Би дөрвөн настай байж. Манайх мах чанаад гаргаж байтал “Би мах идье” гэж дээр нь бичсэн цаасны тасархай аавдаа атгуулчихаад гүйгээд явчихсан гэдэг. Тэгтэл “Хэн ингээд бичээд өгөв” гэлцэн сонирхож. Эзэн олддоггүй. Тэгж манайхан намайг бие даагаад уншдаг, бичдэг болсныг мэдсэн юм билээ. Нэгдүгээр ангид орохдоо аль хэдийнэ хэд хэдэн үлгэрийн ном дуусгачихсан хүүхэд орж байлаа. Манайх Увс аймгийн Тэс сумын айл. Аав минь гаднаас орж ирэхдээ өврөөсөө сумын номын сангаас авсан номоо гарган өгөх нь үлгэрийн мэт гоёхон хэвээр нүд, сэтгэлд дурсамж болон үлджээ.
Дөрвөн ахынхаа араас охины мөрөөс болсон айлд мэндэлсэн ганц охин нь би юм. Аав минь өөрөө дан хөвгүүдтэй айлд өссөн болоод ч тэр үү, эмэгтэйчүүдэд нэн хүндэтгэлтэй хандана. Ээжийг минь бишрэн шүтдэгсэн. Миний аав 190 см өндөр нуруутай, ханхар биетэй, гүжирмэг ч гэж жигтэйхэн, эрмэг дүр төрхөөрөө гойд нэгэн байлаа. Би өвөр дээр нь л өссөн. Ээж намайг аж ахуйч, юм юманд дөртэй хүн болгох гэсэндээ хаа нэг чанга дуугаар зэмлэхэд аав их эмзэг. Ээжийн үгийг их сонсдог, ер сөргөхгүй хэрнээ надад л ганц юм хэлүүлэхгүй санаатай. Магтаад л, хошуу дэвсээд л байх гэнэ. “Миний охин чадна”, “Манай энэ их сүрхий хүн байгаа юм” гэх үгс нь надад нэвт шингэсэн ерөөл мэт санагддаг юм. Сурлагадаа сайн, хөвгүүдтэй илүү ойлголцдог, сургуулийнхаа урлаг, спортын бүх арга хэмжээнд хамгийн түрүүнд оролцдог, үеийнхнээ дагуулж явна уу гэхээс ард нь хоцорч үзэлгүй өссөн.
18 настайдаа Улаанбаатарт оюутан болж удаан хугацаагаар анх удаа гэрээсээ холдсон нь 2000 он. Ээж захиасаа хэлээд л, аав намайг ажрахгүй чадна гээд л үдэж билээ. Яаж тэсэх вэ дээ, надад ойртох гээд манай хоёр хотын айл болсон. Ажилч хичээнгүй аав, ээж хоёр минь дорхноо төвхнөж билээ. Би ч бас сургуулиа төгсөөд Удирдлагын академид салбар сургуулийн захирлын туслахаар ажлын гараагаа эхэлж, нэг мөр Улаанбаатарын хүн боллоо. Миний 10 жил ажилласан энэ сургуулийн орчин өвөрмөц. 22 настай, ажлын туршлага гэх зүйлгүй би нас тогтсон эрдэмтэд, профессоруудын дунд ороод явчихсан. Үг хэлээ цэгцлэхээс эхлээд бичиг баримт боловсруулах, удирдлага ба багш нарын харилцааг шуурхай, нягт нямбай уялдуулах зэрэгт суралцав. Энэ хугацаанд гэр бүл, үр хүүхэдтэй ч болов. Нөхөр маань хувийн бизнес эхлүүлж цаг наргүй ажиллаж, ар гэрт баталгаатай хэн нэгэн зайлшгүй хэрэгтэй болоход ихэнх эмэгтэйчүүдийн нэгэн адил би ажил карьераа орхиж гэр бүл үр хүүхдээ харж хандах хариуцлагатай ажилд ханцуй шамлан орсон…
Хамгийн их ачаалалтай байх үедээ л би хамгийн их инээж, хамгийн ихийг амжуулж, бүтээлчээр сэтгэж, мэдэрч, хөгжжээ. Хүүхдүүдээ эрүүл өсгөх, зөв хооллох, хэлд орох, сургуульд орох гээд бүхий л чухал үед нь хамт хичээж, хичээллэхийн аз жаргалыг бүх ээж аав мэднэ дээ. Юутай ч зүйрлэшгүй эрхэм сайхан зүйл шүү дээ.
Нэг мэдэхэд 4 жил өнгөрч, энэ хугацаанд магистрт сурч төгсөөд, дараа нь эрх зүйч мэргэжлээр суралцаж амжив. Энэ хугацаа хэдийгээр олон нийтийн ажлаас хөндийрсөн ч өөрийгөө бүтээх, дараагийн карьертаа бэлдэх чухал үе минь байсан. Нөгөө талаар төрийн албанд ажилласан 10 жил, бизнес эрхэлсэн 10 шахам жил надад олон зүйлийг харьцуулж харах, дүгнэлт хийх боломж олгосон билээ.
Аавын бие барсны нэг жилийн дараа аав бид хоёрын нандин дурсамжийг тээн буй Увс аймгийн Тэс сумынхаа номын санд ном хандивлах аян өрнүүлэхэд нутгаасаа хол ажиллаж амьдарч буй уугуул иргэдээс УИХ-ын гишүүд хүртлээ өргөн дэлгэр оролцсон. Одоо олон аав охиддоо, хөвгүүддээ ном өвөртлөн харьж байгаа.
2020 онд манай нөхөр Америкийн компанид ажиллахаар тохирч, бид гэр бүлээрээ олон жил явахад бэлтгэх ёстой болов. Гэхдээ ингээд л явчихна гэхээр төсөөлшгүй, энэ шийдвэрт бүрэн итгэлтэй байсан уу гэвэл үгүй. Бид яагаад хайртай хүмүүстэйгээ, элэг нэгтэй, хэл нэгтэй эх орондоо энгийн хангалуун амьдарч болохгүй байгаа юм бэ, алхам тутамд нүүр тулах асуудлуудад ганцаараа бухимдаад яваад л байх уу, эсвэл засаж сайжруулж үр хүүхдэдээ гэрэлтэй гэгээтэй нийгмийг үлдээхийн төлөө юу хийх вэ гэж бодсон. Тэгээд бид үлдэхээр шийдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд “Зөв ХҮН электорат” эвслээс дэвшигч Д.Энхбатыг дэмжиж, санал хураах өдөр сайн дурын ажиглагчаар ажиллахаар шийдэв. Би монгол дээлээ өмсөөд хамгийн эрт ирсэн. Эрт ирсэн шигээ санал хураах үйл явц дуустал иргэнийхээ үүргийг хичээнгүйлэн биелүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооны ажилтан эмэгтэй “Би хорин хэдэн жил СЕХ-нд ажиллаж байна. Чам шиг чин сэтгэлээсээ ажиллаж байгаа сайн дурын ажиглагчтай анх удаа л таарлаа” гэж билээ. Би тэр үеэс олон нийтийн сүлжээнд улс төрийн үзэл бодол, байр сууриа тун идэвхтэй илэрхийлж эхэлсэн юм. Зөв бодолтой хүмүүс үзэл бодол, дуу хоолой, үйл хэргээ нэгтгэж байж энэ улс орныг сайн сайханд хүргэнэ, нэг гэхгүй нэгдвэл бид олуулаа гэж бодсон учраас ХҮН-д 2022 оны хавар элсэж, одоо орон тооны бус нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.
Манай улсад шийдвэрлэвэл зохих олон асуудал бий. Бэрхшээл нэг нэгэнтэйгээ уялдаа холбоотой учраас нэгийг нь залруулах төдийд өөр нэг салбар доголдсоор буйг бид мэдэх болжээ. Тиймээс тогтолцооны өөрчлөлтийг алхам алхмаар хийх учиртай, бид үүнд зориглох цаг иржээ. Эх орны хөгжил дэвшлийг урагшлуулах, ирээдүйдээ гэрэлтэй нийгмийг хүлээлгэн өгөхөд эмэгтэйчүүд мэргэжил, мэдрэмж, мэдлэг оюунаараа манлайлан гар бие оролцох нийгмийн шаардлага байна. Шийдвэр гаргаж бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүд олноор сонгогдвол нийгэм, улс төрийн бүх асуудалд ээж хүн, эхнэр хүн, эмэгтэй хүн илүү мэдрэмжтэй, илүү хичээл зүтгэлтэй оролцож, асуудлыг нарийн нягт олж харах, шийдлийн гаргалгааг үндэслэл нотолгооотой тавьж шийдвэрлэхэд үнэмлэхүй нөлөөлж чадна. Гагцхүү энэ боломжоор хангах эрх нь ард түмний гарт байгаа, энэ эрхээ бүрэн дүүрэн эдэлж эмэгтэйчүүдээ дэмжихийг хүсэж байна.
Б.ЭНХЦЭЦЭГ