Завгүй ажилладаг том охин, хүргэн хоёрынхоо анхны хүүхдийг мэндлэхэд тайз, дэлгэцээс буух болоогүй 52 настай, маш их алдаршсан жүжигчин эмэгтэй шинэхэн эмээ болж, тун хариуцлагатайгаар харж өсгөлцөхөөс аргагүйтүүлсэн зээ охин нь би билээ. Би эмээгээ дагаад театр, дэлгүүр, ер хаа сайгүй явдаг, тэр хэрээр их багаасаа нүд тайлсан хүүхэд байж. Эмээг танихгүй хүн гэж байхгүй, гудамжинд хэн нэгэнтэй дотночлон удаан гэгч ярилцсаны нь дараа “Энэ хүн хэн бэ” гэж асуухаар эмээ “Мэдэхгүй ээ, хүү минь” гэдэгсэн. Эмээ өөрийгөө урлагийн буянаар түмэнд хайрлагдсан, тиймээс хүн бүрт хүртэн урам өгч, тусалж дэмжих ёстой гэдэгтээ итгэж дүүрэн амьдардаг хүн байлаа. Намайг найман настай байхад дэлгэцнээ гарч олны хүртээл болсон “Өнөр бүл” кинонд эмээ огт жүжиглээгүй, эгээ л буй байгаагаараа үлдсэн мэт санагддаг юм.
Би бол аав талаасаа Монголын анхны генерал цолтны нэг, төрийн зүтгэлтэн, хурандаа генерал, Элчин сайд С.Равдангийн ач, ээж талаасаа ХХ зууны Монголын шилдэг роман “Тунгалаг тамир” романыг зохиогч, төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт Чадраабалын Лодойдамба, Ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэн нарын зээ билээ. Миний аав Р.Лутаа Оёдлын үйлдвэрийн нэгдэлд инженер, ерөнхий инженер, дарга, “Тахь ко” компанийн захирал, ТУЗ-ийн дарга, ээж Л.Насанбуян эдийн засагч, худалдааны мэргэжлээрээ гадаад худалдааны салбарт бүх насаараа ажилласан сэхээтэн улс байсан юм.
Миний төрж өссөн гэр бүлийн хүмүүжилд хариуцлага, ёс суртахуун, эрдмийн боловсрол хэмээх гурван зүйлийг ажил амьдралдаа ягштал баримтлахыг үрийн үрдээ уламжлуулжээ. Би Японы Засгийн газрын анхны тэтгэлгээр Сүндай коллежид аялал жуулчлалын мэргэжлээр дээд боловсрол эзэмшин эх орондоо ирээд 2000 оноос тухайн үеийн Дэд бүтцийн яаманд мэргэжилтнээр орж, гадаад ертөнцөд үүдээ нээсэн аялал жуулчлалын шинэхэн салбарынхаа хөгжлийн эхнээс гар бие оролцон урам зоригтой ажилласан. Бид Монгол Улсаа гадаадад сурталчлах Visit Mongolia , Inspiring Mongolia эвентүүдийг цоо шинэ арга барилаар зохион байгуулж, дотоодын баазуудын анхны стандартуудыг боловсруулж, зочид буудлууд 1-5 одтой болоход нь стандарт хэрэгжүүлэх хамгийн нарийн түвэгтэй үйл явцад чадварлаг хамт олонтойгоо төвлөрөн ажиллаж байлаа. Аялал жуулчлалын газрын дэд даргаар дэвшлээ. Би энэ мэргэжлээрээ төрийн албанд тууштай ажиллах бодолтой байсан учраас илүү сайн мэргэшихийн тулд Австралийн Монашийн их сургуульд мастер хамгаалсан. Гэвч нэг л өдөр халагдахаар шийдэж, сайн дураараа өргөдлөө бичиж өгсөн нь 2010 он юм. 10 жилийн хичээл зүтгэл, хуримтлуулсан туршлагаа үлдээгээд гарахаас өөр аргагүй нөхцөл байдал ердөө л увайгүй улс төр байсан. Төрийн албаны мэргэшсэн боловсон хүчнүүдийг улс төрийн намын хүслээр сольдог явдал намд хамааралгүй над шиг хүнд ойлгомжгүй, түвэгтэй байсан хэрэг л дээ. Улс төрийн бодлого улсынхаа хөгжлийн алсыг харсан онч, иргэндээ чиглэсэн хүнлэг, хуульт ёсоо дээдэлсэн шударга, зарчимч байх ёстой гэх гүн гүнзгий итгэл үнэмшлээ өөрчлөхийг хүсээгүй. Тэр үеийн нийгэмд надад “шүгэл үлээх” боломж ч гараагүй нь харамсалтай.
Ажил албаны ч, амин хувийн ч харилцаанд үнэн зөв, цэх шулуун оролцох ёстой гэж би үздэг. Тал тохой татсан, аялдан дагасан хуурмаг явдалтай эвлэрч чаддаггүй зоригтой, итгэлтэй иргэд яг одоо бидний амьдарч байгаа нийгмийг өөрчилж шинэчлэхэд бэлэн болсон түүхэн цаг үеийг бид мэдэрч байна. Гар хумхин суух хүсэл над байдаггүй. Улс төрийн сонгуульд оролцсон болон оролцох шалтгаан үүнээс л эхтэй. Ялах, ялагдах чухал биш, би илүү сайхан ирээдүйг наашлуулахад зүрх зориг, итгэл сэтгэлээрээ хамт байх учиртай гэдэгтээ итгэдэг. Сэхээтнүүдийг “цагаан гартай” гэх тааруу үг манайханд хэлэгддэг. Би бол Монголын орчин цагийн түүхийн гурав дахь үеийн сэхээтэн, эцэг эх, эмээ өвөөгийнхөө хулчийж суугаагүй, ханцуй шамлан манлайлж амьдарсан түүхээр бахархдаг. Миний хүү ч бас зоригтой, самбаатай монгол хүн байж, аз жаргалтай эх орноо хайрлаж амьдрахыг би хүснэ.
Би “Тахь ко” ХК-ийн удирдлагын багт ажиллахын сацуу “Лодойдамба” сангийн үйл ажиллагааг нийгмийн сайн сайхан, тэр дундаа хүүхэд залуусын хөгжилд чиглүүлэн явуулах болсоор нэлээд хэдэн жил болж байна. “Ид шидийн орон” төсөлтэй хамтран Чингэлтэй дүүргийн 10-р хороонд “Шидэт хайрцаг” төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж, бага болон өсвөр насны хүүхдүүдэд зориулан номын сан бүтээж, тэндээ бид уулзалт, ярилцлага зохион байгуулж байна. Энд гол төлөв ажил, орлогогүй ганц бие эцэг эхийн хүүхдүүд ирдэг. Улаанбаатарын төвөөс 10-аадхан километрт хүүхдүүд боловсролоос, ерөөс тэгш байвал зохих бүхнээс хаягдаж гээгдсэн байна.
Би өөрөө ч бага насны хүүхэдтэй ганц бие ээж. Миний хувьд социализмын үед хүүхэд насаа өнгөрүүлж, шинэ нийгэмд шилжих хямралыг залуу насаараа туулан идэр настайгаа золгосон нэгэн юм. Орчин цагт над шиг ганц бие эцэг эх өмнөх бүх цаг үетэй харьцуулахад олуулаа болжээ. Сингл эцэг, эхийн амьдралын хэв маяг өөрөө үзэгдэл болох төлөвтэй. Үнэндээ зөвтгөх, сайрхах ч юм биш. Гэхдээ яавч зөнд нь орхих сэдэв биш болж байна. Хувь хүмүүсийн буруу, өөрсдийн асуудал гэж үзвэл сөрөг нөлөө үзүүлэх нийгэм, эдийн засгийн эрсдэл ч байна. Тиймээс би хүн амын тодорхой хэсгийг бүрдүүлж буй ганц бие эцэг, эхийн ажил орлогыг дэмжих, энэ хүмүүсийн өмнө тулгамддаг асуудлыг төр ямар бодлогоор дэмжих ёстой вэ гэдэгт төлөөлөл болж дуу хоолойгоо өргөхийг хүсдэг.
Б.Энхцэцэг