Сонгууль болохоос өмнө нэг зүйл дээр тохирмоор байна аа. Санал тоолдог төхөөрөмжид итгэх ёстой юу, үгүй юу гэж.
2012 оноос эхэлж бүх шатны ээлжит болон ээлжит бус сонгуулийн саналыг автомат төхөөрөмжөөр буюу хар хайрцгаар тоолж ирсэн. Сонгууль бүрийн дараа аль нэг ялагдсан хүчин, нэр дэвшигч хэвлэлийн бага хурал хийж, сонгуулийн дүнд эргэлзэж байгаагаа хэлж, буруутанг цоллодог. Тэр нь өнөөх санал тоологч автомат төхөөрөмж буюу хар хайрцаг.
Одоо сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Нэр дэвшигчдээс тоотой нь гарна. Ихэнх нь унана. Тэгээд л дахиад хэвлэлийн бага хурлаа хийгээд, “хакерддаг хар машин”-ы тухай иргэддээ үргэлжлүүлэн ярих уу. Зарим мэдээллийг хамтдаа харцгаая.
Монгол Улс ардчилсан сонгуулийн 34 жилийн түүхтэй. Энэ хугацаанд парламентын 9 (АИХ, УИХ), орон нутгийн 8, Ерөнхийлөгчийн 8 удаагийн ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулжээ. Сонгуулийн энэ түүхийн огноог манай эриний өмнө ба хойно гэдэг шиг сонгуулийн эрх зүй өөрчлөгдөж, сонгогчийн саналыг автомат төхөөрөмж ашиглан авдаг болсон 2012 оноос өмнө ба хойш гэж хувааж болох юм.
2012 оноос өмнө ямар байсан гээч. Одоо бараг мартсан даа. Хүний хүчин зүйлээс шалтгаалдаг бүхэн маапаантай байх нь бий.
Одоо түүхэнд бичигдэх шахам болсон тэр аргуудыг хамтдаа санах гээд үзье л дээ. Сонгогчийн саналыг өөрчлөх зорилготой бөгжлөх гэж нэг арга байв. Бөгжиндөө харандаа, харандааны балыг бэхлээд саналыг гялс гэгч нь зурж хүчингүй болгоно. Бөгж бас хумсандаа хүртэл хийж давхарлаж зураад сонгогчийн үнэт саналыг утгагүй болгодог аймаар арга байлаа. Энэ аргыг нүд ирмэхийн зуур хийдэг мэргэшсэн хүмүүс ч байв. Мөн саналыг буруу уншина. Юу ч болоогүй мэт өөрийн хүний нэрийг тас хийтэл уншаад баахан хуудас руу шидэлчихэд хүний, өөрийнгүй яах ч аргагүй хоцордог байснаа ярьдаг.
Мөн дүнг буруу тэмдэглэх, урьдчилан бөглөсөн саналын хуудсаар солих, хүчинтэй саналын хуудсыг солих, саналыг тоолсны дараа солих, хулгайлах, тодорхой цагт эрчим хүчийг тасалж саналын хуудас нэмэх, эсрэг талын саналыг тоолох явцад суйлж авах гээд шилийн эрсээс давсан хулгай санал тоолох үед болдог байсныг одоогийн залуус төсөөлөх ч үгүй биз.
Э. ЭНЭРЭЛ