“Парламентад хүрэх мянган алхам” чуулган 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд боллоо. 2022 оны Анхдугаар чуулганаар баталсан тунхаг бичгийн хэрэгжилтийг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцсэн уриалгыг энэ үеэр гаргав.
Чуулга уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ “Төрийн байгуулалтын байнгын хорооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Эмэгтэй парламентчдын чуулган” 2022 онд анх зохион байгуулагдсанаас хойш хууль эрх зүйн хүрээнд томоохон шинэчлэлүүдийг хийлээ. Тухайлбал, ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийг тоог нэмж, сонгуулийн тогтолцоог баталгаажуулж чадсан. Энэ нь УИХ-ын төлөөлөх чадварыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд улс төрийн намаас нэр дэвших аль нэг хүйсийн төлөөллийг 2024 онд 30-аас доошгүй хувьд, 2028 онд 40-өөс доошгүй хувьд хүргэхээр тусгасан. Мөн намын жагсаалтыг хүйсээр сөөлжих бөгөөд сонгуулийн зардлыг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Урьдчилсан тооцоог харвал 2024 оны сонгуулийн үр дүнгээр 20-24 эмэгтэй УИХ-д сонгогдож, нийт гишүүдийн 20 хувьд хүрэхээр тооцоолж байна.
Мөн Улс төрийн намын тухай хуулиар намыг жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай болгох чиглэл рүү хөтөлсөн шинэчлэлт болсон. Энэ онд парламент өөрийн хөндлөнгийн үнэлгээг хийлгэсэн. Энэхүү үнэлгээг хийлгэж буй 13 дахь улс болсон бөгөөд ТХЗ-д хүрэх, жендэрийн хариуцлагатай парламентын соёлыг дэлгэрүүлэхийн тулд олон улсын дэг журмыг дагаж мөрдөхөөр зэхэж байна” гэв.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Эмэгтэй парламентчдын зөвлөлийн ахлагч С.Одонтуяа:
“Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-оос гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт 90 хувьтай байгаа нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн тууштай тэмцлийн үр дүн юм. Олон улсын судлаачид өнгөрсөн хавар хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэлүүдийг жендэрийн мэдрэмжтэй болсон гэж дүгнэсэн. Гэвч Орон нутгийн сонгуулийн тухай хуульд дээрх өөрчлөлтүүдийг тусгах амлалтдаа хараахан хүрээгүй байна. Иймд бид амлалтаа ахиулах шаардлагууд тулгарч байна. Өнөөдрийн чуулга уулзалтаас “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах уриалга”-ыг хэлэлцэж батална.
Монгол Улс дахь НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао “Өнөөгийн УИХ-ын манлайлал, гишүүд гээд бүх талын хүчин чармайлтад гүн талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа томоохон үр дүнд хүргэсэн. Гэвч цаашид хийх шаардлагатай зүйл цөөнгүй байна. 20 жилийн туршид эмэгтэйчүүдийн төлөөлөл 17 хувьтай байгаа үзүүлэлт нь цаашид хийх зүйл их байгааг харуулж байна. Одоогийн гаргасан амжилтаасаа ухрах эрх бидэнд байхгүй” хэмээн онцоллоо.
Чуулганы үеэр АНУ-ын Массачусетсийн Технологийн Институтын Антропологийн Профессор, монгол эрдэмтэн Б. Мандухайгийн бичсэн “ПАРЛАМЕНТАД ХҮРЭХ МЯНГАН АЛХАМ” номыг англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлсэн номын нээлт боллоо. Энэ бүтээл нь 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн удаагийн сонгуулийн хугацааг дамнан эмэгтэй нэр дэвшигчдийн кампанит ажлын үйл явцад ажиглалт, судалгаа хийсэн антропологийн судалгааны бүтээл юм. Эмэгтэйчүүдийн байр суурь, улс төрийн оролцоо социализмын үед ямар байсан үүний дараа ардчиллын үйл явц эхлэхтэй зэрэгцэн неолиберализм Монголын улс төр, сонгуульд ямар үүрэг гүйцэтгэж, ямар өөрчлөлт авчирсан, монголчууд ардчиллын үед сонгуулийн үйл явцыг хэрхэн нутагшуулж, гэнэт алга болсон төрийн оролцоо, халамжийг неолиберализмын эрин үед хэрхэн чадамгай ашиглаж дадсан төдийгүй, Монголд төлөвшсөн сонгуулийн үйл явц эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Зохиогч энэ бүтээлдээ, улс төр судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, сонгогчид бүгдээрээ улс төр, сонгуулийг аль болох бага зардалтай, мөнгөнөөс хамааралгүй байлгахыг мөрөөдөх боловч, сонгуулиас сонгуулийн хооронд сонгууль улам л арилжааны шинж чанартай болж, энэ нь эмэгтэйчүүд, залуучууд улс төрд оролцоход хэрхэн саад болж буйг энэ номд олон эмэгтэйн жишээгээр нотлон харуулжээ.
Чуулга уулзалт “шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах талуудын оролцоо” хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Эмэгтэй парламентчдын чуулганыгУлсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, БНСУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (КОЙКА)-ийн дэмжлэгтэйгээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
“ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГАН -2023”
Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг
хангах уриалга
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан “ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГАН-2023” оролцогчдоос шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах дараах уриалгыг гаргаж байна.
Эмэгтэйчүүд парламентад сонгогдоход тулгардаг мянган алхмыг цөөлөхийн тулд:
- Улс төрийн намууд аа:
- Хүйсийн тэгш төлөөллийг хангах амлалтаа үргэлжлүүлэн биелүүлцгээе.
- Сонгуулийн зардлыг бууруулцгаая.
- Сонгогчдын боловсролыг сайжруулахад манлайлан ажиллацгаая.
- Эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих санхүүгийн механизмыг бүрдүүлцгээе.
- Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журамд жендэрийн эрх тэгш байдлын зарчмыг хангацгаая.
- Жендэрт суурилсан аливаа төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дарамт шахалтыг арилгах, үүнээс ангид байх механизмыг бүрдүүлцгээе.
- Иргэний нийгмийн байгууллагууд аа:
- Эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих тогтолцоог бүрдүүлцгээе.
- Эмэгтэй нэр дэвшигчдийг сонгогчдод таниулах сурталчлах ажилд сайн дураар оролцоцгооё.
- Жендэрийн тэгш бус байдлын суурь шалтгааныг илрүүлэн, энэ байдлыг арилгах боломжит шийдлийг санал болгож, шилдэг туршлагаа өргөжүүлцгээе.
- Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд манлайлан ажиллацгаая.
- Эмэгтэйчүүд, залуучууд аа:
- Эмэгтэйчүүд эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжицгээе.
- Улс төрийн үйл хэрэгт оролцох, төлөөлөх эрхээ идэвхтэй эдэлж, сонгуульд нэр дэвшицгээе.
- Сонгогчдод улс төрийн идэвхтэй оролцоог үлгэрлэцгээе.
- Улс төр, нийгэм соёл дахь эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтоос салцгаая.
- Хүний эрх, жендэрийн тэгш эрхийн ойлголтыг хүн бүрт түгээцгээе.
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд аа:
- Сэтгүүлчийн ёс зүйн дүрэм, зарчмаа баримталж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллацгаая.
- Жендэрийн мэдрэмжтэй сонгогчийг төлөвшүүлцгээе.
- 2024 онд шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш төлөөллийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлцгээе.
Монгол Улс, Улаанбаатар хот
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр