Б.АНХЗАЯА: УЛС ТӨРИЙН НАМУУД ХУУЧИН СОЁЛОО ХАЛЖ, ДОТРООСОО ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ БОЛ ТЭСЧ ҮЛДЭХЭД БЭРХ

Улс төр судлалын магистрант Б.Анхзаяатай ярилцлаа.

-Улс төрийн намын тухай ойлголтоос яриагаа эхэлье. Улс төрийн нам яагаад байх ёстой вэ. Ямар үүрэг гүйцэтгэдэг институт юм бэ?

-Улс төрийн нам яагаад байх ёстой вэ? гэдэг асуултаас эхэлье. Хүн төрөлхтөн хэсэг бүлгээрээ хамтран амьдрах буюу хамтын нийгмийг бүтээж эхэлсэн цаг үеэс хэрхэн эв найрамдалтай, аз жаргалтай, зохион байгуулалттай амьдрах вэ? гэдэг эрэл хайгуулыг мөнхөд хийж ирсэн. Энэ бүхний эцэст хамгийн оновчтой, зохимжтой гэх хувилбар дээр дийлэнхээрээ санал нэгдээд буй нь ардчилал юм. Бидний хувьд ч энэ ардчиллын замаар төр улсаа байгуулж амьдарна гэдэг дээрээ санал нэгдсэн. Тэгвэл улс төрийг нэгэн систем гэж үзвэл түүнд оролцдог гол тоглогч бол улс төрийн нам байдаг. Улс төрийн намаар дамжуулан иргэн улс төрд оролцож, сонгох сонгогдох эрхээ эдэлдэг. Ерөнхийдөө улс төрийн нам ямар байхаас тухайн улсын төрийн систем хэр тогтвортой оршин тогтнох нь шууд шалтгаална гэж хэлж болно. Энгийнээр ингэж тайлбарлаж болох юм. Ингээд харвал улс төрийн намгүйгээр бид төр улсаа байгуулж, эмхлэх боломжгүй учир намаас татгалзах явдал буюу ардчиллаас ухарсан ойлголт хандлагатай байж болохгүй. Бид урагшлах ёстой шүү дээ. Харин хэрхэн зөв системийг төлөвшүүлэх вэ. Намыг хэрхэн зөв, ёс зүйтэй болгох вэ гэдэг дээр хэн хүнгүй төвлөрч оролцож, хяналтаа тавих нь хамгийн зөв зам болоод байгаа юм.

Засаглалын гол тоглогч нь нам юм бол тэр хэрээрээ өндөр үүрэг хариуцлагатай институт байх нь гарцаагүй болж байна. Улс төрийн намын үүргийг нарийн тодорхойлж, хариуцлага нэхэх боломжтой юм уу?

-Систем бүр өөр өөрийн үүрэгтэй байдгийн адилаар улс төрийн нам ч нийгэмд тодорхой үүргүүдийг хүлээж байдаг. Нам судлаачид улс төрийн намын үүргийг өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байдаг бол хамгийн давтагдаж байгаа түгээмэл үүргүүд бол нийгмийн төлөөллийг хангах, нийгэмшүүлэх, ашиг сонирхлыг нэгтгэх, улс төрийн соёл, хариуцлагыг хэрэгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай харилцах зэрэг орно. Ардчиллын замыг сонгосон улс бүрийн хувьд намын төлөвшлийн асуудал одоог хүртэл том сорилт хэвээр байна. Улс төрийн намын үүргийн онолын түвшинд батлахаас гадна хариуцлагын механизм дагаж яригдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн нам үүргээ ухамсарлаж хэрэгжүүлэх хөшүүрэг шаардлагатай болдог. Үүнийг улс төрийн намын санхүүжилтээр шийдсэн улсууд цөөнгүй. Улс төрийн намын соёлд нь даатгаад үлдээсэн алдаанууд манай улсаас эхлээд цөөнгүй. Харин өнгөрсөн УИХ-ын хаврын чуулганаар хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын Сонгуулийн тухай хууль, тэр тусмаа Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт нь энэ алдаагаа засах хүчин чармайлт гэж харж байна. Харин одоо манай улс төрийн намуудын хийх ажил л үлдээд байна.

Ирэх 2024 оны сонгууль их онцлогтой. Гурван том суурь хуулийн өөрчлөлтийг шингээсэн сонгууль болно гэсэн хүлээлттэй байгаа…

-Яг тийм маш өндөр хүлээлттэй байгаа. Монголын хувь заяаг богино болон урт хугацаандаа шийдэх маш ач холбогдолтой сонгууль болно. Энэ утгаараа сонгуулийн гол тоглогч болох улс төрийн намуудын хувьд маш хариуцлагатай сонгууль болж таарна. Өнгөрсөн хавар хийгдсэн реформын шинжтэй өөрчлөлтүүдийг “амилуулах” гол хүч улс төрийн намуудад бий. Харин намууд энэхүү өөрчлөлтөд хэрхэн бэлдэж, ач холбогдол өгч байгаа вэ гэдэг дээр хүн бүр дор бүрнээ дүгнэлт хийж байгаа байх. Нөгөө талаараа намууд ч хамгийн таагүй институт болтлоо унасан нэр хүндээ аврах боломж гэж харж байна. Хуучин соёлоороо буюу мөнгөтэй эрх мэдэлтэйд нь боломжийг олгосон нам Монголын улс төрийн тавцнаас арчигдах эрсдэлтэй гэдгийг намууд өөрсдөө ухамсарлах нь чухал юм.

Ер нь улс төрийн намд хэн хариуцлага тооцож, таны хэлснээр хэн хөрснөөс нь арчдаг юм бэ?

-Мэдээж гол хүч сонгогчдод бий. Өнгөрсөн хугацаанд иргэний боловсрол, сонгогчдын боловсролын санаатай болон санаандгүйгээр орхигдуулж ирсэн. Ерөнхийдөө иргэний нийгэм, олон улсын донор байгууллагууд л энэ чиглэлд анхаарч ирснээс биш эзэнгүй орхигдсон зүйл.

Улс төрийн боловсрол өндөртэй иргэд өдөр тутамдаа улс төрийн амьдралд оролцож, дуулиан шуугианд автаад байхгүй ч өөрт оногдсон эрх үүргээрээ дамжуулан улс төрийн системээ эрүүлжүүлж, дүнгээ маш бодитоор тавьж байдаг. Нөгөө талд улс төрийн боловсролыг хамгийн өргөн хүрээнд, үр дүнтэй олгож чадах институт бол улс төрийн нам байдаг. Намын улс төрийн боловсролд оруулах хувь нэмрийг үгүйсгэж болохгүй гэдгийг ойлгоод Улс төрийн намын хуулийн өөрчлөлтөөр үүнийг тусгаж өгсөн харагдсан. Гэхдээ намууд дотроосоо цэвэрших, жижиг эрх ашигт бус том эрх ашигт хөтлөгдөж ирэх сонгуульд оролцохгүй бол Монголын нөхцөл байдал улам дордох эрсдэлтэй. Үүнээс гарах амаргүй байх нь мэдээж. Энэ утгаараа ирэх жилийн сонгууль хэн бүхний хувьд маш хариуцлагатай сонгууль болох нь эргэлзээгүй.

Улс төрийн соёл төлөвшсөн улсуудад улс төрийн намд элсэх, намын гишүүн байх нь нэр төрийн хариуцлагатай үйл явдал байдаг бол манай улсад арай өөр дүр төрх бий болоод байгаа. Улс төрийн намын нэр хүнд ингэтлээ унах болсон шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Улс төрийн намыг улс төрийн гол институт гэж харахаас илүүтэй эрх мэдэл, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл төдий ойлгож ирсэн нийтлэг ойлголт, дүр зураг нууц биш. М.Веберийн хэлдгээр улс төрийн ачаар амьдралаа залгуулах хүсэлтэй хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл нь улс төрийн нам өөрөө болчихоод байгаа. Үүнээс улбаатай засаглалын хямрал нүүрлэсээр, намууд ч чанартай хүний нөөцийн дутагдалд ороод буй. Нэг зорилгоор нэг тэргэнд суусан намын гишүүд, удирдлагууд нэг нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй байгаа нам өөрөө өөрийгөө дотроосоо ялзруулж байгаа процесс юм. Хамгийн том учир шалтгааныг намын санхүүжилттэй холбож тайлбарлаж болно. Улс төрийн намын тухай шинэ хуулиар улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхээр тусгасан.

Өөрөөр хэлбэл улс төрийг иргэд татварын мөнгөөрөө санхүүжүүлнэ гэсэн үг. Үүнийг дагаад хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх хэлэлцүүлгүүд өрнөсөөр байна. Нам муухай, намаас хол байх ёстой гэдэг ойлголт түгээмэл. Энэ нь хандлагын хувьд маш том төөрөгдөл гэдгийг хэлмээр байна. Учир нь намууд улс төрийн системийн гол тоглогч байх нь гарцаагүй. Намыг үгүйсгэх, зугтах гэхээсээ илүүтэй намыг өөрчлөх, төлөвшүүлэх л зам бидэнд байна гэсэн үг.  Энэ бүгдээс зугтаагаад байх тусам асуудал улам томорсоор байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгүүлч: С. Нандин-Эрдэнэ

Speak out

Иргэд улс төрийн намын талаар ийн ярьж байна.