Unfilter подкастын тойм
Сэдэв: Улс төрийн ивээлийн томилгоо буюу Патронаж
Хөтлөгч: Э.Энэрэл, Б.Анхзаяа
Эх сурвалж: Улс төр судлаач, доктрант Н.Отгонбаяр “Төрийн албаны патронаж томилгоо, шийдвэрлэх арга замууд” өгүүлэл,
МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн магистрант Г.Мөнхтуяа “Неопатримониал” онолын ойлголтыг тайлбарлах нь өгүүлэл
Патронаж гэх нэр томьёоны тайлбар
– Патронаж гэх ойлголт нь үг зүйн хувьд “латин хэлний patronus буюу хамгаалах, ивээн тэтгэх” гэх утгатай. Нэршлийн хувьд клиэнтелизм (clientelism), патронаж (patronage), патронаж томилгоо (patronage appointment) гэх олон янз ойлголт байдаг.
Патронаж томилгоо гэх ойлголтыг дэлгэрүүлбэл?
-Шийдвэр хууль ёсны мөн, бишээс үл хамааран улсын салбарын хүрээнд сонгуульт бус албан тушаалд өөрийн үзэмжээр зөвхөн өөртөө үнэнч байдлыг гол шалгуураа болгон хүн томилох улс төрийн тоглогчдын эрхийг патронаж томилгоо гэж тодорхойлж болно. Монголчуудын хувьд зөвхөн онол, нэр томьёоны түвшинд төдийлөн танил биш ч ихээхэн танил улс төрийн үзэгдэл юм. Хүн төрөлхтөн төр-улс байгуулан амьдрах болсон цагаас эхлэн энэхүү үзэгдэл бий болсон үзэгдэл бөгөөд дэлхийн улс орнуудад байдаг л зүйл. Гэхдээ хэр зохимжтой түвшинд вэ? гэдэг л гол асуудал юм.
Патронаж томилгооны сөрөг нүр дагавар нь юу вэ?
-Ивээлийн томилгоо нь зохист хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд улс төрийн дэглэмийг гажуудуулах сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн эдийн засаг дахь төрийн оролцоо хэт ихсэх, төр данхайн томорч үр ашиггүй рент гувших монополь үүсэж, зөвхөн эрх баригчдад ашигтай хувьчлал явагдаж, ил тод биш зөрчил ихтэй татвар, хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтын хуулиуд гарч эдийн засгийн өсөлт саардаг. Патронаж томилгоо улс төрийн ардчилсан дэглэмээс авторитари удирдлагын арга барил давамгайлсан завсрын дэглэм тогтоход нөлөөлдөг байна. Неопатримониал төрийн үед төрийн чадамж буурснаар сул төр бий болдог зэрэг сөрөг үр дагавруудтай. Ерөнхийд нь дүгнээд хэлбэл эрх баригч нам нь мэргэжлийн бус буюу зөвхөн намдаа үнэнч хүнийг төрийн удирдах албан тушаалд томилох нь улсын хөгжлийг гацаадаг гол хүчин зүйл болдог байна.
Патронаж томилгоог хэрхэн зохистой түвшинд барих вэ?
– Онолын хувьд эрх баригч намд тавих олон нийтийн хяналт суларснаар төрийн нөөцийг намын эрх ашигт захируулж эхэлдэг гэдэг. Иргэдийн хяналт, оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Үүний хажуугаар улс төрийн намын хүний нөөцийн асуудал ч энд яригдана. Сонгуулийн үеэр албан тушаалыг арилжих асуудал яригдах болсон нь патронаж газар авсныг харуулж байна. Сонгуулийн дараагаар ялагдсан намынхан гудамд “лааз өшиглөдөг” гэх ойлголт хандлага ч түгээмэл болсон. Үүнээс улбаалан төрийн залгамж халаа алдагдаж, урт хугацааны хөгжлийн бодлогууд хэрэгжихгүй, үр дүнд хүрэхгүй байх нөхцөлийг бий болгодог. Энэ нь цаг хугацаа, эдийн засгийн маш их алдагдалд хүргэж байна. Намчирхалыг өдөөдөг гол зүйл нь энэхүү патронаж болоод байна. Бодлого нь зөв байсан ч өрсөлдөгч нам санаачилсан учир үргэлжлүүлэхгүй, эсэрцүүцэх ёстой гэсэн хандлага түгээмэл байна.
Аль нам нь ялж, засаг байгуулахаас үл хамааран улс төрийн систем нь саадгүй эргэдэг байхыг улс төрийн төлөвшил гэж ойлгож болно. Хүнээс хамаарахгүй улс төрийн системийг бүрдүүлэх нь чухал байна. Иргэд ч мөн улс төрийн үзэл баримтлалаараа талцаж, хуваагдахгүй урдах ажлаа хийгээд тайван аж төрдөг нийгмийг бүрдүүлэхийн тулд иргэд хяналтаа зөв чиглүүлэх хэрэгтэй байна. Асуудлыг шийдэх чухал арга зам бол улс төрийн намын төлөвшил, дотоод ардчиллыг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Хяналтаа илүү улс төрийн нам руу чиглүүлэх нь үр дүнтэй.
АНУ гэхэд төрийн албанд ивээлийн томилгооны зохист хэмжээг 5%-аас хэтрүүлэхгүй байх бодлого баримталдаг. Энэ нь улс төрийн системд сөргөөр нөлөөлдөггүй.
Подкаст сонсох