Нэгдүгээр сарын 13 ямар өдөр болоод нийтээр тэмдэглэх баярын өдөр болдог талаар нэг эргэцүүлж үзэцгээе. Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулдаг гэхээр нэлээн чухал өдөр байх нь. Одоогоос 100 жилийн тэртээ Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж байсан буюу анхны парламент үүсэж байсан түүхтэй. Харин Ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд баталснаас даруй 32 жилийг үдээд буй аж. Энэ өдөр Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахын ач холбогдлыг бүх нийтээр сурталчлах өдөр аж.
Анх Их Британи улс хааны эрх мэдлийг хязгаарлаж, эрх мэдлийг хуваарилсан Магна Карта гэх Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Үндсэн хуульт ёсны эхлэл ингэж эхэлсэн бөгөөд хаан нь зарим эрх мэдлээсээ татгалзаж, ёсчилж байсан нь 810 жилийн өмнө аж. 1206 онд Их Монгол Улс байгуулагдаж байхад 1215 онд Их Британийн хаан Жон эрх мэдлээсээ татгалзсан, иргэний эрхийг баталгаажуулсан хуулийг ёсчилж байжээ. Өнөөдөр Их Монгол Улс түүх болон үлдсэн бол Их Британи улс гүрэн хэвээрээ оршин тогтносоор байгаагийн нууц жор магад энэ байх.
Хүн эхээс төрөхдөө өөрийн заяамал эрхтэй төрдөг. Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хөдөлмөр эрхлэх, сонгох- сонгогдох эрх гэх мэт эрхүүд нь хүний заяамал эрх юм. Харин энэхүү эрхээ эдлэх, нэхэх, хамгаалуулах баталгааг Үндсэн хууль олгодгоороо эцэг хууль гэх тодотголын эзэн болмон. Тэгвэл иргэний энэхүү заяамал эрхийг эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээдэг. Төр эрх мэдэл хуваарилсан тогтолцоогоороо дамжуулан хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх бөгөөд нэг үгээр хэлбэл төрийн тогтолцооны үндэс нь ХҮН юм гэдгийг тунхаглаж, баталгаажуулсны нотолгоо нь ҮНДСЭН ХУУЛЬ юм. Тэгвэл өнөөдөр Ардчилсан Үндсэн хуулийн өдөр буюу миний эрхийн хамгаалах өдөр юм. Харин өөрийн эрхээ бид хаана хүртэл нь мэдэж, хамгаалж байна вэ?
Монгол Улсын Үндсэн хууль бол хүний эрхийг баталгаажуулж чадсанаараа сайн хууль гэж үндсэн хууль судлаачид үздэг. Харин Үндсэн хуульт ёс буюу бодит байдал дээрх хүний эрхийг дээдэлсэн төрийн тогтолцоо бий болж байна уу гэвэл бас тийм биш.
Үндсэн хууль гэх нэр томьёо сонсох төдийд “тэнгэрт” тэртээ хол оршдог, бидэнд хамаагүй хийсвэр зүйл мэт төсөөлөл төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид зүрх сэтгэлдээ дээдлэх нь зөв ч өдөр тутмын амьдралдаа бид энэхүү Үндсэн хуульд заасан заалт бүрээр амьсгалж, амьдарч байгаа гэдгээ ойлгох нь чухал. Амьгүй хийсвэр зүйл бус бидний өдөр тутмын амьдралын тусгал болон амилдаг “амьд” оршихуй юм. Ийнхүү биднээс алсад оршдог нууцлаг зүйл гэж ойлгож, хандсаар байгаа нь бид Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхээ хамгаалж, алдагдсан эрхээ сэргээхдээ хойрго хандаж байгаа гэхэд болно. Энэ тоолонд төр хэмээх “мангас” барьцаа улам бүр лавшруулж бид цаасан дээр эрхтэй ч амьдралд дээр “эрхгүй” амьдарч байна. Угтаа бүх хууль хүнд зориулагдсан байх ба гол дүр болох эзэн нь өөрөө тухайн хуулийн мөн чанарыг ойлгохгүй, оролцохгүй, хянахгүй бол амьгүй зүйл болж хувирдаг нь гарцаагүй үнэн.
Үндсэн хуулиар баталгаажуулсан заяамал эрхээ эдэлж чадахгүй уй гашуу, хагацал зовлонд унасан хамгийн ойрын жишээ бол КОВИД-19 цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлүүд юм. Төр өөрийн мэдэлд байх бүхий л төрийн байгууллагуудыг хүний эрхийг хязгаарлах, хааж боох чиглэлд ажиллуулсныг бид санаж байгаа. Харин одоо бид тэгш, сондгой гэх дугаарын хязгаарлалтыг хүссэн хүсээгүй дагсаар байгаа нь ч мөн бидний заяамал эрх “гацаанд” орсны томоохон илрэл. Хамгийн том жишээ бол Улаанбаатарчууд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд төр ч энэ үүргээ биелүүлэхгүй эс үйлдэл хийсээр байна.
Тэгэхээр бид Үндсэн хуулийн мөн чанараа ойлгож үүний дараагаар органик дагалдах хуулиуддаа энэхүү баталгаажсан эрхийг үндсэн мөн чанарыг нь алдагдуулахгүй шингээн хэрэгжүүлэхэд оролцож, хянаж, шаардах хэрэгтэй болж байна. Учир нь энэ хууль танд зориулагдсан шүү дээ. Та өнгөлж тордохгүй бол зэвэрч, амьгүйдэх болно. Дахин хэлэхэд Үндсэн хууль бол бидний эрхийг баталгаажуулсан, төрийн эрхийг хязгаарласан- хуваарилсан баримт бичиг юм.
Ардчилсан Үндсэн хуулийн өдрийг бүх нийтээр тэмдэглэх зорилго ч үүнд оршино. Таны ухамсартай болон ухамсаргүй сэтгэх бүх цаг үеийн гүнд Үндсэн хууль мөн чанараараа оршиж байгаа цагт бид энх тайван, аз жаргалтай амьдрах болно.
Ардчилсан Үндсэн хуулийн өдрийн мэндийг хүргэе