Гадаа хамт тоглодог найзууд маань удахгүй сургуульд орох тухайгаа ярихад нь л
би тэднээс жаахнаа мэдсэн юм. Сурагч болох насанд хүрэхийн тулд би дахиад
хоёр жил хүлээх хэрэгтэй болов. “Би сургуульд явна, би заавал орно” гээд л уйлж
гарлаа. Манайхны арга барагдаж, ээж надтай хамт сургууль руу явав. Эрхлэгчтэй
нь уулзахдаа намайг хаалганы гадна үлдээсэн ч дотор болсон яриаг би бүгдийг нь
сонссон. “За яах вэ, санааг нь амраагаад хэд хоног явуул даа. Аяндаа өөрөө
балчирдаад больчихно биз” гэж эрхлэгч эмэгтэй ээжийг минь тайвшруулаад
гаргасан ч би хоёр насаар ах хүүхдүүдтэй нэг ангид сурч, дунд сургуулиа 16 настай
төгссөн юм.
Өөрөө уншиж чаддаг болохоосоо өмнө үдэш бүрийд үлгэр сонсож, сонссоноо
өөрийнхөөрөө баяжуулж төсөөлөн ярьдаг байж билээ. Үлгэр домог намайг хатан
зориг, итгэл найдвар, хүсэл мөрөөдөлд үнэмшилтэй болгосон санагддаг. Бичиж
сурмагц бодол санаагаа тэмдэглэн хөтөлж, өсвөр насандаа бодролоо буулган,
өдрийн тэмдэглэл бичиж өөрийн хийгээд бусдын сэтгэл зүрхийг ойлгоход
суралцаж байж дээ гэж одоо бодогддог юм. Алс аймагт 1990-ээд оны дунд үед
хүүхэд насаа өнгөрүүлж буй надад киноноос харах орон хотууд, тэр дундаа англи
хэл тун сонихон. Дунд ангид ч орлоо, англи хэл сурч эхэллээ. Бие даан нэлээд
гүнзгийрүүлж үзээд долдугаар ангидаа аравдугаар ангийнхантай англи хэлний
олимпиадад оролцсон нь миний хувьд аймгаасаа шалгаран улсын олимпиадад
өрсөлдөх эрх болж ирсэн юм. Улаанбаатар явж үзэх зорилгоор л англи хэлийг бага
наснаасаа суралцаж эхэлсэн минь боловсрох, хөгжих олон боломжийг өөртөө
нээсэн гэж боддог.
Ухаан ороход л нүдний өмнө үзэгдсэн сүрлэг хайрхад, гүн нууруудын сүр хүчин
дор нар салхи, халуун хүйтэн, ган зудыг мэдэрч, өнгөт хорвоог таашаан хүн болсон
би бол Увсын хүүхэд. Увсаас Улаанбаатар, Улаанбаатараас дэлхийтэй танилцаж,
Монголдоо төвхнөсөн миний түүх үргэлжилж байна. Энэ хүртэл би чухам хэн юм
гэдгээ анзаарч төвлөрөх олон боломж тохиожээ. Жаргал, зовлонд тэнцвэртэй,
олон газрын үзэсгэлэн хийгээд соёл иргэншлийн түмэн янзыг шимтэн судлах тусам
үндэс язгууртаа улам автдаг цөлх нэгэн болоход хүний боловсрол заяасан хайрт
гэр бүл, эрдмийн боловсролд хөтөлсөн ачит багш нартаа ихэд талархаж явдаг.
МУИС-ийн Олон улсын сэтгүүлчийн ангид суралцахынхаа хажуугаар англи хэлний
төвд багшлахаар шалгалт өгтөл тэнцэж, өөрөөсөө ахмад шавь нартаа 16-хан
настай хүүхэд гэж гологдохгүйн тулд нүдний шил зүүж, том пиджак өмсөөд
самбарын урд зогссонсон. Оюутан болж хотод ирдэг жил эмээ өвөө хоёр маань
насан өөд болж, аав маань ажил үүргээ гүйцэтгэж яваад хүнд бэртэн бидний
амьдрал орвонгоор эргэв гэмээр нэн хүнд болсон учраас миний зорилго ээжийнхээ
ачаанаас чадах чинээгээрээ үүрэх байлаа. Ийнхүү би 16-тай оюутан ч болж, багш
ч болсон доо. 16 настай охинд итгэн багшлах боломжийг өгсөн захиралдаа үргэлж
талархаж явдаг. Би ийм итгэлийг гэр бүлээсээ, бага ангийн багшаасаа гээд алхам
тутамдаа мэдэрч, хариуд нь итгэл даасан хүн байх гэж хичээсний хариуд өөрөө
бодож санаснаасаа ч хурдан өсөж төлөвшсөн юм билээ. Сэтгүүлч мэргэжил надад
өөрийгөө илэрхийлэх, мэдээ, мэдээллийг олж авах, санаагаа зөвөөр илэрхийлэх,
эх сурвалжтай бичих, ярих чадварыг олгосон. Харин би оюутан байх хугацаандаа,
багшийн ажлыг маш жаргалтайгаар хийж, улам олон хүүхдэд боловсролыг түгээх,
боловсрол олж авахад нь тусалдаг хүн болохыг эрмэлзэж байлаа. Тиймээс
багшаар үлдэж ажиллах санал ирснийг би хүлээн авсан. Чингэсээр 24 настайдаа
боловсролын байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Монгол Улсын
боловсролын салбарт тэргүүлэх англи хэлний сургалтын төв болтол хөгжүүлэхэд
хамт олноо манлайлан оролцсон юм.
“Боловсрол уу, бизнес үү” гэх хоржоонтой атлаа бодитой асуулт СЭЗИС-ийн
бизнесийн удирдлагаар магистр хамгаалахаар суралцаж байхад намайг ээрэв.
Боловсрол, бизнес гэдэг хоёр өөр ойлголт мөн үү гэвэл мөн. Тэгвэл “Боловсрол
бизнес мөн үү?”. Энэ асуулт одоо ч Монголын боловсролын тулгамдсан асуудал
болж байна. Төлбөртэй сургууль, тэгш бус боловсрол, чанар, хүртээмжийн
асуудал хурцадсаар өнөөдөр Монголын эмзэг сэдэв болсныг бид харж байна.
Гэхдээ үүнд гарц бий. Надад хариулт бий.
2013 онд АНУ-ын Калифорни мужийн их сургуульд боловсролын магистрын зэрэг
горилон хоёр хүүхэдтэй залуухан ээж гэр бүлийн хамт явсан юм. Боловсролын
удирдлагын чиглэлээр дипломоо хамгаалсан нэг амжилт байсан ч үүнээс том олз
мөн тохиосон билээ. Өглөөнөөс үдэш хүртэл завгүй ажилладаг байсан ээж ингэж
нэг Америкт сурах хоёр жил хүүхдүүддээ гаргах цагтай болж билээ.
Хүүхдүүдийнхээ нас, сэтгэхүйн хөгжлийг тогтож харж ойлгосон нь завшаан
төдийгүй монгол хүүхдийн мөн чанарт буй онцлогийг хөгжүүлэх тухайд эх орондоо
очоод зайлшгүй хийх том төлөвлөгөөтэй буцсан юм. Тэр бол хүүхдэд сэтгэл
зүрхний боловсролыг сургуулийн өмнөх боловсролоос эхлэн олгож өсгөн
хүмүүжүүлэх төсөл бөгөөд өдгөө Q Kids цэцэрлэг, EQ KiddyZ сэтгэл хөдлөлийн
оюун ухааны хөтөлбөр, цуврал ном бүхий цогц ажил найм дахь жилдээ үргэлжилж
байна. Ном маань 100 мянган хүүхдэд хүрч, олон мянган аав ээж, асран
хамгаалагч нараас талархлын үг болон буцан ирж, цааш урагшлах урам зориг
болсоор байна.
Сургуулийн өмнөх боловсрол бол бусад шатны боловсролын адил улсын
бодлогоор хэрэгжих ёстой боловч үүнд санаа тавихгүй байгаад би маш их
харамсдаг. Цэцэрлэгийг хүүхэд саатуулах тохилог байшингаар төсөөлж байгаа нь
өрөөсгөл юм. Манай улсад сургуулийн өмнөх боловсролын орчин үеийн хөтөлбөр
ч, боловсронгуй арга зүй ч алга. Тиймээс манай хамт олон өөрсдийн хөтөлбөрийг
түгээн хуваалцаж эхэллээ. Би өөрийн мэдлэг туршлагаа Монголын бүх сургуулийн
өмнөх боловсролын цэцэрлэгт зориулахад бэлэн байна. Бүх эцэг эх хүүхдийнхээ
ирээдүйд хамгийн сайхныг хүсдэг боловч тэр ирээдүй бага балчир иргэдийн
хүмүүжлээс эхэлдгийг санаж, боловсролын реформыг эндээс эхэлж бодлого
боловсруулагчдыг энэ сэдэвт тогтож анхаарахыг уриалан дуудах хэрэгтэй. Одоо
миний хийж байгаа ажлын үр дүн 20 жилийн дараах амар тайван Монгол орныг, аз
жаргалтай иргэд, сэтгэл хангалуун амьдралыг авчирч буйд би үргэлж итгэдэг.
Б.ЭНХЦЭЦЭГ