишүүний батлах авч, 2004 онд СБД-ийн АН-ын хорооны гишүүнээр сонгогдсоноор улс төрд эргэж буцалтгүйгээр орсон.
2012-2016 онд дүүргийн Засаг даргын орлогчоор, одоо Засаг даргаар найм дахь жилдээ ажиллаж байгаа энэ үе миний карьерын хамгийн хариуцлагатай, алдах эрхгүй цаг хугацаа гэж хэлнэ. Анх Засаг даргаар томилогдоод иргэдтэйгээ уулзалт хийгээд явж байхад дүүргийн эмнэлгийн талаар маш их гомдол, санал ирсэн. Нэгдсэн эмнэлэг хувьчлагдаад 10 орчим жил болсон, энэ хугацаанд ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээгүй, хөгц мөөгөндөө баригдсан хуучин барилгад эмнэлгийн тусламж үйлчилгээ явж байж. Үүнийг сайжруулахад хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал. Нэгэнт хувьчлагдсан эмнэлэгт төсвийн мөнгөөр засвар үйлчилгээ хийх боломжгүй. Тэгээд л би цаг алдалгүй эмнэлэгтэй болох зорилт тавьж, үүнийгээ бүрэн эрхийнхээ хугацаанд бодит ажил болгохоор сэтгэл шулуудсан.
Сүхбаатар дүүрэг нийслэлийн төсвийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. 2024 оныг оруулаад тооцвол 8 жилийн хугацаанд нийслэлийн төсөвт нийтдээ 1.1 их наяд төгрөгийг төвлөрүүлэх нь. Бас том ачаа шүү. Бид жил бүр төсвийн орлогын төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлдэг. Ингээд 2018 оны давсан орлогоороо 220 ортой Нэгдсэн эмнэлэг барих төсвийг дүүргийн ИТХ-аар батлуулж, 2021 оны есдүгээр сард шавыг нь тавьсан. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шинэ эмнэлгээ бид ирэх оны II улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Манай улсын бүх томоохон эмнэлгийг тухайн үеийн ЗХУ-ын болон гадаадын зээл тусламжаар барьсан юм билээ. Эмнэлэг барина гэдэг маш нарийн төлөвлөлт, стандарт шаарддаг нарийн чимхлүүр бүтээн байгуулалт юм. Одоо манай Нэгдсэн эмнэлэг нийт 70 тэрбум төгрөгийн санхүүжилтээр босож байна. Гадаад, дотоодын зээл тусламж, банкны зээл ч авсангүй. Улсын хэмжээнд орон нутгийн төсвөөр, тэгээд бүр газар чөлөөлөх хөлсөө шингээгээд ийм эмнэлэг боссон анхны тохиолдол. Сая 2024 оны төсвөө дүүргийн ИТХ-аар батлуулж, ирэх оныг Сүхбаатар дүүрэг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулсан томоохон цогцолбор барина гэх мэтчилэн зорьвол, бас сэтгэл байвал бүтээж болдгийг бодитоор харуулахаар манай хамт олон ажиллаж байна.
Би бол Улаанбаатарын 9 дүүргийн Засаг дарга нарын доторх цорын ганц эмэгтэй нь. Бас улс төрийн сөрөг хүчний төлөөлөл. Дүүргийн Засаг даргаар ажилласан 8 жилд одоо нийслэлийн тав дахь Засаг даргатайгаа ажиллаж байна. Миний ажил хэрэгтээ баримталдаг зарчим бол хууль дүрмийг биелүүлж, тавьсан зорилгоо амжилттай, гүйцэтгэл сайтай хэрэгжүүлэх. Хамтран зүтгэгчдэдээ ч ийм шалгуур тавьдаг.
Төрийн албаны зөвлөлийн шалгалтын бүх үзүүлэлтээр Сүхбаатар дүүргийн хамт олон Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг шалгалтын дүнг танилцуулахдаа “Төрийн бүх шатны алба, албан хаагчдад таны удирдсан баг хамт олныг жишиг болгон ярих болно” гэж хэлэхэд нь төрийн албыг олон жил удирдаж байгаагийнх нь хувьд, өмнө нь нийслэлийн удирдлагад ажиллаж дүүргийн ажил, амьдралын бэрхийг мэдэх хүнийх нь хувьд ч шударга хандлагад нь хамт олныхоо өмнөөс маш их талархсан. Төрийн албанд чинь хүний нөөц, төсөв санхүү, авлига, албан тушаал, шил, шүүр гээд бүх шалгалт орно. Энэ бүхэнд хууль дээдлэх зарчмаар ил тод, нээлттэй, шударга, зөв ажиллаж ирлээ.
Ер нь дүүргийн өдөр тутмын үйл ажиллагаа хот, нийтийн аж ахуйн ажил байдаг. Гэвч боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, халамж гээд орохгүй салбар, хүрэхгүй үйлчилгээ гэж байхгүй. Тийм учраас иргэдийн ахуй амьдралыг анхан шатнаас нь нэвт шувт мэдэх хүний хувьд хууль тогтоох байгууллагад ажиллавал хүндээ хүрсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хавтгайрч биш нэн шаардлагатай хэсгээ дэмждэг хөдөлмөр халамж, ахмад болон гэр бүл, хүүхэд хамгаалалд чиглэсэн бодлого бүхий хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллахад надад судалгаа, шийдэл бий. Дээр хэлсэнчлэн би улс төрд ч, төрийн албанд ч мерит зарчмаар шатлан дэвшсэн хүн. Энэ утгаараа УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх боломж олговол, би сонгогдвол… гэж бодох өөртөө итгэх итгэл, энэ цаг хугацаа надад гэнэт ирсэн хэрэг биш ээ гэдгийг тодотгоё.