Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлт байнга яригдсаар ирсэн. Бид тэргэнцэртэй холбооны дэргэдэх Эко хоршооны гишүүн  Б.Ариунтунгалагтай цөөн хором ярилцлаа. Тэргэнцэртэй иргэдийг ажлын байртай болгож байгаа цөөхөн аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд ажлын байр, хамт олонтой байх нь тэдэнд санхүүгийн боломжоос гадна илүү олон боломж давуу тал олгодгийг энэхүү ярилцлагаас мэдэж болно.

– Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

 -Намайг Б.Ариунтунгалаг гэдэг. Би энэ жил 30 настай. “Эко” хоршоонд ажиллаад жил болж байна. Хамт олонтойгоо ажиллах сайхан санагддаг. Бидний хийж байгаа ажил  сонирхолтой учраас уйдах завгүй байдаг. Хүн аливаа зүйлд хичээнгүй эерэг хандлагатай байвал аяндаа бүх зүйл сайн тал руугаа эргэдэг юм билээ. Азаар би сайхан хамт олонтой, бие биенээ гэсэн сэтгэлтэй  хамт олонтой учирсан. Мэдээж надад чадахгүй зүйл их байсан. Хийж байгаа ажил маань надад сонирхолтой санагддаг. Хүн сонирхолтой ажлаа хийж байхад амжилт заавал ирдэг гэдгийг ойлгосон. Бид хийсэн бүтээгдэхүүнийхээ орлогоор цалинждаг. Миний хувьд олсон орлогоо ойр зуурын хэрэгцээндээ зарцуулдаг. Анх цалингаа авчихаад дуртай амттанаа авч идээд хувцас авч өмсөх хамгийн сайхан мэдрэмж байсан. Би эцэг эхээс дөрвүүлээ, айлын бага охин. Хэдийгээр аав ээж минь бүх талаар тусалж дэмждэг ч хүн өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгө амттайгаас гадна хамт олон дунд орж нийгэмшиж өмнөө тавьсан зорилготой байна гэдэг сайхан юм билээ.

-Танай хоршоо хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байна.  Бүтээгдэхүүнээ  гараар хийдэг үү?

-Манай “Эко” хоршоо цаасаар хувцасны сав, ваар, үзэгний сав, чихрийн таваг, ханы чимэглэл зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хамгийн үнэтэй нь ханын чимэглэл. Бүтээгдэхүүнээ бүгдийг нь гар аргаар хийж байна. Хүн бүрийн сонирхол өөр болохоор янз бүрийн хэлбэр загвараар, олон төрлийн бүтээгдэхүүн урлаж ажиллахыг хичээдэг. Энэ нь бидний ажлын чадварт туршлага  болдогоос гадна олон хэрэглэгчтэй болж байгаад таатай байдаг.  Хийсэн бүтээгдэхүүнээ хувь хүн болон “Е март”-ын гурван салбарын гэрээт захиалгаар  борлуулдаг. Бүтээгдэхүүний үнэ 8000-35000 төгрөгийн хооронд байдаг.Талхны сав гэхэд 10 мянган төгрөгөөр борлуулагддаг.

Танайд хамгийн их захиалгатай ямар бүтээгдэхүүн байна?

-Бид  бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийнхээ хүссэн загвар, хэмжээгээр хийдэг. Бидний хийсэн цаасан урлалын бүтээлүүдээс хамгийн их захиалагддаг нь төрөл бүрийн сагснаас гадна ханын чимэглэлүүд байна. Тухайлбал талх, гоо сайхны бүтээгдэхүүнээ хийх, мөн хананд суурилуулдагаас эхлээд төрөл бүрийн хэлбэр загвартай цэцгийн савнууд байна. Манай бүтээгдэхүүнүүд баяр ёслолын үеэр тэр дундаа их дээд сургуулиудын төгсөлтийн баяраар хамгийн их эрэлттэй байдаг. Бүтээгдэхүүний давуу тал сонины цаасаар сүлжиж, модны эко будгаар өнгөлж, лакаар бэхжүүлж илүү бат бөх болгож өгдөг. Норлоо гэхэд эдэлгээ алдагддаггүй. Харин ч эсрэгээрээ норох тусмаа бат бөх чанартай болдог гэдгээрээ давуу талтай. Дээр нь цэвэр эко бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг гэдгээ онцлон хэлмээр байна.

-Үзэсгэлэнд оролцсоны давуу тал нь юу байв?

-Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар боломжийн орлого олсон. Хүмүүс бидний хийсэн бүтээгдэхүүнүүдийг маш их сонирхож байна. Цаашид энэ жишээгээр үзэсгэлэн худалдаа олныг зохион байгуулаасай гэж хүсэж байна. Үзэсгэлэнд орсноор бидний хийсэн бүтээгдэхүүнүүд илүү олон хүнд танигдахаас гадна борлуулалт эрс нэмэгдэж байгаад баяртай байна.

-Танай хоршоо хэдэн онд байгуулагдав, одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна?

-Манай хоршоо  2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогийн байдлаар манай хоршоонд 10-аад хүн ажиллаж байна. Хоршоо илүү их өргөжөөсэй гэж хүсэж байна. Бидэнд ажлын байр нэмэгдэж, орлогын эх үүсвэртэй болох нь хамгийн чухал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх болон нийгмийн асуудлыг шийдэх төр засгийн бодлого оновчтой байгаасай. Наад зах нь манай хоршоо шиг бичил үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст зориулсан үзэсгэлэн олныг зохион байгуулаасай. Бидний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэж хүсдэг дээ.

Р.Болортуяа