Үе үеийн зохиолч, яруу найрагчид цугласан Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн баярын хурал ёслол төгөлдөр эхэллээ. Аргагүй л зохиолч, яруу найрагчдын цугларал гэсэн шиг бүх зүйл уянга яруу, цаанаа л нэг утга төгөлдөр байлаа. Ард түмний ёс суртахууны хэм хэмжээ, цар хүрээг уран бүтээл, үзэгний үзүүрээрээ тодорхойлж, чиглүүлж байдаг уран бүтээлчид тэр хэрээрээ нийгмийн өмнө нүүр бардам, өндөр хариуцлага хүлээдэг. Хэнд ч үл захирагдах оюун санааны эрх чөлөө, бардамнал, хараат бус үзэл бодлын цугларал албан ёсны боловч эрх чөлөөт арга хэмжээ байсан нь сонирхол татаж байлаа. Хэн ч тэдэнд юу хийхийг, юу бичихийг зааж чиглүүлж чадахгүйг сануулах мэт хурц тод өнгө төрхтэй тэдний дунд хэсэгхэн хугацаанд саатсан минь тэдэнд цагаахан атаархах сэдлийг өгөв. Яаж ийм оюун санаа, үзэл бодлын эрх чөлөөнд хүрэх вэ?, нийгмийн бүхий л хэм хэмжээг үл харгалзан өөрийнхөө эрх дураараа амьдрах вэ гэх бодол төрснийг нуух юун.
Ойн хүндэтгэлийн арга хэмжээний дараа уламжлал болгон зохиогддог утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол боллоо. 2001 онд анх санаачлан зохион байгуулснаас хойш уг наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм.
“Алтан-Өд 2023” наадмын шилдгүүд
1. ЯРУУ НАЙРАГ
Л.БААСАНСҮРЭН “ЛИТ ХУАНЛИЙН ЗАВСАРТ”
2. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Роман/
М.УЯНСҮХ “ХОНХОТ ХҮҮХЭЛДЭЙ”
3. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Тууж, өгүүллэг/
С.БААТАРЦОГТ “НОХОЙН ЖИГ”
4. БАРИМТАТ УРАН ЗОХИОЛ
Ц.ГОНЧИГ “ЦУЛ МӨНГӨН ГҮҮР”
5. ХҮҮХДИЙН ЗОХИОЛ
Ш.БАДАРЧ “БЯЦХАН ЗҮРХНИЙ ЭХ ОРОН”
6. ШОГ ХОШИН ЗОХИОЛ
А.АМАРСАЙХАН “НАГАЦЫН ОХИН” ХОШИН ЖҮЖИГ
7. ЖҮЖИГ КИНОНЫ ЗОХИОЛ
А.ШАРТОЛГОЙ “ТАЙЗ, ДЭЛГЭЦ” ЖҮЖИГ, КИНО ЗОХИОЛУУД
8. УТГА ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА
ЖЕРАЛЬД МАРТИН “Г.Г.МАРКЕС” ОРЧУУЛАГЧ Н.ПҮРЭВДАГВА
9. УТГА ЗОХИОЛЫН СУДЛАЛ, ШҮҮМЖ
ДО.ЦЭНДЖАВ “ЗОХИОЛЧИЙН УРЛАН СУДЛАЛ”
10. ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БҮТЭЭЛ
Б.МАНДУХАЙ “ПАРЛАМЕНТАД ХҮРЭХ МЯНГАН АЛХАМ” ОРЧУУЛАГЧ Д.ОРГИЛ,
КАРОЛИН КРИАДО ПЕРЕЗ “ҮЛ ҮЗЭГДЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД”, ОРЧУУЛАГЧ Б.ДУЛАМХОРЛОО
Монгол хэлний уран яруу, тансаг байдлыг үеийн үед өвлөн уламжилж буй зохиолч, яруу найрагчдын дунд өөрийн монгол хэлний урын сангаа ихэд голно. Нэг хэлээр яриа өрнүүлэх боловч утгыг нь бүрэн мэдэхгүй олон тансаг үгтэй танилцаж амжив. Шилдэг бүтээлүүдийн нэрсийг зарлахад ч мөн юун тухай бүтээл, юуг өгүүлэхийг хэдэнтээ уншиж байж ойлгохоор гүн гүнзгий нэрс хөвөрнө. Хүний тархийг тэлэх, нэгийг бодуулах, оюун санааны чанадад хүрэхэд яах аргагүй утга зохиолын ертөнц чухал үүрэг гүйцэтгэнэ.
Оюун санаа, зүрхэндээ олон олон ертөнц, өөр өөр амьдралыг тээгч зохиолч яруу найрагчдын энэхүү наадамд анх удаа “Хүний эрхийн мэдрэмжтэй бүтээл”-ийг шалгаруулж байгаад ихэд олзуурхав. Дүрээр дамжуулж нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлж байдаг зохиолч, яруу найрагчдад хүний ялгаатай байдлыг хүндэтгэх, нас, хүйс, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэхгүй байх, үл үзэгдэгч нийгмийн гинжин хэлхээг “гагнах” үүрэг, хариуцлага хүссэн ч эс хүссэн ч оногддог. Энэхүү бичигдээгүй ч хүлээсэн үүргээ биелүүлэхэд билиг танхай найрагчдад маань хүний эрхийн мэдлэг, мэдрэмж заримдаа үл ялиг дутаж байгаа нь харагддаг. Гэхдээ мэддэггүйдээ тэд мэдрэмжийг алгасдаг гэдгээ хүлээн зөвшөөрч энэ талаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах шаардлага байгааг анзаарсан нь талархууштай.
“Хүний эрхийн мэдрэмжтэй бүтээл”-ийн төрөлд Б.Мандухайн “Парламентад хүрэх мянган алхам” бүтээлийн орчуулга болоод Каролин Криадо Перезийн “Үл үзэгдэгч эмэгтэйчүүд” номын орчуулга шалгарлаа. Б.Мандухайн “Парламентад хүрэх мянган алхам” бүтээлийг орчуулагч Д.Оргил монгол хэлнээ хөрвүүлсэн бол Каролин Криадо Перезийн “Үл үзэгдэгч эмэгтэйчүүд” номыг орчуулагч Б.Дуламхорлоо монгол хэлнээ хөрвүүлжээ. Энэхүү шагналыг анх удаа олгож буй ч цаашид ч уламжлал болгох боломжтойг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Жендэрийн мэдрэмжтэй зохиолчид” төслийн үндсэн зохицуулагч О.Энхжавхлан өгүүллээ.
“Парламентад хүрэх мянган алхам” бүтээлд эмэгтэй нэр дэвшигчдийн туулж буй амаргүй замыг харуулжээ
“Парламентад хүрэх мянган алхам” нь АНУ-ын Массачусетсийн технологийн институтын антропологийн профессор, Монгол эрдэмтэн Б.Мандухайн бүтээл юм. Уг бүтээл нь 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн удаагийн сонгуулийн хугацааг дамнан эмэгтэй нэр дэвшигчдийн кампанит ажлын үйл явцад ажиглалт, судалгаа хийсэн антропологийн судалгааны бүтээл юм.
Улс төр судлаач, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, сонгогчид бүгдээрээ улс төр, сонгуулийг аль болох бага зардалтай, мөнгөнөөс хамааралгүй байлгахыг мөрөөддөг. Гэвч сонгуулиас сонгуулийн хооронд сонгууль улам л арилжааны шинж чанартай болж, энэ нь эмэгтэйчүүд, залуучууд улс төрд оролцоход хэрхэн саад болж буйг энэ номд олон эмэгтэйн жишээгээр нотлон харуулжээ.
Монголд хийсэн судалгааг, монгол эрдэмтэн англи хэл дээр анхлан хэвлүүлж, жендэрийн улс төрийг тойрсон асуудлыг ул суурьтай гаргаж тавьсан нь Монголын талаарх англи хэл дээр бичигдсэн судалгааны ертөнцөд том хувь нэмэр болсон төдийгүй Монголыг өргөн уудам тал, хөдөө нутаг, морь малаар л төсөөлөх гадныхны хэвшмэл ойлголтыг бага ч гэсэн бууруулахад нэмэр болно гэж судлаачид онцолж байна.
“Үл үзэгдэх эмэгтэйчүүд” буюу өгөгдлийн цоорхой
2022 онд Nest Publishing хэвлэлийн газраас монгол хэлнээ орчуулан хүргэсэн “Үл үзэгдэх эмэгтэйчүүд: Эрчүүдийн ертөнц дэх өгөгдлийн цоорхойг илчлэх нь” бүтээл нь 2019 онд Их Британийн шинжлэх ухааны чиглэлийн шилдэг номоор шалгарч байсан бүтээл юм. Сэтгүүлч Каролин Криадо Перезийн энэхүү бүтээлийг орчуулагч Б.Дуламхорлоо монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдад хүргэсэн.
Тус ном нь эмэгтэйчүүд хувийн амьдрал хийгээд ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо гэхчлэн нийгмийн бүх л талбарт өгөгдлийн цоорхойн улмаас хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртдөг, ямар бэрхшээлтэй нүүр тулдаг талаар их хэмжээний баримт, судалгаан дээр тулгуурлан өгүүлдэг байна.